ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халуун сэтгэлтэй, аз жаргалтай үйлчлэгчидтэй “Кофе шоп”

O.Admin
2018-10-12

Дауны хам шинжтэй хүүхдээс үнэнч сэтгэл, байж болох хамгийн их хайр зөөлөн харилцаа илэрдгийг шинжлэх ухаанаар нотолсон байдаг. Гэгээн гэхэд дэндүү гэгээн тэд бидний дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж,  бусдын адил амьдрах эрхтэй. Яагаад ч юм дауны хам шинжтэй гэхээр хөгжлийн бэрхшээлтэй, тэнэг мангар гэх мэт явцуу ойлголтыг үгүйсгээд даруй хэдэн жил өнгөрчээ. Тиймдээ ч сэтгэл шингэсэн сайхан амттай сендвич бэлтгэж, халуун кофе найруулан  бусдыг дайлдаг нэгэн найрсаг харилцаатай  “Кофе шоп” шинээр нээгджээ. Тэнд бидний хөдөлмөр эрхэлж чадахгүй гэж боддог дауны хам шинжтэй хүүхдүүд ажилладаг аж. Манай сонины сурвалжлах баг “Зориг сан”-гийн хашаанд байрлах “Кофе шоп”-оор өнгөрсөн мягмар гарагт зочиллоо. Хаалгаар дөнгөж ороход  нүдэндээ гал цогтой, шар подволк өмсөж, улаан хормогч зүүсэн 18-20 настай болов уу  гэмээр гурван залуу  “Сайн байна уу” хэмээн инээмсэглэл тодруулж, найрсгаар угтлаа. Үйлчилгээний зааланд хүмүүс тухлан суужээ.

Үйлчлүүлэгчдийн зарим нь орчны тохижилтыг сонирхоно. Зөөгч хүү бидний гадуур хувцсыг  авч өлгөөд, алтан шаргал өнгөтэй модон ширээнд тухлахыг урив. Төд удалгүй өөр нэг зөөгч захиалга авсан юм. Андуураад ороод ирсэн юм болов уу гэмээр тансаг зэрэглэлийн кофе шопын дотоод засал, тохижилт нүд баясгана. Захиалга хүлээх зуураа зохион байгуулагч болов уу гэмээр 40 гаруй насны эмэгтэйтэй уулзаж, ирсэн зорилгоо танилцууллаа. Түүнийг Ч.Эрдэнэчулуун гэдэг. Тэрбээр "Дауны удирдах холбоо"-ны зөвлөлийн гишүүн аж. Дауны хам шинжтэй хүүхдүүд кофе шоп ажиллуулах нь маш гайхалтай хэрэг. Мэдээж тэдэнд сайн туслагч байгаа учир өнөөдрийн амжилтад хүрсэн байх хэмээн биднийг сонирхоход тэрбээр “Хүн амьсгалж эхлээд л олгосон бүх эрхээ эдэлж байх ёстой. Эрүүл хүүхдийн адил даунтай хүүхдүүд насанд хүрээд  бие дааж, хөдөлмөр эрхэлнэ. Гэвч манай улсад байгаа сургалтын төвүүдэд даунтай хүүхдүүд дасан зохицож, сургалт хөтөлбөрт хамрагдахад хүндрэлтэй  байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дауны хам шинжтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, ажлын байраар хангах боломжийг бүрдүүлсэн кофе шопыг байгуулсан. Энд 18-аас дээш насны 10 гаруй сурагч  ажилладаг.

Өдөрт 2-3 сурагч ээжүүдийн болон сургагч багш нарын хамт хөдөлмөр эрхэлж байна. Мягмар гарагт сурагч Б.Дөлгөөн, С.Тэмүүлэн, Б.Элбэрэл  нарын ажиллах хуваарьтай өдөр. Өглөө хүүхдүүд ажилдаа сэтгэл дүүрэн ирж, өдрийг аз жаргалтайгаар өнгөрөөдөг” хэмээн ярьж байсан юм.  Түүнтэй ярилцсаны дараа текний ард сендвич нямбайлан бэлтгэн зогсох сурагч С.Тэмүүлэнтэй уулзаж, хөдөлмөр эрхэлж буй сэтгэгдлийг сонирхсон юм. Бидэнтэй хэдэн хором ярилцсан хүү баярласан сэтгэлээ нуулгүй өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байлаа .Тэрбээр  “Би 18 настай.  25 дугаар сургуулийг төгссөн. Чөлөөт цагаараа гүйлтээр хичээллэж,  төгөлдөр хуурын сургалтад явдаг. Бас  хип хоп  дуу сонсож,  даган  дуулж, бүжиглэх дуртай. Одоо  55 дугаар сургуулийн  11а ангийн “Зочид буудлын үйлчилгээ”-ний   ангид суралцаж байна.  Пицца, хуушуур, бууз, тахианы маханд дуртай. Ээж минь өдөр бүр хамт байж,  юу хийхийг минь надад зааж, тусалдаг.  Би ээждээ маш их хайртай”  хэмээн  ярих нь эрхгүй хайр татам. С.Тэмүүлэнгийн хажууд  халуун кофе найруулж зогсох Б.Элбэрэл бидний ярианд оролцож,  хөгжилтэйгээр  “Харин би  25 дугаар сургуулийг төгссөн.  Усан спортоор хичээллэдэг. Азийн бүс нутгийн тусгай олимпиадад оролцож,  мэлхий сэлэлтийн 25 метрт хүрэл медаль авч байсан” хэмээн бахархалтайгаар ярьсан юм. Хэдхэн хором ярилцсан хэдий ч тэднээс сэтгэлийн дотоод хүч, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл мэдрэгдэж байлаа.

Орчны тохижилт өндөр зэрэглэлийн кофе шопоос ялгахын аргагүй байсанд бишрэх сэтгэлээ нуугаагүй юм. Санасныг бодвол бидний захиалга харьцангүй богино хугацаанд ирлээ. Захиалга хүргэж ирсэн хүүгийн хацрын хонхорхойгоос аз жаргал дүүрэн инээмсэглэл тодорно. Түүнийг бидний захиалсан зүйлсийг хүргэж ирэхэд нь хэсэг ярилцаж, сэтгэгдлийг нь сонссон юм.  Түүнийг Б.Дөлгөөн гэдэг. 24 настай. Тэрбээр "Бидний талаар хүмүүс сайн мэддэггүй. Түүнээсээ болоод цэрвэж, хөндий харьцдаг. Энэ нь  надад өөрөөсөө ичих, өөртөө итгэлгүй байх мэдрэмж төрүүлж,  сул дорой харагдуулдаг" гэхийг сонсоод гол зурах шиг болов.  Даун бол өвчин биш. Хэнд ч тохиолдож болох байгалийн жам. Энд тэд буруутай гэсэн үг биш гэдгийг “Дауны удирдах холбоо”-ны зөвлөлийн гишүүн хэлж байсан юм. Хэдий сурагчид халуун кофе, сендвичийг  энгийн хүн шиг хурдан бэлтгэж  чадахгүй ч сэтгэлээсээ  хийсэн болохоор маш сайхан амттай байлаа.  Амттай кофе ууж, сендвич идсэнийхээ дараа кофе шопод ажиллаж байгаа хүүгээ харж хандаж буй С.Тэмүүлэнгийн  ээжтэй уулзаж, хэсэг хөөрөлдөв.  Хүүгийн ээж  “Даунтай хүүхдийн нийгмийн асуудлыг хөнгөвчилсөн тодорхой бодлого байдаггүй. Тэднийг  нийгэмшүүлэх хүндрэлтэй.

Гудамж талбайд дагуулж явахад зөрсөн хүн болгон эвэртэй туулай үзсэн мэт эргэж хардаг. Даунтай хүүхдэд ч биш хэн нэгнийг гадаад төрхөөр нь дүгнэдэг манай нийгэмд асуудал байна” хэмээсэн юм. Үдийн хөнгөн зуушийг нь амтархан зооглосон биднийг явах үед сурагчид сэтгэл тэнүүн инээмсэглэн үдлээ. Зүүний үзүүрт тогтох будаа мэт ховор хувь заяаны эзэн биеийг олж хорвоод мэндэлсэн бид хэнийг ч үл ялгаварлан,  амьддаа нэг нэгийгээ хайрлаж болохгүй юм уу. Энэ  асуултыг найзаасаа, найзынхаа найзаас гэх мэт хорвоогийн хүн бүхнээс асуумаар санагдлаа. Та нарыг илүү сайхан нийгэм хүлээж байгаад итгэж, энэ хорвоог өөдрөгөөр туулаарай. Бас үүнийг уншиж буй хүн та тэдний кофе шопоор үйлчлүүлээд гарахдаа заавал мөнгөө төлж байгаарай. Учир нь энэхүү сурвалжлагыг бичиж байхад ороод гарсан хүн мөнгөө өгөхгүй гардаг гэх хүмүүсийн сэтгэгдэл хөвөрч буйг хараад гомдох сэтгэл төрснөө нуух юун. Тэд бидний л адил ажиллаж, хөдөлмөрлөж, амьдралаа залгуулж, басхүү аз жаргалыг тэндээс олж авдаг юм. 

Г.Батчимэг