ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бусад улс орнууд ханшийн сулралтын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-16

Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ хурдацтай нэмэгдүүлж буйтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн ихэнх улсын валютын эсрэг чангарч, ам.доллараар хөрөнгө босгох зардал өсч, хөгжиж буй улс орнуудаас гадагшлах хөрөнгийн урсгал нэмэгдэж байгаатай холбоотой цуврал нийтлэл хүргэж буй билээ. Тэгвэл энэ дугаарт бусад улс орнууд ханшийн эсрэг ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгааг хүргэе. Зарим хөгжиж буй улс орны төв банкнаас мөнгөний бодлогын төлөвтөө өөрчлөлт оруулах арга хэмжээ авч эхэлжээ. Түүнчлэн Холбооны нөөцийн банк хүүгийн түвшнээ хүлээгдэж буй хэмжээнээс хурдтай өсгөсөн тохиолдолд хөгжиж буй улс орнууд хүүгийн түвшнээ өсгөх хандлагатай билээ. Тухайлбал, Аргентин улс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бодлогын хүүгээ тасралтгүй нэмэгдүүлж, хамгийн сүүлд буюу наймдугаар сард 15 нэгж хувиар өсгөн 60 хувьд, Турк улс мөн оны есдүгээр сард бодлогын хүүгээ 6.25 нэгж хувиар өсгөн 24 хувьд, ОХУ бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж 7.5 хувьд тус тус хүргэв.

Дүрслэл 4. Зарим орны валютын ам.доллартай харьцах ханш /2017 оны эцэстэй харьцуулснаар/

Дүрслэл 5. Зарим ГВАН-ийн өөрчлөлт /2017 оны эцэстэй харьцуулснаар/

Азийн улс орнуудын хувьд ам.доллартай харьцах үндэсний валютын ханш сулрах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь төв болон зүүн Азийн орнуудын ГВАН буурахад хүргэж байна. Долдугаар сарын байдлаар БНХАУ-ын ГВАН-ийн хэмжээ 2017 оны эцсээс 25.9 тэрбум ам.доллар буюу 0.8 хувиар, Энэтхэг улсын ГВАН-ийн хэмжээ 5.4 тэрбум ам.доллар буюу 1.3 хувиар, Индонез улсын ГВАН-ийн хэмжээ 11.9 ам.доллар буюу 9.1 хувиар, Турк улсын ГВАН-ийн хэмжээ 7.0 тэрбум ам.доллар буюу 6.5 хувиар тус тус буурсан байна.

БНХАУ-ын хувьд өнгөрөгч есдүгээр сарын байдлаар ГВАН нь 3.0 их наяд ам.долларт хүрч оны эхнээс 25.9 тэрбум ам.доллароор буурав. Гэвч энэхүү бууралт нь гадаад валютын интервенц гэхээс илүүтэйгээр гадаад худалдаа, хөрөнгийн гадагшлах урсгалаас шалтгаалжээ. АНУ-тай хийж буй худалдаанд таагүй нөхцөл байдал үүсээд байгаа нь тус улсын эрх баригчдын хувьд дотоодын эдийн засгаа дунд хугацаанд дэмжих, мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг авахад хүргэж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 07-ны өдөр БНХАУ-ын Төв банкнаас банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2018 оны өнөөдрөөс эхлэн нэг хувиар бууруулж (томоохон банкуудын хувьд 15.5 хувиас 14.5 хувь, жижиг банкуудын хувьд 13.5 хувиас 12.5 хувь), улмаар эдийн засагт 1.2 их наяд юань (175 тэрбум ам.доллар) нийлүүлэгдэх тооцоотой байна. Энэ онд нийт дөрвөн удаа ЗБН-ийн хувийг бууруулаад байгаа бөгөөд оны төгсгөлд дахин нэг хувиар бууруулах хүлээлттэй байна. Түүнчлэн тус улсын төв банкнаас банкуудад дунд хугацааны санхүүжилт олгох (medium term lending facility) бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлэв. Төв банкнаас авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь юаний ханш сулрах дарамтыг нэмэгдүүлэхгүй гэж үзэж байгаа бөгөөд Мөнгөний бодлогын төлөвт орох томоохон өөрчлөлт орохооргүй, валютын зах тогтвортой байна хэмээн үзжээ. Хэдий тийм боловч олон улсад юань ам.долларын эсрэг цаашид сулрах хүлээлттэй байгаа бөгөөд тус валютын ханшийн өдрийн хэлбэлзэл хоёр хувиас хэтрэхгүй байх бодлогыг төв банкнаас баримталж байгаа юм. Юанийн ханш сулрах нь экспортлогчдын хувьд ашигтай тул тус улсын төв банкнаас валютын захад шууд оролцох сонирхол бага. Харин спекулятив шинжтэй ханшийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд хөрөнгийн урсгалд тавих хяналтаа сайжруулах шаардлага тулгарч байна.

Дүрслэл 6. Азийн улс орнуудын валютын ам.доллартай харьцах ханш ба ГВАН

Энэтхэг улсын хувьд ам.долларын чангаралтын эсрэг энэ оны дөрөв болон тавдугаар саруудад нийт найман тэрбум ам.доллартай тэнцэхүйц АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг зарж, уг эх үүсвэрийг валютын захаа тогтворжуулахад зарцуулжээ. Энэ оны гуравдугаар сард 426 тэрбум ам.доллар хүрч байсан тус улсын ГВАН 2018 оны наймдугаар сарын эцсийн байдлаар 403 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэтхэг рупи нь бүс нутгийн хамгийн их суларсан валютын нэг бөгөөд одоогийн байдлаар 13 хувиар сулраад байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн турш өөрчлөлтгүй байсан бодлогын хүү буюу репо хүүг өнгөрөчг зургадугаар сард 0.25 хувиар өсгөж 6.5 хувь болгосон бөгөөд үүнээс хойш өөрчлөлтгүй хэвээр байгаа юм. Тус улсын төв банкны үзэж байгаагаар инфляци дунд хугацаанд зорилтот түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа тул бодлогын хүүд томоохон өөрчлөлт оруулах төлөвгүй байгаа аж. Харин Засгийн газрын зүгээс газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа тул инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор онцгой албан татварыг бууруулах, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор рупигийн хадгаламжийн схемийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний талаар судалж байна. Тус улсын хувьд гадаад валютын нөөц хангалттай байгаа тул рупигийн ханшийн сулралтыг зах зээлийн зарчимтай нийцтэй тогтохыг дэмжиж, хэрэв ханш бодитой бусаар огцом суларсан тохиолдолд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байна. Энэтхэгийн Засгийн газраас орлуулж болохуйц импортын хэрэглээг бууруулах, экспортыг урамшуулах, хөрөнгийн урсгалыг дэмжих арга хэмжээ авч байна. Ажиглагчдын үзэж байгаар тус улсаас авч буй арга хэмжээ нь богино хугацаанд ханшийн сулралтыг зогсоох гэхээс илүүтэйгээр дунд, урт хугацаанд үр нөлөө нь гарах тул энэтхэгийн рупи цаашид сулрах дарамт өндөр байна.

Индонезийн Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа тогтворжуулах зорилгоор өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр бенчмарк бодлогын хүүний доод түвшинг 0.25 хувиар нэмэгдүүлж, 5.75 хувь болгож, энэ онд  дөрөв дэх удаагаа бодлогын хүүгээ өсгөөд байна. Ингэснээр энэ онд хүүгийн түвшинг 1.25 хувиар өсгөөд байгаа гэсэн үг. Түүнчлэн гадаад валютын албан нөөцөөс 117.9 тэрбум ам.долларын интервенцийг хийжээ. Тус улсын хувьд гадаад валютын зээл ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцэж байгаа тул үндэсний мөнгөн тэмдэгтээ огцом сулрахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Харин Засгийн газраас нь экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг урамшуулах, импортын татварыг нэмэгдүүлэх, импортын орц ихтэй эрчим хүчний мега төслүүдийг хойшлуулах зэрэг арга хэмжээг авч байна. Дэлхийн банк Индонезийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь богино хугацаанд урсгал дансны алдагдлыг бууруулах нөлөөгүй, харин урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа юм. Түүнчлэн хэрэглээний барааны импортын татвар нэмэгдэх нь инфляцийн дарамтыг  нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Туркын лир ам.долларын эсрэг энэ сарын 4-ний өдрийн байдлаар оны эхнээс 64 хувиар сулраад байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сарын 13-ны өдөр турк лир сүүлийн арван жилд тохиолдож байгаагүйгээр суларч нэг доллар 6.9 лирт хүрчээ. Туркын төв банк овернайт болон өдрийн зээлийн хэрэгслүүдээр дамжуулан банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бүрэн хангаж ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар бууруулах, 10 тэрбум лир, зургаан тэрбум ам.доллар, гурван тэрбум ам.доллартай тэнцэх алтаар санхүүгийн системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих арга хэмжээг авахаа мэдэгдээд байгаа юм. АНУ наймдугаар сард Туркын Ган болон Хөнгөн цагааны үйлдвэрийн импортын тарифыг хоёр дахин өсгөсөн нь лирийн эсрэг ам.доллар огцом чангарахад нөлөөлсөн аж. Туркын төв банк наймдугаар сарын 17-ны өдөр Катарын төв банктай гурван тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн. Харин есдүгээр сарын 13-ны өдөр бодлогын хүүгээ 17.75 хувиас 24 хувь хүртэл 6.25 хувиар өсгөлөө. 

ОХУ-ын Төв банк газрын тосны үнийн хэлбэлзлээс сэргийлэх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор энэ онд дотоодын захаас валют худалдан авч буй бөгөөд наймдугаар сарын 23-ны өдөр дотоодын зах зээл дээрээс гадаад валютыг энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал худалдан авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Оросын төв банк инфляцийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийн тогтворгүй байдалд хариу үйлдэл үзүүлэх үүднээс есдүгээр сарын 14-ний өдөр бодлогын хүүгээ 7.25 хувиас 7.5 хувь хүртэл 0.25 хувиар өсгөсөн байна. Инфляцийн өсөлт, валютын ханшийн тогтворгүй байдалд гадаад хүчин зүйл, тэр дундаа ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ, үүнээс үүдэлтэй тодорхой бус байдлаас шалтгаалсан хөрөнгийн гадагшлах урсгал сөргөөр нөлөөлж байгаа бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт урсгал дансны алдагдлыг бууруулах, гадаад өрийн үйлчилгээг санхүүжүүлэхэд эерэг нөлөөтэй байгаа юм. Тус улсын хувьд хэдийгээр эдийн засгийн хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ханш сулрах дарамт бий боловч дунд хугацаанд инфляци зорилтот дөрвөн хувьд байх, газрын тосны экспортын орлого нэмэгдэх төлөвтэй байгаа нь валютын захад интервенц хийх шаардлагыг бууруулж байгаа аж. Харин хэрэглээний зээлийг хязгаарлах, зээлийн хэт өсөлт үүсэхээс сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 1-ний өдрөөс хойш олгосон зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөр багатай моргейжийн зээлийг хязгаарлах зэрэг макро зохистой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Казахстан улс 2015 оны наймдугаар сарыг хүртэл ам.доллартай уялдаат (pegged) гадаад валютын ханшийн дэглэмтэй байсан бол үүнээс хойш ханшийг зах зээлийн зарчмаар тогтох чөлөөт хөвөгч ханшийн дэглэмд шилжүүлсэн билээ. Ханшийн дэглэм өөрчлөгдсөний дараа буюу 2016 оны эхэн үед тэнгийн ам.доллартай харьцах ханш огцом суларч, үүний улмаас Казахстаны төв банк 2016 оны нэгдүгээр сард бодлогын хүүгээ 17 хувь болгон өсгөсөн аж. Үүнээс хойш бодлогын хүүгээ шат дараатай бууруулж байгаа. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 9.75 хувь, гуравдугаар сарын 05-ны өдөр 9.5 хувь, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 9.25 хувь, зургадугаар сарын 04-ний өдөр есөн хувь болгон тус тус бууруулаад байна. Тус улсын хувьд худалдааны гол түнш улс болох ОХУ-д тавигдсан худалдааны хориг арга хэмжээнээс шалтгаалж сулрах хандлага ажиглагдаж буй. Өөрөөр хэлбэл, рубль сулрах хүлээлт давамгайлах үед ам.долларын эрэлт нэмэгддэг. Тус улсын гадаад валютын нөөц 2018 оны эцсийн байдлаар 234.8 сая ам.доллараар буюу 0.8 хувиар буурч 30.5 тэрбум ам.долларт хүрчээ.