Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч, цас орж, халтиргаа гулгаа ихэссэнээс үүдэж өвлийн дугуй худалдан авах эрэлт хэрэгцээ нэмэгдсэн билээ. Тиймээс бид “Өгөөмөр” зах болон Япон, Солонгосын дугуйн худалдаагаар орж, өвлийн дугуйны үнэ ханшийг сонирхлоо. “Өгөөмөр” явах замд цас хялмаалан, хүйтэн салхи өмнөөс үлээж байв. Хүмүүс өвлийн хувцсандаа хэдийнэ орж, харин автомашинууд зуны нүцгэн дугуйтайгаа шарваж, шүргэлцэх нь элбэг. Улаанбаатар хотын уур бухимдал, утааны улирал эхэлчихжээ.
“Өгөөмөр” зах руу ороход хөл хөдөлгөөнтэй, тэр хавьдаа түгжрэл ихтэй байлаа. Зах руу орж, эхний чингэлэгт очиж, дугуйн үнэ ханшны талаар сонирхсон юм. Наймаа хийгээд сурчихсан, 30 дөхөж байгаа болов уу гэмээр залуу “Хэдтэй дугуй хайж байна” хэмээн инээмсэглэсээр биднийг угтлаа. Тэрбээр хоёр талаар эгнүүлж дээш өрсөн дугуйнуудаа тайлбарлаж, аль улсынх, хэдэн оных, үнэ өртөг гээд асуулт болгонд л тодорхой хариулт өглөө. Зарж байгаа дугуйнуудаа Япон, Хятад, Солонгос улсаас оруулж ирдэг аж. БНСУ-д үйлдвэрлэсэн “Hankook” брэндийн шинэ дугуйны үнэ нэг бүр нь 200-220 мянган төгрөг. Японы “Yocohama” брэндийн болон хятад дугуй 140-170 мянган төгрөгт хэлбэлзэж байв.
14-тэй өвлийн шинэ дугуй 170-180, Японд явж байсан дугуй 70-80 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл 13-тай дугуй хамгийн эрэлттэй бөгөөд 60-100 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Эхний чингэлгийн худалдагчаас үнийг нь асуучихаад цааш явж, бусад худалдаачидтай уулзсан юм. Өвлийн дугуй шинэ, хуучнаасаа шалтгаалаад харьцангуй байдаг. Шинэ дугуй авах жолооч цөөн гэдгийг худалдаачид ярьцгааж байв. Түүнчлэн обуд, олгой нь тусдаа үнэтэй. Тухайлбал, төмөр обуд 15-70, хайлш буюу гоёлынх нь 250 мянгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй байдаг ажээ.
Харин Орос, Солонгос, Хятад олгойны хувьд хэмжээнээсээ хамаарч 7-40 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг талаар худалдаачид хэлж байсан юм. Мөн Япон, Солонгост хэрэглэж байгаад орж ирсэн гэх дугуйны эрэлт өндөр байдаг гэв. Биднийг сурвалжилга хийж явахад “Өгөөмөр” захаас худалдан авалт хийж байгаа хүн цөөн байсан. Харин дугуйн худалдаачид хажуугаар явсан хүмүүсээс “Хэдтэй дугуй авах уу” гэж асууснаа дуугарахгүй болохоор нь “Дуу нь ч гарахгүй, дугуй ч авахгүй” хэмээн ёжлохыг яана.
“Өгөөмөр” захаас дугуй авч байгаа жолооч нарын ихэнх нь өвлийн дугуйны аль нь сайн гэдгийг мэдэхгүй тул худалдагчаас асууж байсан юм. Туршлагатай жолооч нарын хувьд өвлийн дугуй бүх улирлынхаас илүү зөөлөн резинтэй, замтай барьцах чадвар сайтай. Тиймээс дугуйгаа сонгохдоо он болон хээг нь сайтар харж, он залуу арзгар хээтэй дугуйг сонгодог талаараа ярьж байсан юм. Тухайлбал, жолооч Ж.Алтангэрэл “Дугуйны үнэ өмнөх жилийг бодвол нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил 70 мянгаар дугуй авч байсан бол сая 100 мянган төгрөгөөр авлаа. Дугуйны үнэ 30-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн ярив.
Харин жолооч Э.Энхбуд “Долоо хоногийн өмнө л дугуйгаа сольё гэж бодож байсан ч амжаагүй явсаар цастай золголоо. Сарын өмнө дугуй авах гээд ирсэн ч мөнгө дутсан учир чадаагүй. Гэтэл хэмжээнээсээ хамаарч дугуйны үнэ 10-30 мянган төгрөгөөр нэмэгдчихжээ. Би Японд явж байсан 14-тэй нэг дугуйг 70 мянгаар авлаа. Дөрвөн дугуйгаа солихоор бол 280 мянган төгрөг болж байна. Одоо эндээс гараад дугуй засвар дээр нэг дугуйг хамгийн багадаа 2500-3000 төгрөгөөр солиулна” гэсэн юм. Захаас дугуйны үнэ сонирхож, жолооч нартай уулзсаны дараа тэр хавьд байрлах дугуй засварын газруудаар орлоо. Ихэнх дугуй засварын газрууд тэнхлэг, өндрөөс нь хамаарч дөрвөн дугуйг 15-20 мянган төгрөгөөр сольдог юм байна.
Бид цааш нь явсаар Баянбүрдэд байрлах Япон дугуйны бөөний худалдаа гэсэн хаягтай төвөөр орж, үнэ ханшийг нь сонирхлоо. Гаднаа том оврын машины дугуйг өрж тавьсан худалдааны төвд орвол давчуухан газарт төрөл бүрээр эгнүүлсэн дугуй, обуд, олгойг зарж байлаа. Худалдагч С. Хорол “Эрс хүйтэрч байгаа хэдий ч хүмүүсийн дугуй худалдан авалт нэмэгдээгүй. Манайх дандаа шинэ дугуй зардаг. Хэмжээнээсээ шалтгаалаад үнийн хувьд харьцангуй байгаа. Тухайлбал, суудлын тэрэгний дугуй 120-220, жип болоод ирэхээрээ 140-700 мянган төгрөг. Харин обуд 150-350 мянган төгрөгийн үнэтэй. Орос олгой 45 мянган төгрөгийн үнэтэй байна. Мэдээж зах дээр зарагдаж байгаа дугуйнуудтай харьцуулбал, компаниас оруулж ирдэг болохоор илүү чанартай, найдвартай. Дөрөв, таван жилдээ л толгой өвдөхгүй шүү дээ” хэмээв.
Тэндээс холгүйхэн Солонгос дугуйн худалдааны дэлгүүрээр орвол худалдагчаас нь өөр хүнгүй, хөл хөдөлгөөн татарсан байлаа. “Сэбоцэ” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Б.Бүжмаа “Шинэ дугуй худалдаж авснаар 4-5 жил найдвартай, аюулгүй зорчих боломжтой. Харин ашигласан дугуй үнийн хувьд боломжийн хэдий ч хээний элэгдэл нь 50 хувийн тэмдэглэгээнээс доошоо орсон учир чанарын шаардлага хангадаггүй. Дөрвөн улирлын дугуй нь олон улсын MS буюу шавар, усны хамгаалалттай байдаг. Харин өвлийн дугуй хүйтэнд резин нь хөлдөхгүй, барьцалдах чадвар сайтай, тоормозлох зай богино, илүү товгор хээтэй байдгаараа давуу талтай. Гаднаас импортолж байгаа тул ам.долларын ханштай холбоотой илүү үнэтэй байдаг. Тиймээс амьжиргааны түвшнээсээ шалтгаалан иргэдийн худалдан авалт жил ирэх тусам буурсаар байна” гэдгийг онцолсон юм. Тэднийх дийлэнхдээ жип машины дугуйг худалдаалдаг бөгөөд хэмжээнээсээ хамаараад 150-600 мянган төгрөгийн ханштай байна.
М.Лхамсүрэн
Г.Батчимэг