Монголд бухимдахгүй байх арга ч алга. Бухимдаж, стресстэхгүй хүн ч алга. Бүр байтлаа эхийнхээ хэвлийд бүрэлдэж байгаа ураг хүртэл стресстэж байна. Эхний гурван сар нь авахуулчих болов уу гэж айна. Дунд гурван сард нь аавтай болов уу гэж бухимдана. Сүүлийн саруудад амьд төрөх болов уу гэж санаа зовдог гэж мэргэжлийн эмч ярьсан байсан. Энэ юу ч биш. Төрсний дараа намайг хайрлах болов уу, арай хаячихгүй байгаа.
Утааны улиралд төрчихгүй юмсан. Ханиад л бага хүрээсэй. Ханиад хүрвэл хэвтэх эмнэлэг олддог байгаа даа. Хэвтэх эмнэлэг олдохгүй, эмч нь тоохгүй буцчих вий дээ. Хувийн эмнэлэгт хэвтэх дээрээ тулбал аав, ээжид минь мөнгө байх болов уу гэж санаа зовж байгаа. Тэгээд ч санаа зовох асуудал дуусахгүй. Хоёр нас хүрэхээр цэцэрлэгт орж чадах болов уу, сугалаанд нь хождог байгаа даа. Хэрвээ орж чадахгүй бол намайг харах хүн олдох болов уу. Харах хүн олдохгүй бол өдөр өнжүүлэхэд өгөх байх.
Тэр нь хэтэрхий үнэтэй байвал яана аа гэж бухимдаж байгаа. Ингээд бухимдах зүйл дуусчихгүй. Сургуульд ороход хэчнээн хичээл үзэх бол. Нэгдүгээр ангид ороод 10 гаруй кг хүнд цүнх үүрэхгүй байгаа даа. Сурах бичгийг нь худалдаж авах болов уу. Ерөнхий боловсролыг үнэгүй эзэмшүүлэх хуулиа төр засгийнхан нь мөрдөхгүй бол яана аа. Том болоод машин авахгүй ээ, түгжрэл дунд бухимдах гэж яадаргаа. Гишүүд нь утаа арилгах нэрээр мөнгө шамшигдуулж, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл хумсалбал тэмцэнэ дээ гэж бухимдаж байна.