Нэг өрх-Нэг ажлын байр хөтөлбөрийн хүрээнд “Карьеар” хөгжлийн төв иргэдийг ажилд зуучилж байгаа юм. Энэ талаар “Карьер хөгжлийн төв”-ийн захирал Д.Ерөөгөөс тодрууллаа.
-Танай төв ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-Залуучуудын гарааны бизнесийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг бизнесийг дэмжих гэх мэт төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэхдээ ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг эдийн засгийн суурь ойлголт юм. Харин ажилгүй иргэдийг ажилтай болгох гэдэг нь үүнээс тусдаа ойлголт. Өнөөгийн нөхцөл байдалд хөдөлмөрийн зах зээлд байгаа хоосон ажлын байрууд, ажилгүй байгаа иргэд хоёрыг холбох чиглэлийн арга хэмжээ дутагдаж байгаа юм. Үүнийг бид нээлттэй, олон талын оролцоотойгоор хэлэлцэж, зөв гарц, чиглэлийг олохын төлөө “Нэг өрх-Нэг ажлын байр” форумыг өнгөрсөн мягмар гарагт зохион байгууллаа.
-Ажилгүйдэл их байгаагийн шалтгаан нь юу байна гэж харж байгаа вэ. Ажил олгогчийн шаардлага өндөр байна уу?
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас үзэхэд байгууллагаас тавьж байгаа ур чадварын шаардлага өндөр байна гэсэн дүн гарсан юм билээ. Үүнээс гадна ажил олгогчид ажлын байрны туршлага байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа нь мөн ажилгүйдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж байгаа юм. Гэхдээ нэг үеэ бодвол ажил олгогч байгууллагууд ажлын туршлага гэхээсээ илүү тухайн ажлыг хийх чин сэтгэл, ажил горилогчийн хандлагыг чухалчилж байгаа. Өөрөөр хэлбэл, залуусыг ажилд сургаж авах хандлага хөдөлмөрийн зах зээлд гарч ирж байна. Судалгаанаас үзэхэд ажилд олгогч байгууллагын 80 орчим хувь нь шинэ боловсон хүчнийг сургаж авах чиглэлийг баримталж байна гэсэн дүн гарсан. Ер нь олон улсын түвшинд ажлын туршлага, хандлагаас сул болсон. Өөрөөр хэлбэл, тухайн хүний ажилдаа хандах чин хүсэл сонирхол чухал. Сонирхлынхоо дагуу ажил хайгч болон ажил олгогч хоёрыг холбож өгөх хөдөлмөр зуучлалын үйлчилгээ сайжрах хэрэгтэй байгаа юм.
-Ажилтан хайж байгаа байгууллага болон ажил хайгч иргэд танай байгууллагад хандаж болох уу. Иргэдийг ажилд зуучилж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Карьер хөгжлийн төв тухайн хүн ажилдаа хэрхэн ханддаг юм бэ, ямар ур чадвартай вэ, ямар ажил, мэргэжил тухайн хүнд илүү нийцтэй юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын аргачлалаар тодорхойлдог. Иргэд манай төвөөр өөрийгөө тодорхойлуулснаар өөрийгөө ямар ажил хийвэл илүү тохиромжтой юм бэ гэдгийг тодорхойлуулж, үнэлүүлэх боломжтой. Иргэдэд энэ үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш ажил зуучлалын үйлчилгээ маш их сайжирч байна. Бид Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран энэ ажлыг туршилтын журмаар хийгээд хоёр сар боллоо. Энэ хугацаанд 100 гаруй иргэнийг үнэлж, ажлын байранд зуучилснаар ажил зуучлалын үр, дүн 50 хувиар өссөн. Ажил олгогчдод шаардлагадаа нийцсэн хүнийг олоход илүү хялбар болж байна гэсэн үг. Бид цаашид “Ай карьер” гэх хөдөлмөр зуучлалын газрыг хөгжүүлэхээр зорьж байна. Ингэснээр байгууллагууд нээлттэй ажлын байраа тавигдах шаардлагуудын хамт бүртгүүлж, ажил хайгч иргэд мөн ур чадвар, онцлогоо үнэлүүлж бүртгүүлнэ. Ингэснээр ажил горилогч болон, ажил олгогч хоёрын уулзах цэг ойлгомжтой болж, цаг хугацаа болон чанарын хувьд ахиц гарна гэж харж байна.
-Манай улсад хөдөлмөрийн насны ажилгүй иргэн хэчнээн байдаг юм бол. Судалгаа байдаг уу?
-2018 оны наймдугаар сарын байдлаар албан ёсоор бүртгэлд орсон 31 мянга гаруй иргэн байна гэсэн статистик тоо байгаа. Үүний цаана бүртгүүлээгүй ажилгүй иргэд хэд дахин их байгаа. Ажил хайгч иргэд манай “Карьер хөгжлийн төв” болон Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирж асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мөн хэрхэн карьерээ төлөвлөх, хэрхэн өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд борлуулах талаар сургалтад хамрагдах боломжтой. Ингэснээр бид нээлттэй ажлын байруудад зуучилж өгөх юм.
-Энд насны хязгаар заасан уу?
-Насны хязгаар байхгүй. Насанд хүрсэн л бол хэн ч ирээд бүртгүүлэх боломжтой.
-Сургалтад хамрагдаж, ажилд зуучлуулахад үнэ төлбөр авах уу?
-Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан хандвал төлбөргүй. Харин хувиараа илүү ганцаарчилсан сургалт авъя гэвэл тодорхой хэмжээний төлбөртэй.