Энэ жилийн баяр наадмын нээлтийн талаар эмх цэгцтэй, утга агуулга сайтай, Монгол хүн гэдгээ улам бүр мэдрэх, омогшихоор сайхан боллоо гэсэн наадамчин олны сэтгэгдэл маш өндөр байна. Энэ жилийн наадмын нээлтийн Ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Наадамчин олны сэтгэгдэл маш өндөр байна. Та бүхэн олон сараар бэлтгэсэн ажлаа наадамчин олондоо сайнаар дүгнүүлж чадлаа гэж харж байна. Баяр хүргэе
- Баярлалаа. Монгол түмнийхээ энэ их өв соёлыг, ард түмнийхээ эв нэгдлийн баталгаа болсон, үндэсний дархлаа, бахархал болсон наадмыг нээх хүндтэй үүргийг хүлээн авсан өдрөөсөө эхлэн манай хамт олон Монголын ард түмний нүүдэлчин өв соёлыг орчин үеийн техник технологийн шинэчлэлтэй хослуулж, “Эх дэлхий- Энх оршихуйн цадиг”сэдвийн дор бид олон утга агуулгыг нэгтгэн харуулахыг хичээн ажилласан. Өнөөдөр үр дүнгээ хараад бид ч бас сэтгэл өндөр байна. 42 м урттай, бүрэн автомат тайз, бөмбөгөр хэлбэртэй дэлгэцийг наадамдаа зориулж бүтээсэн, 1300 орчим уран бүтээлчид оролцсон этник ,театрчилсан тоглолт гэдгээрээ онцлог.
- Энэ том ажлын ард маш олон байгууллага,хүмүүсийн хамтын ажиллагаа, дэмжлэг байгаа байх, энэ тухай тодруулбал?
- Тэгэлгүй яах вэ. Монгол түмнийхээ наадмын нээлтийг сэтгэл дүүрэн хийхийн төлөө маш олон байгууллага, хүмүүс санаа чилээж, хамтдаа нэг зорилгын төлөө хичээн, маш сайхан хамтран ажиллаа. Бид богино хугацаанд төлөвлөсөн ажлуудаа амжуулахад МУ-н Засгийн газар, Шадар сайдын ажлын алба,Соёлын яам, Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооныхон болон Нийслэлийн удирдлага гээд холбогдох бүх л байгууллагынхан маань дэмжин ажиллаж, бидэнд шаардлагатай санхүүжилт болон бусад дэмжлэгийг үзүүлж байсанд талархаж байна. Соёл урлагийн удирдлага, зохион байгуулалтыг олон жилийн туршид хийж ирсэн туршлагатай зөвлөх, үндэсний хороо болон соёлын дэд хорооны гишүүд биднийг шинэлэг олон зүйлийг зориг гаргаж хийхэд итгэл хүлээлгэн дэмжиж,урам өгч, бас үнэтэй туршлагаа харамгүй хуваалцаж байсан нь тун чухал байлаа.
Тэр дундаа Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлага, холбогдох нэгжүүд энэ жилийн наадмыг илүү эмх цэгцтэй, иргэддээ тухтай байлгах тал дээр анхаарч, богино хугацаанд маш их бүтээн байгуулалт, шинэчлэлт хийж болдог гэдгийг харуулж чадсан. Төв цэнгэлдэх хүрээлэн хэрхэн шинэчлэгдэж, наадамчин олонд ямар тухтай байгааг харж байгаа байх. Энэ ч бас биднийг төв цэнгэлдэх хүрээлэндээ бэлтгэлээ хийх, төлөвлөсөн тайзны бүтээн байгуулалтаа цагтаа багтаан хийх зэрэг үйл ажиллагаагаа явуулах маш том дэмжлэг байлаа. Мөн бид нээлтийн тоглолтдоо багтсан утга агуулга, жижиг хэрэглэл, хувцас, үндэсний хөгжим зэргээ төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ гадна талбайд үзэсгэлэнгийн хэсгүүд гаргаж ажиллах боломжийг олгосон нь бид зөвхөн тайзан дээрээс харуулаад өнгөрөх бус үзэгчид дэргэдээс нь харах, утга агуулгыг илүү ойроос ойлгох,мэдрэх боломжтой болгож байгаа юм.
- Олон жилийн туршид хүмүүсийн дунд наадмын нээлтийг оройн цагаар хийх тухай ярьж байсныг өчигдөр та бүхэн бодит болголоо. Өчигдөр оройн үзэгчдийн сэтгэгдэл ямар байсан бэ?
- Энэ бол яалт ч үгүй монголчуудын олон жил ярьж, хүлээж байсан зүйл. Энэ жил наадмын оройн нээлтийн тоглолт хийх шийдвэр богино хугацаанд гарсан ч дараа жилүүдэд эртнээс бэлтгэлтэйгээр хийвэл бүрэн боломжтойг, үзэх хүсэлтэй хүмүүс ч их байгааг харлаа. Өчигдрийн хувьд үзэгчид маш сайхнаар хүлээн авсан. Уран бүтээлчид маань ч бас тэр хэмжээгээр урамтай сайхан байлаа. Манай багийн хувьд ч том сорилт байлаа. Манай багийн хувьд өөрийн ажил, салбартаа олон жилийн туршлагатай, шинэлэг ажил бүхний ард байдаг, сэтгэл нэгдсэн, хүчтэй хүмүүс байгаа учраас бид анх санаж зорьсон бүхнээ гүйцэлдүүлж чадаж байна гэж Ерөнхий продюсерын хувьд хамт олноороо бахархаж байна.
- Энэ жилийн наадмын нээлтийн хөтөлбөрт онцлох гол ажлуудыг та товчхон дурдвал?
- 21 аймгийн 6-87 насны соёлын өв тээгчид оролцлоо. Эртний түүхийн олдворын нэг хэсэг болсон Алтайн ятга хөгжмийг бид тайзнаа эгшиглүүлээ. Гадны жуулчдад зориулсан, наадмын мэдээлэл болон нээлтийн хөтөлбөрийн агуулгыг 6 хэл дээр харах боломжтой онлайн хөтчийг бүтээж, түүнийг QR хэлбэрээр тасалбаруудад байршуулсан нь гадны зочдод наадмын агуулгыг илүү сайн ойлгон үзэх боломжийг анх удаа бий болголоо. Наадмын нээлтэд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн төлөөллийг оролцууллаа. Тэдгээр хүүхдүүдийн төлөөлөл оролцож байгааг НҮБ, түүний харьяа байгууллагуудаас онцлон талархаж, бас дэмжин оролцсонд бид бас баяртай байна.
Хамгийн чухал онцлох зүйл бол “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” сэдвийн дор бид эх дэлхийн үр сад, бид амьдран буй эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй, монголчууд бидний үүх түүх гэдэг дэлхийн үүсэл,хөгжилтэй салшгүй холбоотой төдийгүй бидний өвөг дээдэс хэзээнээс байгаль дэлхийгээ хүндэлж, хайрладаг нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг, соёлд бүрэн шингэсэн байдгийг харуулахыг бид хичээсэн юм.