“Монголын мэдээ” сонины даваа, мягмар гарагийн дугаарт “Дэлхийн зах зээлд валютын ханш яагаад өссөн шалтгаан”, “Бусад улс орнууд ханшийн эсрэг ямар арга хэмжээ” авсан талаар цуврал нийтлэл хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа Монгол Улс дотооддоо ямар арга хэмжээ авч байгаа, валютын ханшид нөлөөлсөн дотоод хүчин зүйлс юу байсан талаарх нийтлэлийг хүргэж байна. Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” (ӨСХ)-ийг өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн зарим үзүүлэлтүүдэд тоон зорилт тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, дотоод цэвэр активын өсөлтийг хязгаарлах тоон шаардлагуудыг хөтөлбөрийн хүрээнд тавьсан. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монголбанкнаас валютын зах зээлд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ болон сүүлийн үед валютын зах зээлд үүсээд буй нөхцөл байдал, түүний учир шалтгааныг тоймлоё.
Валютын ханшид нөлөөлсөн дотоод хүчин зүйлс
Төв банкны тухай хуулийн 22.2 дахь заалт, УИХ-аас баталсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд заасны дагуу Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөтэй бөгөөд макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр бодитой тогтоох зарчмыг баримтлан ажилладаг. Өөрөөр хэлбэл, валютын ханш нь гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тодорхойлогддог.
Хөтөлбөрт хамрагдсанаас хойш Монгол Улс тулгамдаад байсан гадаад өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэснээр бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, манай улсыг чиглэх хөрөнгийн урсгал нэмэгдэж улмаар 2017 оны жилийн эцэст төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарж байлаа. Монгол Улсад орох валютын орох урсгал нэмэгдэхийн хэрээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарч, Төв банкны гадаад валютын нөөц нэмэгдэн, 2017 оны эцэст 3.0 тэрбум ам.доллар, 2018 оны наймдугаар сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Харин 2018 оны 1, 6 дугаар саруудад Засгийн газар нийт 298 сая ам.долларын гадаад өрийг төлж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр барааны импорт долдугаар сараас эхлэн өссөнөөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах дарамт нэмэгджээ. Тодруулбал, дотоод эдийн засгийн идэвхжил сэргэж буйтай холбоотойгоор үйлдвэрлэлийн орцууд, машин, тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн өсөлтийг бий болгох бүтээгдэхүүний импортын хэмжээ өссөнөөр энэ оны эхний найман сарын байдлаар барааны импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн байна. Түүнчлэн бизнесийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотойгоор он гарсаар зээлийн өсөлт эрчимжиж өнгөрөгч оны арванэгдүгээр сард зургаан хувь болж буураад байсан зээлийн өсөлт энэ оны наймдугаар сард 20 хувь болж өссөн (Зураг 3). Зээлийн өсөлт эрчимжсэнээр уг эх үүсвэрээр худалдан авах импортын барааны хэмжээ өсч, улмаар гадаад валютын эрэлтийг бий болгож төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах дарамтыг нэмэгдүүлсэн аж.
Валютын ханшид нөлөөлсөн гадаад хүчин зүйлс
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш буюу 2009 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.00-0.25 хувьд тогтвортой зургаан жил хадгалсны эцэст 2015 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн бодлогын хүүгээ алгуур өсгөх боллоо. Үүнээс хойш 2018 оны есдүгээр сар хүртэл бодлогын хүүгээ нийт найман удаа өсгөж 2.00-2.25 хувь хүртэл өсгөөд байна (Зураг 3). Уг шийдвэр гарснаар ам.долларын өгөөж өсч, ам.доллараар илэрхийлэгдэх хөрөнгийн эрэлт нэмэгдэн, ингэснээр хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшлах үйл явцыг эрчимжүүлж байгаа юм. Улмаар ам.долларын эрэлт өсч, ихэнх улс орнуудын мөнгөн тэмдэгтийн эсрэг ам.долларын ханш чангарах хандлага ажиглагдаж байна.
Ам.долларын үнэ цэнийг илэрхийлдэг DXY индекс энэ сарын 1-ний өдрийн байдлаар оны эхнээс дөрвөн хувь, АНУ-ын төв банк бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж эхэлсэн гуравдугаар сараас хойш 7.3 хувь өсөөд байна. Энэхүү индексийг ам.долларын эсрэг евро, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцарь франк зэрэг голлох зургаан валютын хослолоор тооцдог. Ийнхүү АНУ-ын төв банкнаас ам.долларын өгөөжийг нэмэгдүүлснээр ам.долларын ханш дэлхийн 170 гаруй орны 142 орны мөнгөн тэмдэгтийн эсрэг чангарчээ. Түүнчлэн, АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны зөрчилдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ оны эхнээс 14 хувь, коксжих нүүрсний үнэ есөн хувь, төмрийн хүдрийн үнэ долоон хувь, алтны үнэ есөн хувиар тус тус буурсан. Ийнхүү манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний үнэ буурч буй нь Монгол Улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.
Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юу байв
ОУВС-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийг хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж, макро эдийн засгийн дархлаа, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх зорилгоор Монголбанк бүхий л талаар дэмжиж ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2017 оны тавдугаар сараас энэ оны есдүгээр сарыг хүртэл гадаад валютын албан нөөцийг 2.3 дахин нэмэгдүүлж 2.9 тэрбум ам.долларт хүргэв. Ийнхүү гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд төв банкнаас дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж, 2017 онд төв банкны худалдан авсан алтны хэмжээ түүхэн дээд түвшин болох 20 тоннд хүрсэн. Энэ нь ГВАН-ийг 700 сая ам.доллараар нэмэгдүүлэх нөлөөтэй байсан билээ.
Монголбанкнаас 2018 онд уг амжилтыг улам ахиулж 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2018 оны есдүгээр сарын байдлаар 14.3 тонн алт худалдан аваад байна. Түүнчлэн төв банкинд алт тушаах шат дамжлагыг бууруулж, алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор, Дархан-Уул аймгуудад энэ сард багтаан үнэт металын сорьцын лаборатори байгуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа. Ийнхүү 2018 онд 22 тонн алт худалдан авах зорилт амжилттай биелсэн тохиолдолд дотоодын нөөц бололцоогоор гадаад валютын улсын нөөцийг ойролцоогоор 760 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой юм. 2018 оны эхнээс эдийн засгийн өсөлт эрчимжсэнээр импортын барааны эрэлт нэмэгдсэн, ам.долларын өгөөж өсч олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарах дарамттай байгаа энэхүү нөхцөлд Монголбанк богино хугацааны валютын эрэлт нийлүүлэлтийн зөрүү (liquidity)-г хангах, ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор банкуудад гадаад валютын дуудлага худалдаагаар 2018 онд нийт 560.7 сая ам.доллар нийлүүлсэн бөгөөд үүний 56 хувийг төлбөрийн тэнцлийн алдагдал өндөртэй, томоохон төлбөрүүд хийгдсэн үе болох зургаа, наймдугаар саруудад нийлүүлжээ.
Монголбанк нэг талаас ӨСХ-ийн хүрээнд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэх, нөгөө талаас ханшийг зах зээлийн суурь зарчимтай нийцтэй тогтоох, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсэхээс сэргийлэх зорилгоор шат дараалсан бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хэрэглээний зээлийн хурдтай өсөлт өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, банкны системд эрсдэл хуримтлуулахаас сэргийлэх, зээлийн өсөлтөөр тэтгэгдсэн импортын эрэлтийг бууруулах зорилгоор өнгөрөгч зургдугаар сарын 15-ны өдрийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар иргэдийн хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох, есдүгээр сарын 20-ны өдрийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар хэрэглээний зээлийн хугацааг 30 сар хүртэл болгон хязгаарлах, гадаад валютын орлогогүй этгээдэд олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгох шийдвэрийг тус тус гаргаад байна.
Харин ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх макро зохистой бодлогын эдгээр арга хэмжээнүүд нь хэрэглээний зээлийн өндөр өсөлтийг хязгаарласнаар хэрэглээний шинжтэй импортын эрэлтийг бууруулж, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн түүнчлэн ӨСХ-ийн хүрээнд ОУВС, АХБ, Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд, улс орнуудтай тохирсон санхүүжилтийг хөтөлбөрт заасан хугацаанд Монгол Улсад оруулж ирэх талаар Монголбанк шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа бөгөөд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг бүрэн ханган ажиллаж байна.