ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдийн засгаа солонгоруулах “мөрөөдөл” ойрхон сонсогдож эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-18

Гарц шийдэл, хөгжил ярьсан нэгийгээ татан унагадаг, эсвэл түүнийг нь ашиг олох бизнес гэж хардаг улстөрчид сүүлийн хэдэн арван жил нэгийгээ үгүйсгэж, татан унагав. Бүгд нэгэн дуугаар эдийн засгаа солонгоруулах, үйлдвэржсэн орон болох ёстой гэдэг ч яаж гэдгээ харин тайлбарладаггүй юм билээ. Уул уурхайгаас хамааралтай улс нь харин алт, зэс хоёрынх нь үнэ дэлхийн зах зээлд уначихаар дагаад хямардаг, бүр эдийн засаг нь элгээрээ хэвтчихнэ. Энэ бүхнээс хамтдаа гарна аа гэж тэд сүүлийн 15 жил ярилаа. Элдвийн гоё нэртэй, гоё уриатай хурал чуулганыг тоолох ч юм биш. Хөрөнгө оруулагчдын чуулган хэчнээн ч жил хуралдав. Харин үр дүнд нь хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Эсрэгээрээ алтыг нь авчихаад, орхин одож байна. Яг энэ мөчид бид ямар шийдэлд хүрэх ёстой вэ. Дэлхийн зах зээлд өдрөөр унаж байгаа алт, зэсийн үнэ өсөөсэй, нүүрсээ жаахан үнэтэй зарчих юмсан гэж залбирч суух уу. Эсвэл гадны төсөл хөтөлбөрт хамрагдаж, өнөөдрийг аргацаасаар байх уу. Тэгвэл үүнд хариулт өгөх товч тодорхой санал нэр бүхий улстөрчдөөс бүр цаашлаад төрийн гурван өндөрлөгөөс гарч эхлэв. Талархаад ч барамгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёрхон хоногийн өмнө ярилцлага өгөхдөө төсвөө хэмнээд түүгээрээ хөдөө аж ахуйн салбараа босгож авъя гэх санал гаргалаа. УИХ-ын дарга ч дэмжиж сууна.

Энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үедээ бог малыг экспортод гаргахын тулд малыг эрүүлжүүлж, уурагжуулах “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах ажлын бүтээн байгуулалттай танилцаад иржээ. Энэхүү төв ашиглалтад орсноор зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж уурагжуулан нэмүү өртөг шингээн амьдаар экспортод гаргах гэнэ. Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр шинээр бий болж, хоногт 180.000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Нөгөө эдийн засаг солонгоруулах ажил чинь тэнд л эхэлж байгаа юм биш үү. Тэгвэл хууль боловсруулагчид нь юу бодож суугаа бол гэж уншигч та асууж мэдэх юм. Эцсийн шийдвэр тэндээс гардаг учраас тэр л дээ. Тэгвэл ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ цагт хамгийн түрүүнд М.Билэгт гишүүн санал санаачилга гаргаж, тооцоо судалгаатай асуудалд хандаж эхэлжээ. Тэрбээр, намрын чуулган нээлтээ хийсний дараахан УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “20 сая толгой мал экспортлох боломжийг төр бүрдүүлмээр байна. Нэг хонийг монголд дунджаар 70 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Дунджаар 30 америк доллар орчим гэсэн үг. Гэтэл хил гараад 100 америк доллар болгох боломж байна. БНХАУ 9-14 кг-тай байвал 500 юаниар худалдан авч, дээр нь урамшуулал олгохоор заасан байна. Гэтэл манайд ийм бодлого алга. Малчдын нөхцөл байдал хүнд байна. 1999 онд 30 сая малтай байсан хэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг мал аж ахуйн салбараас олдог байлаа. Гэтэл өнөөдөр 84 сая малтай хэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 10 хувийг мал аж ахуйн салбараас авч байна” хэмээгээд атрын аян шиг малаа экспортод гаргах үндэсний хэмжээний аян өрнүүлэх санал гаргажээ. Гишүүний саналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нарын гишүүд ч дэмжлээ. Доктор М.Найданхүү ч гаргасан саналыг нь хоёр гараа өргөн дэмжлээ. М.Найданхүү доктор малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үржил слекцийг сайжруулах талаар олон жил ярьж яваа хүн.

Нөхөн сэргээгддэг баялаг буюу мал аж ахуй, тэндээс гарах түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох, бэлчээрийн малаа эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах М.Билэгт гишүүний санал санаачилга шат шатанд дэмжлэг авч байгааг эндээс харж болно. Мал аж ахуйг мэддэг, тэндээс ашиг яаж олохыг хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд л ярих ёстойг эхлүүлсэнд талархаж суухаас яахав. Тэгж байж л сая малчны төлөөлөл болж төрд суугаа утга учир нь гарна. Хөдөө аж ахуйгаа тултал дэмжсэн улс орнууд өнөөдөр баялгийн хараалаас ангид, алт, зэсийн үнээс айх айдасгүй амьдарч байгаа. Энд холын жишээ ч хэрэггүй. Бидэнтэй хүн амын тоогоор тэнцүү шахам Шинэ Зеланд улсын жишээг энд онцлоё. Тус улсын хүн амын тоо нь 4.6 сая. Тэд биднээс 150 дахин их мах экспортолж, 223 дахин их орлого олдог аж. Жилдээ 3.8 тэрбум ам.долларыг зөвхөн мал аж ахуйн салбараас олж байна. Харин Монгол Улс 17 сая ам.доллар олдог гэхээр дэндүү чамлалттай санагдаж байгаа биз.

Тиймээс л 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох, тэгж чадахгүй юм гэхэд эрүүлжүүлээд экспортод гаргах боломжтой том ажлыг улстөрчид нь бүгд нэг талд гарч, нэгдсэн ойлголтод хүрсэн энэ цагт эхлүүлье. Зүүн Азид хүнсний асар том сүлжээ байгаа, тэр тусмаа дэлхий дахин эрүүл эко бүтээгдэхүүнээр “цангаж” байна. Тэр боломжийг олж харсан ч ажил хэрэг болгох гэж хугацаа алдлаа. Малынх нь эрүүл мэнд, махны чанар нь шаардлага хангадаггүй, эсвэл хорио цээрийн дэглэм гэх мэт элдвийн шалтгаанаас үүдэж хилээр гарч чадахгүй гацдаг. Харин энэ цагт төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдтэйгээ нэг зүгт харж чадаж байгаа учраас 10 жилийн өмнө ярьж байсан “Монгол малын махаар дэлхийг дайлна” гэсэн мөрөөдөл илүү үнэнд ойрхон сонсогдож эхлэв. Малчдын өмнөөс, монголын эдийн засгийг илүү бодитоор солонгоруулах энэ санаачилгыг УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нам гэж талцахгүй дэмжиж, хамгийн чухал нь бодит ажил болгоосой гэж хүсье.