ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зургаан үйлдвэр барьчихвал ам.долларын тэнцвэрийг хянаж чадна”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-05

Есөн сар гарснаас хойш төгрөг ам.долларын эсрэг гурван хувиар суларч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2567 төгрөгтэй тэнцэж байна. Энэ талаар холбогдох хүмүүс болон эдийн засагчдаас байр суурийг нь тодрууллаа.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Эдийн засаг сэргэж эхэлж байна. Сэргэлт 6.3 хувьд хүрээд явж байна. Энэ үед бодлогын хүүгээ хөдөлгөхгүй. Тэгэхдээ төгрөгийн ханш суларч байгаа үед хэд хэдэн өөр арга хэмжээ авсан нь зөв юм байна гэж бодож байгаа. Ам.долларын ханш өсөөд, төгрөгийн ханш сулраад байгаагийн суурь шалтгаан юу вэ гэж үзэхээр суурь шалтгаан харагдахгүй байгаа юм. Худалдааны тэнцлээ харах юм бол худалдаа ашигтай байна. Монголбанкны хувьд хоёр тэрбум 850 сая ам.долларын нөөц байгаа. Хангалттай нөөц байсаар байхад суларч байгаа суурь шалтгаан байхгүй. Үүнээс цааш сулрах юм бол Монголбанкнаас арга хэмжээ авахад бэлэн байгаа. Өнгөрсөн долоо хоногт 60-аад сая ам.долларын нийлүүлэлт хийсэн. Ер нь бол нефть худалдаж авах гэж байгаа ч юм уу, гадаад валютаар худалдан авалт хийж буй газруудад ам.долларыг хангалттай нийлүүлж байгаа. 

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

-Монголбанк төгрөгийн ханшийн уналт дээрээ зохицуулалт хийж чадахгүй байна. Учир юу вэ гэвэл өнөөдөр 2013, 2014 он биш. Тэр үед бол төсвийн алдагдал нэг их наяд төгрөг байсан. Нүүрсний үнэ тав дахин уначихсан. Бүх эрдэс баялгийн үнэ уначихсан. Тэр үеийн Н.Алтанхуяг, Н.Золжаргал хоёрын хийж байсан менежмент өөр асуудал. Энэ бол хоосорч байсан үе. Гэтэл төсвийн орлогын татварын орлого 888 тэрбум төгрөгөөр даваад биелчихсэн байгаа. Сүүлийн дөрвөн сар дахиад нэмэгдэж нэг их наядаар давж явна. Дээр нь дөрвөн тэрбум ам.долларын зэс, нүүрсний борлуулалт хийчихсэн. Мөн 800 сая  ам.долларын 22 тонн алт оруулаад ирчихсэн. Олон улсын валютын сангаас бас 6.7 сая ам.доллар орж ирж байгаа. Дээрээс нь хөнгөлөлттэй зээлүүд бүх сувгаар нэмэгдэж байгаа энэ үед яагаад Монголбанк, Засгийн газар төгрөгийн ханшийг тогтвортой байлгах ажлаа хийхгүй байгаа юм бэ. Монголбанк гоё тоог хараад л суух гэсэн юм уу. Сангийн сайд гоё тоо хараад суух гэсэн юм уу. Өнгөрсөн жил нэг их наядын татвар илүү өгсөн. Энэ жил хоёр их наядын татвар илүү өгч байна. 

 

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ:

-Ам.долларын ханш чангараад, төгрөгийн ханш суларч байгаа нь маш олон шалтгаантай. Бүгдийг нь тоочиж ярих юм бол нэлээд цаг орно. Би өөрийнхөө өнцгөөс суурь шалтгаан нь юу юм бэ гэдэг байр сууриа хэлье. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 29 дэх жилдээ явж байна. Энэ 29 жилд төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах бодлого боловсруулж чадахгүй байсаар өнгөрчээ. Энэ юутай холбоотой гэхээр манай улс импортлогч орон. Бүх зүйлээ импортоор авч байгаа. Ам.долларын колони болчихсон ч гэж болно. Анх социализмын үед байхад нэг доллар 2.9 мөнгө байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр 2576 хүрчихсэн. Гаднаас импортоор олж ирдэг бараа бүтээгдэхүүнүүдээ дотооддоо хийдэг аж үйлдвэрийн салбар алга байна. Хөгжүүлж чадаагүй юм. Миний бодлоор зургаан аж үйлдвэрийг барьчих юм бол Монгол Улс ам.долларын тэнцвэрийг барьж, хянаж чадна. 

 

“Хаан” банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал У.Ууганбаяр: 

-Сүүлийн үед болж байгаа валютын ханшийн өсөлт бол гадаад болон дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс хамаарч байгаа. Зөвхөн төгрөгийн ханш Монголд унаад зогсохгүй дэлхийн зах зээл дээр бусад валютын ханш унаж байгаа. Жишээлбэл, төгрөгийн ханш ам.долларын эсрэг тав орчим хувиар суларсан байна. Харин төгрөг юаний эсрэг тогтвортой байна. Рублийн ханштай харьцуулахад төгрөгийн ханш эсрэгээрээ өссөн байна. Тэгэхээр улс болгон валютын өөрсдийнхөө бодлогыг боловсруулж гадаад худалдаа эдийн засгийнхаа нөхцөл байдалтай уялдуулан тогтдог байгаа. Ам.долларын өсөлтийн шалтгаан бол АНУ-ын эдийн засгийн өсөлт сайн байгаатай холбоотой. Дотооддоо бол  сүүлийн хоёр сарын хугацаанд валютын эрэлт эрс нэмэгдсэн байгаа. Хэд хэдэн шалтгаантай. Эдийн засгийн идэвхжил нэмэгдээд зээл олголт нэмэгдсэн. Зээлийн өсөлттэй холбоотой гадаадаас импортын бараа, бүтээгдэхүүн авах нь нэмэгдлээ. Өнгөрсөн  жилтэй харьцуулахад импортын хэмжээ нэг тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Гэтэл экспорт 500 сая ам.доллараар л нэмэгджээ. Ерөнхийдөө гадаад худалдаанд алдагдалтай гарч байна гэсэн үг.  

 

“Голомт” банкны эдийн засгийн ахлах шинжээч Г.Ганзориг

-Валют ханш өссөн олон шалтгаан байна. Нэгт, хэдийгээр валют орж ирж байгаа ч гарах урсгалтай болчихсон. Хоёрт, улирлын нөлөө. Гуравт, хүлээлт гэдэг зүйл бий болчихсон. Тиймээс хиймэл өсөлт бий болох хандлага ажиглагдаж байна. Дөрөвт, олон улсын нөлөө гарч ирж байгаа. АНУ-ын эдийн засаг 4.1 хувийн өсөлт үзүүлчихлээ. Д.Трамп гарч ирээд 2014 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлчихлээ гээд баатарлагаар тайлбарлаж байна. Энэ байдал нь долларын эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн хүүгээ өсгөж , инфляциа барьж байна. Төв банкныхаа хүүг 2.25 хувь болгоод өсгөчихсөн. Цаашид 3.25 болгоно гэсэн яриа ч байна. Хэрвээ ингэх юм бол ам.доллар бусад бүх валютын эсрэг өсөх боломжтой. Миний харж байгаагаар богино хугацааны шийдэл гэхээр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл манай бүтэц өөрөө асуудалтай. Бид дандаа худалдаа дээр суурилдаг. 

 

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Б.Дэлгэрсайхан: 

-Валютын ханш өсөж буй суурь шалтгаан бол маш их өртэй болсон. Төсөв рүү орж ирж буй ихэнх орлогоо дотоод буюу гадаад өр дарах чиглэл рүү явж байгаа юм. Хоёрдугаарт, эдийн засаг зургаан улирал дараалж өндөр өссөн тул хүлээлтийн байдалд орж, бага зэргийн халалт үүслээ. Хүмүүс аливаа асуудлыг өөдрөгөөр харсны улмаас ам.долларын эрэлт бий болж төгрөгийн ханш унахад нөлөөлж байна. Төгрөгийн ханшийн уналтыг богино хугацаанд бодлогын хүүг өсгөх замаар шийдвэрлэж болно. Сая Монголбанкийг бодлогын хорооны хурлаараа хүүг өсгөх болов уу гэсэн таамаглал байсан ч өсгөсөнгүй. Монголбанкны валютын нөөц гурван тэрбум орчим байгаа нь хангалттай нөөц биш.