ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таньдаг “чөтгөрүүд”-ээс үрсээ хамгаалъя

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-19

ЦЕГ-аас  энэ сарын 16-ны өдөр мэдээлэл хийхдээ сэтгэл өвтгөж, зүрх шимшрэм тоог хэлжээ. Тодруулбал,  2018 оны эхний есөн сарын байдлаар 13 хүртэлх насны 79 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болжээ.  Тэгвэл бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон хүмүүсийн 59 нь тэдний ойр дотны болон танил  хэн нэгэн байсан. Бүр задалбал төрсөн эцэг нь хүүхдээ хүчирхийлсэн тохиолдол гурав, төрсөн ах нь хүчиндсэн хэрэг хоёр гарч. Харин өвөө нь ач охиноо хүчирхийлсэн хэрэг хоёр гарсан бол авга болон нагац ах нэртэй “чөтгөрүүд” бяцхан үрсийг бузарласан жигшим хэрэг зургаа гарсан байгаа юм. Дээрээс нь зүс таних хүн хүчирхийлсэн хэрэг 26 гарчээ. Мөн хойд эцэг нь дагавар охиноо  хүчирхийлсэн хэрэг ес гарсныг дурдахгүй өнгөрч болохгүй. 

Гэх мэтээр бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт ихэвчлэн ойр дотны болон зүс таних хүмүүс нь холбогддог байна. Дээр дурдсан тоо зөвхөн 13 хүртэлх насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээ. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 152 хүүхэд хүчингийн хэргийн хохирогч болсон мэдээлэл байна.  Тэгвэл өнгөрсөн 2017 онд хүчиндэх гэмт хэргийн улмаас 187 хохирсон тоо баримт байгаа. Түүний 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Үүнээс үзэхэд, хүүхэд хүчирхийлэгчдийн тоо буураагүй гэсэн үг.  Хуульч Р.Булгамаа Нэгэн ярилцлагадаа “Өмнөх жилүүдийн статистикийг харж байхад эрэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдол 3-4 л гарч байсан. Гэтэл 2017 онд 12 гарч, тоо нь өссөн” хэмээн дурдсан. Бид охидоо хаана нуух вэ гэж үгээ хэлж, үсээ зулгааж байсан бол одоо эрэгтэй хүүхдүүдийг хүртэл хүчирхийлдэг гаж донтнуудын тоо өссөөр. Өнөөх хүүхэд хамгаалал гэдэг “бурхан” хүчингийн хэргийн золиос болж байгаа хүүхдүүдийн хаагуур нь өнгөрөөд, аврал энэрлийнхээ гарыг сунгахгүй байна вэ. Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг хүнд шийтгэж байгаа, хуулийн заалт ч өөрчлөгдсөн.  Шинэ эрүүгийн хуулинд зааснаар хүчиндэх гэмт хэргийг бэлгийн шинжтэй, хүч хэрэглэсэн, завдсан, бүлэглэж үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хамгийн хүнд ялтай буюу 12-20 жилийн хугацаагаар хорьдог болсон.  

Хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шууд цагдан хорьж,  саатуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн.  Хэрэг гарсны дараа шийтгэх яах вэ, нэг хэрэг. Харин хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг, тэр дундаа нялх үрсээ хүчингийн хэргийн золиос болохоос хамгаалмаар байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь, хувьсгалын байгууллагууд ч үүнд анхаарлаа илүүтэй хандуулах хэрэгтэй. Бусдыг нь орхи гэж байгаа юм биш. Арай илүү анхаарал хандуулаач ээ л гэж байна.  Цагдаагийн байгууллага цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор “Unfriend” аяныг хэрэгжүүлж, “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, гарын авлага тараасан. Танихгүй хүнтэй фэйсбүүкээр найз болохгүй байх. Найзаасаа хасахыг ч уриалж байгаа. Мөн эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянахыг ч уриалж, сануулсаар байна. Маш үр дүнтэй ажил, зөв санаачилга. Танихгүй хүмүүстэй тэмцэх ажил үр дүнгээ өгнө байх. Гэвч таньдаг “чөтгөрүүд”-ээс  үрсээ хамгаалах шаардлага байна.

Соён гэгээрүүлэх, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, сэрэмжлүүлэх мэдээллүүд хэрэгтэй.  Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө хардаг, таньдаг “чөтгөр”-өөр үрсээ “мануулах”-аас татгалзахыг, хэнд ч итгэхгүй, зөвхөн өөрсдөө л хаж хандахыг уриалмаар байна.  Харуулах шаардлагатай болсон ч хойд эцэг, ах, өвөө, хамаатан садны ямар ч эрэгтэй хүнд даатгаж болохгүйг анхаарах цаг ч болж.  Мөн энэ чиглэлд хүүхэд хамгаалалд зориулж  байгаа төсөв мөнгийг ч  зарцуулмаар байна. Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт бүхэл бүтэн таван тэрбум төгрөг суулгаж өгсөн.  Харамсалтай нь энэ мөнгийг тийм ч оновчтой зарцуулж чадсан уу гэдэгт эргэлзэхээр. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, хуульч Р.Булгамаа энэ талаар “Таван тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдав гэдэгт би анхаарал хандуулж шинжилгээ хийж үзсэн, харамсалтай дүн гарсан.  2018 оны төсвийн тайлангаас үзэхэд 3.7 тэрбум төгрөгийг нь байгууллагын үйл ажиллагааны зардал болон эд хогшил, тавилга худалдан авахад зарцуулсан байна. Нөгөө бидний хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж өгөөч гэсэн, хүүхдийн эрхийн чиглэлээр дуугарах ёстой байгууллагууд түүнд зарцуулах ёстой мөнгийг эд хогшил тавилга болгоод үрэн таран хийчхэж.

Дээр нь 957.5 сая төгрөгийг мэдээлэл сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт ойн өдрүүд зохион байгуулсан, найман хувийг нь сургалт, семинар хийхэд зарцуулсан байна. Үлдсэн 10-хан нь л хүүхэд хамгааллын ажилд зарцуулагдсан гэсэн тайлан мэдээ гарлаа. Би энэ мэдээллийг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан “Монгол Улсын нэгдсэн төсөв-2019” эмхэтгэлээс олж харсан” хэмээн ярьсан байсан.  Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үед энэ талаар асуусан. Харин  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. Тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон” хэмээн тайлагнасан юм.  Тэд ердөө л тавилгатай холбоотой хэл амнаас болоод төсвөө алдах дээрээ тулчихсан. Ерөнхийлөгч төрийн байгууллагынхантай уулзахдаа хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт суулгах мөнгийг таван тэрбумаас доош оруулж болохгүй гэдгийг сануулсан.

Харин УИХ юу гэж үзэж, яаж хандахыг хэн мэдлээ. Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэх ёстой, улс үрсээ хамгаалахад гар татаж болохгүй. Харин төсөв нэмэгдэхийн хэрээр үр дүн гарах ёстой юм.  2017 онд 187 хүүхэд хүчингийн хэрэгт холбогдож байсан бол энэ тоо 2018 онд буурах л ёстой байсан. Харамсалтай нь буураагүй.  Оны эцэст хүчингийн хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо өнгөрсөн жилийнхийг давбал яах вэ. Тийм магадлалтай харагдаж байна. Төсөв нь хэд дахин нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүн гараагүй нь эндээс харагдаж байгаа юм. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь, хувьсгалын байгууллагуудын хариуцлагыг нэмэх хэрэгтэй байна. Хурал хуй, элдэв зөвлөгөөн, тавилга сэлтэд мөнгө үрэхгүйгээр хүүхдэд хэрэгтэй ажил хийхгүй  бол төсөв нь хасагдсаар алга болох вий дээ.  

Дээрээс нь, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд оногдуулах шийтгэлийг илүү чангалах ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ асуудалд анхаарал хандуулж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүн араатнуудыг цаазаар авах асуудлыг хөндөж тавьсан. Хүмүүс янз бүрийн байр сууринаас хандаж, хүлээж авч байгаа.  Тэдэнд ч хандаж хэлмээр байна, бяцхан үрсээ таньдаг “чөтгөрүүд”-ээс нийтээрээ л хамгаалъя. Биднийг цэцэрхэж, хэрэлдэж, хэмлэлдэж суух хооронд хөөрхий үрс минь хүчингийн хэргийн золиос болсоор л байна.