ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн 20, МСҮТ-ийн 100 мянга халамж биш

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-17

Ирээдүй болсон бяцхан үрсээсээ сар бүр олгодог 20 мянган төгрөг харамлаж, халамж гэж андуураад, ОУВС-гаас асууж байж шийдвэрлэнэ гэх инээдэмтэй тайлбарыг өгч суухаасаа  баригч намынхан ичээч. Энэ асуудлыг шийдвэрлэх үй олон гарц, гаргалгаа Монголд бий. Боломж бололцоог эрэлхийлэхгүй, өчүүхэн тайлбараар олны амыг таглаж, суух эрх танд  байхгүй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хүмүүс  хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох тухай УИХ-ын  тогтоолын төсөл санаачилсан. Зөвхөн үүнийг дэмжээд хэрэгжүүлээд явахад л хангалттай. Өөрөөр хэлбэл, 2017 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1.034.000 /нэг сая гучин мянга/-н хүүхэд  байна гэсэн судалгаа  бий. Энэ тоо 2019 онд огцом өөрчлөгдөөд, улсын төсөвт дарамт учрах хэмжээнд хараахан хүрээгүй. Тэгэхээр хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олговол 80-90 хувь нь авах боломжтой. Харин үлдсэн арав орчим  хувь нь амьдралын боломж бололцоотой учраас 20 мянган төгрөгт төдийлөн ач холбогдол өгөхгүй.

Мөн баян, хоосноор нь ялгаж, амьдралын төвшнөөр нь гадуурхаж, ард олны дургүйцлийг ч хүргэхгүй. Магадгүй асуудлыг ингэж шийдвэрлэвэл жилийн жилд маргаан дагуулдаг энэхүү сэдвийг хаах юм.   Асуудлыг ингэж шийдвэрлэлээ гээд  тооны ч чанарын ч хувьд өөрчлөлт гарахгүй. Харин ч тухайн хүүхдийн эцэг, эхэд санхүүгийн дарамт үүсэхгүй  байх  давуу талтай.  Тухайлбал, манайх нэг хүүхэдтэй. Сар бүр 20 мянган төгрөг авна гэж тооцвол 18 жилийн хугацаанд дансанд нь 4.320.000 төгрөгтэй болно. Хүү энэ тэр нь нийлээд их сургуулийн нэг жилийн төлбөрийг төлчих бололцоотой гэсэн үг.  Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт гайгүй боломжийн төвшинд байх учраас үүнтэй уялдуулаад, 2019 оны нэгдсэн төсөвт хүүхдийн мөнгөний асуудлыг дорвитой шийдэх боломжтой. Хүүхдэд элэгтэй, ээлтэй шийдвэр гаргахын тулд гаднаас бадар гуйж, ОУВС-гийн амыг харахгүйгээр төсвийн үргүй зардлаасаа жижигхэн танахад л хүүхдийн мөнгөний эх үүсвэр гараад ирнэ. Өөрөөр хэлбэл, яндангийн шүүлтүүрийн 54, УИХ-ын 76 гишүүний тав, орон нутгийн 189 тэрбум, урсгал зардал, алдагдал, гадаадын зээл тусламж гэх мэт олон эх үүсвэрт жижигхэн хасалт хийхэд хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэх гаргалгаа байгаа юм. Болгоё гэсэн хүн аргыг нь, болохгүй гэсэн хүн шалтаг олдог гэж үг бий. 

Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг өгч, төсвийн мөнгийг үргүй зарж, туйлж байсан цаг саяхан. Улсын хэмжээнд 40 гаруй мянган оюутанд сар бүр 70 мянган төгрөг олгож, сурч, хөдөлмөрлөх идэвхийг нь бууруулж, бэлэнчлэх сэтгэлгээг нь илүүтэй хөгжүүлж байлаа.  Магадгүй 70 мянган төгрөг амьдралд нэмэр болсон оюутан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ  нэмэр гэхээсээ илүүтэй нэрмээс болж байсан нь элбэг. Тухайн үед оюутнууд цагийн ажил хийхээс илүүтэй 70 мянган төгрөгөөр  шөнийн цэнгээний газруудыг тэтгэдэг байв. Сурах, мэдэх гэхээс илүүтэй хувийн жаргалд ач холбогдол өгч, баар цэнгээний газруудыг Монгол Улсад утгаар хөгжүүлж бас тэтгэдэг байсныг мартаж болохгүй. Тэд дээд боловсролыг илүүд үзэж, эсрэгээрээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хавчиж, суралцагч нарт олгодог байсан 70 мянган төгрөгийг олгохгүй, олон хүүхдийн ирээдүйгээр тоглож байлаа. Энэ үед Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл,  сурагчдын тоо ч давхар буурчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд энэ оны хичээлийн жилд  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 83 төв үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 50 нь төрийнх,  33 нь хувийн өмчийн сургуульд нийтдээ 35.8 мянган суралцагч суралцаж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал, 4.3 мянгаар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ бол дээр  дурдсан шалтгаануудтай шууд холбоотой.

Тэгвэл ирэх оноос эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихээс гадна суралцагч нарт ирэх онд төрөөс 100 мянган төгрөгийг сар бүр олгохоор төсөвт суулгажээ. Энэ бол хамгийн зөв алхам юм. Энэ тоог огт бууруулж болохгүй. Цаашид харин ч нэмэгдүүлэх шаардлагатай.  Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг төгссөн төгсөгчид өнөөдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож, үйлдвэр үйлчилгээний салбарт гялалзаж явна. Дөрвөн жил их сургуульд сурч, 600 мянган төгрөгийн цалинтай дипломтой худалдагч хийж байснаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2.5 жил суралцаж, гагнуурчин болчихоод сардаа 1.5-3 сая төгрөгийн цалин авах амьдралд илүү хэрэгтэй. Дээд боловсролоос илүүтэй мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин энэ цаг үед алт шиг хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа барилга, байгууламж, уул уурхай, хөдөө, аж ахуйн салбар хүчээ авч байгаа энэ үед жирийн ардын хүүхдийг дэмжсэн бодлого юу юунаас илүү чухал. Энэ бол халамж биш. Харин ирээдүйн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх хэтийн бодлого.