ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаадын “тагнуул” Монгол Улсад нэвтэрсэн үү

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-03

Тагнуулын Ерөнхий газраас Баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокийн байранд баривчилгаа хийх тухай мэдээлсний дагуу манай сонины сурвалжлах баг тус байрыг зорилоо. Биднийг очих үед С блокийн байр луу орох орцны урд талын авто замд цагаан улаан туузаар эргэн тойрны 50 метрт хязгаарлах бүс тогтоожээ. Хамгаалалтын хувцас өмсөж нүүрээ халхалсан албан хаагчид хоёр хоёроороо хязгаарлалтын туузны дотор талд зогсож харагдав. Ажиллагааны явцад цэнхэр өнгөтэй нэг, ногоон өнгөтэй хоёр хайрцагт хэргийн эд мөрийн баримт хураасан бололтой гаргаж машинд ачлаа.

Гүйцэтгэх ажиллагаа 13:30 цаг үргэлжилсэн юм. Гүйцэтгэх ажиллагааны дараа тагнуулын албан хаагчдын нэг нь сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр  “Өнөөдрийн мэнд хүргэе. Тагнуулын ерөнхий газраас гадаадын тусгай албатай буюу гадаадын тагнуулын албатай холбоотой ажиллагаа явууллаа. Нотлох баримтуудыг цуглуулж дууссан. Манай ажиллагаа ингээд өндөрлөлөө. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тагнуулын ерөнхий газарт очно уу” гэсэн юм. Түүнээс ажиллагааны явцад хүн баривчилсан эсэхийг тодруулахад “Тэрийг Тагнуулын ерөнхий газраас тодруулж асууна уу” гэв.

Мэдээллийн дагуу бид Тагнуулын ерөнхий газарт очив. “Голомт” хотхоны С блокийн байранд  явуулсан гүйцэтгэх ажиллагааны талаар Тус газрын Аюулгүй байдлын албаны дарга А.Амгаланбаатар 15:50 цагт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Тагнуулын ерөнхий газар нь Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10,11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан Тагнуул хийх шинжтэй гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйлдэл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3-т заасны дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг” гэв.

Үндсэндээ өчигдөр явагдсан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хэн нэг этгээдийг баривчилсан эсэх нь тодорхойгүй үлдсэн юм. Мэдээлэл өгсөн албан тушаалтнууд хэргийн талаарх нөхцөл байдлыг хуулийн хүрээнд танилцуулсан боловч мэдээлэл хангалттай байсангүй.