ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадны зээл, тусламжийн мөнгийг захиран зарцуулах эрх Сангийн сайдад байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-12

Ирэх оны төсөвт гадны зээл, тусламжаар нийт 19 газраас нэг их наяд 371.5 тэрбум төгрөг орж ирхээр тооцжээ. Үүний 528.1 тэрбум төгрөг  буюу 38.5 хувийг зөвхөн Азийн хөгжлийн банкнаас авахаар тооцсон байна. Мөн 328.6 тэрбум төгрөг буюу 24.0 хувийг БНХАУ-ын хөнгөлттэй зээл эзэлж байгаа аж. Зээл,  тусламжийн мөнгөөр 2019 онд 177.6 тэрбум төгрөгийг нэгж болон зөвлөх үйлчилгээний зардалд зарцуулах юм байна. Түүнчлэн нэг их наяд гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтад, 121.0 тэрбумыг орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг дэмжих замаар зээлдүүлэхэд зарцуулах аж. Зээл тусламжийг төсвийн ерөнхийлөн захирагчийн буюу Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын багцад даатгаж өгчээ. Тэгэхээр 19 газрын нэг их наяд 371.5 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрх нь зөвхөн Сангийн сайдад байх юм байна.  Ингээд аль улсаас хэчнээн  төгрөгийн зээл, тусламж, юунд зарцуулахыг инфографикаар хүргэж байна. 

 

• Хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр БНХАУ-ын  146.4 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 2016-2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийг хэрэгжүүлж дуусгах юм байна. Мөн БНХАУ-ын  135.0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр олон улсын шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон спортын тамирчдад зориулсан 3500 хүний суудалтай тусгай тоноглол бүхий спорт төв барих аж. 

• Эрүүл мэндийн чанар, үйлчилгээг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны 25.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2013-2020 онд “Эрүүл мэндийн салбарын хөгжил дөрвөн-нэмэлт санхүүжилт” төслийн хэрэгжүүлж байгаа аж.  Сонгинохайрхан дүүрэгт мэргэжлийн тусламжийг нэг цэгээс 157 мянган оршин суугчдад үзүүлэх, 200 ортой амбулаторид хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгтэй эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ.  Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 18.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжийг сайжруулах юм байна. 

• БНСУ –ын 55.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Баянзүрх дүүрэгт 103 ортой, 15.468 м2 талбайтай Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг барьж, дэвшилтэт 233 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлнэ. Мөн Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг байгуулах аж. 

• Нефть-химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг улсын нэг  тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая тонн дотоодын түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт эхлүүлжээ. 

• Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018-2021 онд Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслийг хэрэгжүүлэх аж. Энэхүү ажлын хүрээнд  сургуулийн 4500, цэцэрлэгийн 5500 хүүхдийн орон тоо нэмэгдэх юм байна. 

• Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төслийг АНУ-ын Мянганы сорилтын сантай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр дахь гэрээний хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Төслийг нийтдээ таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

• Гамшгаас хамгаалах, сэргийлэх чиглэлээр ОБЕГ-т БНПУ  болон БНБУ  нийт 18.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гал түймэр унтраах, аврах, эрэн хайх зориулалтын 85 автомашин, шуурхай удирдлагын штаб нэг, явуулын эмнэлэг нэгийг барих юм байна.

• Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 8.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Сүхбаатар дүүрэгт түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, 250 ортой Түлэнхийн төвийн барилгын цогцолбор барих аж. 

• Байгаль орчныг хамгаалах, бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БНХАУ-ын Засгийн газрын 300.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ. 

• Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж, БНХАУ-ын  Засгийн газрын буцалтгүй тусламжийн “1008 айлыг түр суурьшуулах орон сууц” төслөөр түрээсийн болон түр суурьшуулах орон сууцны хорооллыг барих ажлыг эхлүүлэх аж. 

• Улаанбаатар хотын барилга болон барилга нураалтын хатуу хог хаягдлыг зөв зохистойгоор булж устгах, дахин боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар, Эрдэнэт хотуудад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон буцалтгүй тусламж, БНПУ Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барихаар төлөвлөжээ.  

• Япон Улсын 2.4 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2018-2021 онд ерөнхий боловсролын сургууль барих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд шинэ сургууль барих, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль болон Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ.

• Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлээр 2019 оны төсөвт гадаад зээлийн хөрөнгөөр 173.95 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 53.33 тэрбум төгрөг тусгасан байна.  Гадаад зээлийн есөн,  буцалтгүй тусламжийн дөрөв төсөл хэрэгжиж дуусах аж.  Шинээр гадаад зээлийн хөрөнгөөр гурав төсөл хэрэгжиж эхлэх юм байна. 

• Байгаль орчин хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, бохир ус, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, аялал жуулчлалыг дэмжихэд гадаад зээлийн гурав, буцалтгүй тусламжийн гурав, шинээр гадаад зээлийн есөн төсөл нийтдээ хэрэгжих юм байна. Гадаад зээлийн хөрөнгөөр   254.46 тэрбум төгрөг, Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр  34.69 тэрбум төгрөг зарцуулах юм байна. 

• Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Архангай, Дундговь, Хэнтий, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын дулааны станц барих төслийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг үргэлжлүүлэн БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн  хөрөнгөөр хэрэгжүүлнэ. 

• Азийн хөгжлийн банкны 25.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2017-2020 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа аж.  Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хүрэх үйлчилгээг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоо Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд аймгуудад долоон жишиг хөгжлийн төвийг байгуулах аж.