Татвар гэхээр хүн бүр мэддэг ч, ойлгохыг огт хүсдэггүй. Татварын талаарх ойлголт хомс учраас татвараас зайлсхийх, зугтах, орлогоо нуух зэрэг зохисгүй үйлдлийг зарим нь гаргадаг билээ. Тиймээс татвараас зугтах, зайлсхийх шаардлагагүй гэж хэлье. Татвар бол таны улс, эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт. Харин таны оруулсан хөрөнгө оруулалтад төр засаг хэр үрэлгэн хандаж байна, шаардлагагүй зүйлд хөрөнгө оруулалт хийж байна уу, үргүй зарлага маш их гаргаж байна уу, үгүй юу гэдэг асуудалд хяналт тавих нь таны эрх. Төр үүссэн цагаас татвар бий болсон гэж үздэг. Гэхдээ татвар албадлагын шинж чанартайгаар явж ирсэн түүхтэй. Үүнээс хойш төрийн хөгжлийн үе шат бүрт татварын зориулалт, төрөл хэлбэр нь байнга хувьсан өөрчлөгдөж иржээ. Татварын талаар эрдэмтэн судлаачид олон талын тодорхойлолт хэлсэн байдаг боловч хамгийн оновчтой нь “Татвар бол Засгийн газраас улс орны нийгэм, эдийн засгийг зохицуулах гол хэрэгсэл юм” хэмээн тайлбарласан байдаг. Ийнхүү өгүүлсэн нь татварын тухай бус Монгол Улсад татварын албаны тогтолцоо ямар түвшинд байгаа талаар жаахан ч атугай хөндөх гэсэн юм.
Манай улсад зах зээлийн эдийн засгийн харилцааны үеийн татвар 1990 оноос хойш бий болжээ. 1992 онд Татварын багц хууль батлагдаж, 1993 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг юм. Татварын хууль тогтоомжийн дагуу тодорхой горим журмаар нь хураан авч, улсын төсвийг бүрдүүлж байна. Тухайлбал, Татварын ерөнхий хуульд зааснаар улсын татварт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Авто шатахуун, дизелийн түлшний албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, Агаарын бохирдлын төлбөр, Улсын тэмдэгтийн хураамж, Ус бохирдуулсны төлбөр, Газрын тосны нөөц ашигласны төлбөр, Газрын тос уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг багтдаг. Харин орон нутгийн татварт Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Улсын тэмдэгтийн хураамж, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, Газрын төлбөр, Галт зэвсгийн албан татвар, Нийслэл хотын албан татвар, Нохойны албан татвар, Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар, Хог хаягдлын үйлчилгээний хураамж, Байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэг багтана.
Тогтолцооны хувьд албан татвар болон хураамж, төлбөр гэсэн гурван хэсэгтэй байна. Албан татвар гэдэг нь хууль тогтоомжийн дагуу татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө бараа ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө юм. Хураамж нь хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хураамж. Харин төлбөр нь төрийн өмчийг иргэдэд ашиглуулсны төлөө татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч буй улс, орон нутгийн төсөв. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд татвар төлөхдөө хариуцлагатай байж, улс орныхоо төлөө оруулах өөрийнхөө хөрөнгө оруулалтад сайтар анхаараарай. Тэгж байж бид эргээд эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, мөн төрөл бүрийн төрийн үйлчилгээг үнэгүй авдгаа санаарай. Энгийнээр хэлбэл, юу тарина, түүнийгээ хурааж авна аа л гэсэн үг.