Dardas.mn мэдээллийн сайт нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг мэдлэгжүүлэх, мэдээ мэдээлэл түгээх, сэрэмжлүүлэхэд чиглэсэн цуврал нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
Манай улс ундны усны хомсдолд өртөх магадлалтай орны тоонд хэдийнэ багтах болсон ч гадаргын усаа нөөцөлдөггүй урсгасаар байдаг. Үүний улмаас нийслэлд зундаа үер болж, хавартаа шар усны үерийн аюул нүүрлэх болсон билээ. Тиймээс энэ удаа аливаа аюул тулгарсан хойно бус урьдчилан сэргийлэхэд бидэнд юу хэрэгтэй ямар шийдэл байгаа, мөн усаа хэрхэн хэмнэх боломжтой талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.
-Улаанбаатарт шар усны үер болж байна. Өнгөрсөн зуныхтай адил олон өрх усанд автаж, нүүлгэн шилжүүллээ шүү дээ. Бид өвөлдөө мөс зөөж, зундаа шороо шуудайлсаар байх уу. Танаас шийдэл асуух гэж ирлээ. Үүний шийдэл нь юу юм бэ?
-Аюултай бүсэд битгий буу. Ганц айл биш цаана нь 4900 хашаа байна. Аль хэдийнэ дөрвөн хүний амиар “төлсөн” шүү дээ. Өнгөрсөн зуны үерээр дөрвөн хүний амь яагаад үрэгдсэнийг хэн ч ярихгүй байна. Би яриад өгье. Миний мэдэхээр 50 орчим жилд огт үерлэж байгаагүй хоосон жалга байсан юм. Түүнийг барилгын хог хаягдлаар дүүргэж засаад дээр нь олон айл суурьшсан. Гэтэл энэ зуны үер тэр жалгаар урссан. Зүйрлүүлж хэлбэл, галт уулын лав мэт хашаа, хүн тогтоож дийлэхээргүй барилгын элдэв хог урсаж ирсэнээр 14 настай хүүхэд гэртээ сууж байгаад цаг бусаар амиа алдсан. Найман сартай нярай эндлээ.
Хог биш үерийн ус урссан бол дөрвөн хүний амь эрсдэхгүй байсан юм билүү. Хүмүүс халиа тошингоос сэргийлж мөс зөөснийг сайн муу янз бүрээр ярьж байгаа. Утасны дэлгэцээс харахад багахан зардалтай энгийн ажил мэт харагдавч хотынхон шийдвэртэй арга хэмжээ авч аюулыг зайлуулж чадсанд нь алга таших ёстой. Хамгийн гол нь усныхны яриад байгаа үерийн хамгаалалт алга. Таны асуултад өгөх миний хариулт бол Улаанбаатарт байгаа 4900 хашаа байшинг нүүлгэх, түүнийг дагасан нүхэн жорлонг устгах, 4400 байшинг нураах ёстой. Өчигдөр нэг уул уурхайн компани хуурай сайрыг гол биш ус нь хаана байна гээд яриад сууж байна билээ. Гэтэл хүний чигчий хуруунд судас байхгүй ч хатгахад цус гардагтай адил сайр бүр гол. Тэр байтугай жалгыг ч хамгаалалтад авах ёстой юм.
-4000 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ гэдэг маш нүсэр ажил болно. Гарах зардал нь ч их болох байх?
-4400 байшин, 4900 хашаанд амьдарч байгаа 100 мянган хүний амь насыг аврахын тулд л нүүлгэн шилжүүлэх ёстой юм. Түүнээс биш тэр байшинг нураах эрх зүйн үндэс, гарах зардал хэд байх нь мянга байтугай нэг хүний амь насны хажууд юу ч биш. Хүний амь насны төлөө ярьж байгаа шүү.
-Жил бүр үерийн аманд буухгүй байхыг сануулдаг ч айл өрхүүд амьдарсаар байдаг. Нэгэнт өмчилчихсөн учраас нүүж чадахгүй байх шиг?
-Төрийн эрхзүйн доктор хүний хувьд өмч гэж юу болохыг хэлье. Хуулийн дагуу бий болсон баялгийг өмч гэдэг юм. Үүнийг Үндсэн хуулиар хамгаалдаг. Хууль зөрчиж бий болсон бол энэ өмч биш. “Авлига” гэх хороолол голын татам дотор Монгол Улсын бичигдмэл эрхзүйн хууль болоод байгалийн хуулийг зөрчиж баригдсан. "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэгчээр 20-хон см зузаантай цементэн хашаа барьчихаад түүнийгээ далан гэж нэрлэсэн. Өнгөрсөн жил Туул үерлээгүй шүү дээ. Зөвхөн Сэлбэ үерлэж, 3-4 метрийн өндөртэй ус ирсэн. Усныхны тооцдог 100 жилд нэг удаа болдог үер болвол Сэлбэ гол 3-4 давхар өндөр болно. Ингэвэл голын эргийн байшингууд бүгд домино шиг унана. “Авлига” хороолол ганцаараа нурахгүй. Аль хэдийнэ домино үүссэн. Нэг нь унахад ар, араасаа яаж унадгийг бүгд мэднэ.
-Зарим мэргэжилтнүүд өнгөрсөн жил үер болох хэмжээний бороо ороогүй гэж яриад байгаа шүү дээ?
-Байгаль үерлэх үедээ үерлэнэ. Хүний цус хэзээ өтгөрч, хэзээ шингэрдгийг бид өөрсдөө мэддэггүйтэй ижил. Сэлбэ гол шагайн чинээ байхад “үерлэнэ шүү” гэж намайг хэлэхэд “Битгий тэнэгт. Наад голоо устай байлгавал их юм” гэх хүн байсан. Одоо тэр хүнээс ам асуумаар санагддаг. Хүний цусыг бүлэгнэл тогтоон барьдаг шиг үерийн усыг тогтоон барих хамгаалалт нь намаг юм. Тэр намгийг бүгдийг устгаж дээр нь байшин бариад амьдарч байна. Бороог дээрээс орж байгаа усаар төсөөлж болохгүй. Цаана Чингэлтэй хайрханы тэнд орсон борооноос болж үер орж ирнэ гэдгийг л ойлго.
Байгалиас тусад нь ярихаа болимоор байна. Ус урсдаг газраараа л урсана. Сэлбэ голыг хүнээр ярихад бүлэгнэж чадахаа больсон бохирдсон цус. Үүнийг хамгаалах зүйл нь үерийн хамгаалалтын далан. Харамсалтай нь дахиад үер болно. Хажуугаар нь ган болно.
-Та 2024 онд Сэлбэ гол дахиад үерлэнэ гэлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ч бас ингэж хэлсэн байсан?
-Муу амлаж байна гэж бодох вий. Усны судлаачид 1996 оноос 2008, 2009 он хүртэл буюу дунджаар 12 жил ус багатай жил үргэлжилнэ гэж тооцож байсан. Гэтэл 2015, 2016 он хүртэл усгүй жилүүд үргэлжилсэн. Байгалийн эргэлт ёсоор 12 жил гэж тооцвол 2030 он хүртэл устай жил үргэлжилнэ. Ганцхан Сэлбэ гол дээр биш. Сэлбэ голд хэзээ ч халиа тошин үүсэж байгаагүй. Гэтэл Ногоон нуур болон бусад барилгын усыг шавхаж Сэлбэ рүү юүлснээс энэ өвөл халиа тошин үүссэн. Хөрсний усны түвшин яг одоо урьд жилүүдээс ч илүү болсон байгаа.
- Нэгэнт үер болох нь тодорхой юм бол бид одоо яах вэ?
-Уучлаарай, хэцүү нь мэдээж. Гэхдээ айлуудаа нүүлгэ. Бидний хамгаалалтын бүс гэж яриад байгаа чинь энэ.
-Айлуудаа нүүлгэлээ гэж бодъё. Орон сууцныхаа өрхүүдийг яах вэ?
-Хэрвээ амьд үлдэе гэж бодвол тэр байшингаас нүү. Байшинг нураа.
-Нураахгүй байх гарц шийдэл байна уу?
-Сэлбэ голын эхэнд усан сан барьж хамгаалалт хийх боломж бий. “Сэлбэ сэргэлт” төслийн үерийн хамгаалалтын барилга байгууламж барих санаачилгыг дэмжиж байгаа. Сэлбэ дагуу татамыг нь багасгаж машин зам барина гэдэгт харин эргэлзэж байна. Бид ямар газар амьдарч байгаагаа эхлээд мэдэх ёстой болов уу. Сэлбэ голын ус ихэвчлэн тогтмол байдаг байлаа. Хоёр талдаа 200 орчим метрийн өргөн намагтай. Намаг нь ус багатай үед хатаж Сэлбийг тэжээж, ус ихтэй үед нь өөртөө шингээж голоо тэжээдэг байсан. Гэтэл Хандгайт, Майхан толгойгоос эхлээд бүгдийг нь авч хаясан. Мод хатгаж гарч ирсэн усаар нь намгийг хатааж байгаад байшин барьж байсан. Тэр ажиллагааны үр дүн одоо гарч байна. 2024, 2025 онд хэрвээ үер болохгүй бол намайг худалч гэж ярих байх. Мэдээж тэгэж болно, надад хамаагүй. Гэхдээ 2035 он, 2065 онд үр ач нарын чинь амь насны тухай асуудал яригдана. 2023 оны аймшигт үерийн шалтгаан 2010 он хавьцаа байсан юм шүү.
Нэг айл эсвэл нэг үнэтэй машин усанд автах тухай асуудал яриагүй байна. Амь насны асуудал ярьж байгаа учраас барилгын ажлыг зогсоо, усан сан барья гэж яриад байгаа юм.
-Усан сан барихад юу саад болоод байгаа юм бэ?
-Мөнгө. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд 5.3 их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ бол Монгол Улсын төсвийн дөрөвний нэг нь. “Өөрөө олон жил бизнес хийсэн, гадаадад амьдарсан хүн байж яагаад барилга нураана гэж яриад байгаа юм бэ. Нураахгүй байх арга нь юу байна” гэж хүмүүс гайхдаг.
Гэтэл нураахгүй байх арга нь мөнгө гаргаж усан сан, хамгаалалтын далан барих. Тэр хамгаалалт нь барилгынхаа хажууд биш байхгүй юу. Сэтгэлгээгээ задлаач, тэр эхэнд нь бариач. Сэлбэ 34-хөн км урсдаг. Өнгөрсөн жилийн аюул 5-6 км дотор л болсон.
Голын хажууд чийгтэй хөрстэй газарт усыг нь зайлуулж байгаад байшин бариад, тэнд иргэдийг үүрд амьдруулна гэвэл өрөөсгөл. Барилгын компаниуд ашиг харах биш ирээдүйг харах ёстой. Энэ бүхэн хамаагүй байшиндаа амьдарна гэж байгаа бол байшин чинь нурахгүй байх баталгаатай юу гэдгийг бодох ёстой.
-Усан санг улсын төсвөөс барьж чадахгүй юм бол олон улсын санхүүжилтээр барих боломж бий юу?
-Маш олон талаар ажиллах гэж оролдож байгаа. Олон улсын санхүүжилт байж болно. Гэхдээ усанд маань эзэн сууж магадгүй учраас бизнесийн төсөл явуулж болдоггүй. Канбож 1990-ээд оны үед Францтай 20 жилийн гэрээ байгуулж цэвэрлэх байгууламжаа өгсөн. Гэрээний дагуу үнээ тогтвортой барьж, цэвэрлэх байгууламжийг нь сайхан болгосон байдаг. Ингээд 20 жилийн дараа гэрээ нь дуусахад бизнесийн байгууллага учраас ашиг олохын тулд үнээ нэмж эхэлсэн. Эцэстээ Канбожийн иргэд бохирынхоо мөнгийг төлж дийлэхээ байсан. Яг үүн шиг ашгийн төлөө байгууллагыг цэвэр байтугай, бохир усны асуудалд оруулж болдоггүй. Нэг зүйлийг та ойлгоорой. Хэн нэгэн Чингис хаан шиг хүн төрөхөөрөө усан сан барьчихдаг юм биш. Усан санг барихын тулд нийгмийн 70-80 хувь нь ижил ойлголттой болох ёстой.
-Тэгэхээр ойрын хэдэн жилдээ усан сан барих нь худлаа гэж ойлголоо?
-Ус үнэхээр чухал гэдгийг иргэдэд ойлгуулж чадвал ойрын хэдэн жил гэлтгүй хоёрхон хоногт ч барих боломжтой. Төр засаг ард иргэдийн хүслийг хангах ёстой. Цалин нэм гэхэд цалин нэмж байгаатай адил иргэд хүсвэл шийднэ. Ус нийгмийн оршин тогтнох үндэс болж байгаа учраас бүх нийтээрээ нэг ойлголттой болох нь чухал байна.
-Жижиг усан сан барьвал гарах зардал нь багасах байх. Ер нь хэдий хэмжээний төсөв шаардагддаг вэ?
-Өнгөрсөн жилийн тооцооллоор хааш, хаашаа 500 метр усан сан 400-500 орчим сая төгрөг болж байсан. Мэдээж зардал гарах нь ойлгомжтой. Гэхдээ сумын ойн наадмын түрүү морьдын уралдааны бай шагналд хэдийг өгдөг билээ, түрүү бөхийг хэдээр шагнадаг билээ. Тэрний оронд усан сан, нуур байгуулбал ямар вэ. Үертэй үед нэг усан сан байгуулаад авчихвал дараа нь ган болсон ч тэр усан сангаа дуустал голоо тэжээнэ. Эдийн засгийн асар их үр ашигтай.
-Та саятан хотууд дундаас ганц Улаанбаатар л усан сангүй байна гэж ярьсан байсан?
-Дэлхий дээрх саяас дээш хүн амтай хотуудыг судлаад үзэхээр бүгд усан сантай байдаг. Гадаргын усаа хуримтлуулах замаар усныхаа асуудлыг шийдсэн. Монголд бол 300 худгаасаа тэжээж байна. Гэтэл Туул голын сав газраас авч болох усны боломжит нөөц хоногт 256 мянган м.куб. Өнөөдрийн бидний ашиглаж буй хэмжээ 300 мянган м.куб. Яг 300 мянга уу гэж асуувал би унана. Яагаад гэвэл 160 мянгыг УСУГ-аас, 50 орчим мянгыг цахилгаан станцууд, үлдсэн 100 орчим мянган м.куб усыг нь Улаанбаатар дахь 17 мянган худгаас авч байна гэсэн тооцоотой байна. Хоёр юм дутуу байгаа. 17 мянган худаг гэдэг нь худлаа тоо. Ихэнх айл худгаа мэдүүлдэггүй. Барагцаа тооцоогоор 30 мянга хүрчихсэн болов уу. Хэрвээ 30 мянга хүрсэн бол худгийн усны хэрэглээ 200 мянган м.куб хүрсэн байх магадлалтай. Ирээдүйд яах вэ. Энэ 17 мянган худгийг эрс цөөрүүлж бүх худгийг төвлөрсөн шугамд холбох хэрэгтэй. Тэгж байж л сайхан хотын тухай асуудал яригдана.
-Манайх хэдийнэ ундны усны хомсдолд орох магадлалтай орны тоонд багтах болсон. Гэсэн ч гадаргын усаа хуримтлуулдаггүй?
-Миний саятан хот атлаа усан сангүй гэж хэлсэн учир чинь энэ юм. Вена гэж хот бий. Олон зүйлээрээ алдартай. Крантнаас гарах ус нь хамгийн цэвэрхэн байдаг. Вена хот дөрөвхөн горхиноос бүрддэг. Манай Сэлбэ голоос жижигхэн. Тэр дөрвөн горхи дээрээ 1100 босоо усан сантай. Нарийн хоолойгоор горхиноос усыг нь цуглуулаад түүнээсээ хорооллуудаа усаар хангадаг. Вена хотод саятан байсан ч худаг гаргахгүй. Харин 1100 усан сангийн аль нэгээс л усаа авна. Мөн газар дор дөрвөн метрийн өргөн, таван метрийн өндөр хоолойнуудтай.
Тэр хоолойнуудаа бүгдийг усан сан болгосон. Усан сан гэхээр монголчууд нуур цөөрөм гэж ойлгодог. Гэтэл дээврийн усаа цуглуулах чинь усан сан барьж байгаатай адил.
Улаанбаатар хотод гэр хорооллын болоод зуслангийн байшингуудыг оруулахгүйгээр 270 орчим мянган байшин бий. Байшин бүр 1000 метр.кв дээвэртэй гэж тооцоход 20 минутын борооноор 269 мянган м.куб усыг нөөцлөх боломжтой. Улаанбаатар хотын хоногийн ус. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бүтэн жилийн хэрэглээний ус.
Усны нөөц гэж ярихаар банканд байгаа хадгаламж шиг ойлгодог. Байшин бүр дээврийнхээ усыг цуглуулдаг болчихвол үерийн ус 30 хувиар багасна. Үерийн хамгаалалт жижиг зүйлээс эхэлнэ. Борооны усыг зайлуулах хоолой гэж ярьдаг. Угтаа хор хохиролтой юмыг зайлуулдаг биз дээ. Хамгийн чухал усаа зайлуулах биш хуримтлуулах ёстой. Миний тооцоогоор Улаанбаатарт 680 мянган нүхэн жорлон бий. Зарим хүмүүс хэтрүүлж байна 150-300 л бий гэдэг. Энэ тоог 17 мянган худагтай харьцуул. Нэг худгийг тойроод 30-40 нүхэн жорлон байна. Улаанбаатар хотын хөрс цэвэр байх үндэс байна уу.
Үерийн дараа голын ус багасахад тайвширсан. Гэтэл Сэлбийн эргийн орчмын хорооллын оршин суугчид, хүүхдүүд өвдсөн. Шадивлан, Сэлбэ голын эх, Туул гол орчмын уснаас гэдэсний савханцар илэрсэн талаар бид есдүгээр сард мэдээлсэн. Хэн ч тоогоогүй. Дараа нь Зайсанд илэрлээ гэхэд байшингаа зарах гэж байсан нөхөд эмзэглэсэн. Улаанбаатар хотын 1.5 сая хүний нэг нь өвдөхөд бүгд өвддөг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөөсөө усны асуудал хэн нэгэн хүний асуудал биш. Бид бүгдийн асуудал. Үеийн хамгаалалт, цэвэр бохир усны асуудлаа хамгийн түрүүнд ярих хэрэгтэй ч бид төгсгөлд нь хаядаг.
-Усыг дахин ашиглах гэснээс машин угаалгын газруудыг нэгдүгээр сарын 1-нээс цэвэр ус ашиглахыг нь хориглосон. Үр дүн гарсан уу?
-Хоёр янзын арга байсан. Нэгдүгээрт, усыг нь шууд хаах. Хоёрдугаарт, цэвэр ус битгий ашиглаарай буруу шүү гэж зөөлөн арга хэрэглэх. Бид хоёр дахь аргыг сонгосон. Одоо ард иргэдээсээ тусламж хүсэж байна. Улаанбаатарт байгаа машин угаалгын газруудын 20 гаруй нь усыг дахин ашиглаж байна. Бид тэднийг зарласан. Иргэд машинаа угаалгахдаа усаа дахин ашигладаг газрыг сонгодог байгаасай гэж хүсэж байгаа юм. Угаалгын газарт ороод цэвэр усаар угаадаг гэвэл “уучлаарай би хүүхдийнхээ ирээдүйд уух усаар машинаа угаалгамааргүй байна” гэж хэлээд гардаг байгаасай. Усны асуудлыг гол шийдвэрлэгч хүчин зүйл нь ард иргэд буюу хэрэглэгч өөрсдөө. 640 мянган машины жолооч нар газар бүрд ингэж хэлээд байвал машин угаалгын газрууд дор нь асуудлаа шийднэ. Ер нь бол машин угаалгын газрууд бүгд бэлэн болсон байгаа.
-Машин угаалгын газрууд жилд 125 мянган м/куб цэвэр ус хэрэглэдэг. Цэвэр уснаас татгалзъя гэхэд ийм хэмжээний саарал ус байгаа юу?
-“Эм Си Эс” компани жилд 360 мянган м/куб буюу машин угаалгын газруудын 2-3 жилийн хэрэглээг хангахуйц цэвэршүүлсэн усыг бохир руу хийдэг. Машин угаалгын газрууд энэ усыг ашиглавал саарал усыг эргэлтэд оруулах зөв менежмент рүү орох юм. Хэрэггүй ус гэж байхгүй, ус дахин ашиглалт л нэмэгдэнэ.
-Усны асуудалд сүүлийн үед гарч буй ололт амжилт юу байна вэ?
-Ямар ч байсан хүн бүр “ус ямар хамаатай юм бэ” гэж хэлэхээ больж байна. Үүнд хамгийн их баяртай байгаа. Хоёрдугаарт, усны газрын үйл ажиллагааг цахимжуулна. Үүний үр дүнд хаана, хэзээ, хэрхэн, хэдэн литр ус хэрэглэж байгааг хянадаг болно. Үүнийг мэдэж байж усаа яах вэ гэдгээ шийддэг болно.
Улаанбаатар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.4 хувийг эзэлдэг боловч нийт худгийн дөрөвний нэг нь тэнд байна. Дахин худаг гаргах ямар ч үндэслэлгүй. Дээр нь нүхэн жорлонгоос болоод худаг бохирдолтой байх магадлалтай.
Иргэд мэдээлэлтэй болчихвол худаг ухахаа больё, голын татамд байшин барих боломжгүй гэдэг үгийг ойлгодог болно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг усандаа таарсан төлөвлөлт хийж эхлэх байх. Улаанбаатар хотын хүн амын тоог усны нөөцөөр нь тодорхойлвол одоогоор 500-600 мянган хүнд л хүрэлцэнэ. Туул гол дээр усан сан барьж байж одоогийн 1.5 сая хүн амьдрах боломжтой. Хоёрдугаарт, усан сан барилаа гэж бодоход тэр их ус Туул голоор дамжаад цаашаа явчих гээд байна. Үүнийг доод талд нь дахиад усан сан барих байдлаар шийдэх боломжтой. Та хэрвээ сонссон бол 330 нуур бариад эхэлсэн. Сум бүр нэг нууртай болно.
Улаанбаатарт байгаа би яаж хувь нэмрээ оруулах вэ гэж бодож байж магадгүй. Тэгвэл байшингийнхаа дөрвөн талд поошиг тавьчих. Хүн одоогийн сармагчнаас ялгарч ирсэн үндэс нь усны нөөц. Шанага гэдэг зүйлийг бодож олсон цагаас хүн сармагчнаас салсан. Энэ бол усны нөөцийн хуримтлал. Усны нөөцийн хуримтлал гэхээр агуу томоор бодох хэрэггүй. Шүдээ угаахдаа стаканд ус хийх нь, дээврийнхээ усыг хуримтлуулах, аягаа цуглуулж байгаад нэг удаа угаах нь усны нөөцийн хуримтлал юм. Цаашлаад Туул голоо аврах хэмжээний усан сан барья. Эсвэл Сэлбэ, Улиастай голд жижиг усан сан барих замаар үерийн хамгаалалт барья. Энэ бүр өөрөө дэвшил болох ёстой.
-Бидний саналыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.
Үргэлжлэл бий...