Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны шалгалт өгөх иргэд хүний эрхийн боловсролын сургалтад хамрагдсан байх шаардлагатай болж байгаа аж. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэлээс тодрууллаа.
-Төрийн албаны шалгалт өгөх иргэд хүний эрхийн боловсролын сургалтад заавал хамрагдсан байх ёстой байх шаардлагыг тавьдаг болно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2019 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн дагуу төрийн албан хаагч ажлын байранд болон төрийн албаны шалгалт өгөх иргэд шалгалт өгөхдөө хүний эрхийн тухай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнд, төрийн жинхэнэ албанд ажиллахаар шалгалт өгөх хүн бүр хүний эрхийн тухай ерөнхий ойлголт бүхий сургалтад хамрагдан, түүнийг давсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдэнэ гэсэн үг. Төрийн захиргааны гүйцэтгэх буюу удирдах албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид хүний эрх ба төрийн захиргаа гэсэн сургалтад хамрагдаж, ажлын байрандаа байх явцдаа бэлтгэгдэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Төрийн удирдах албан тушаалтан төрд багадаа 8-9 жил ажилласан байх ёстой. Энэ шаардлагыг хангасан төрийн алба хаагч “Хүний эрх буюу ажлын байран дахь дарамт” сэдэвт сургалтад хамрагдах ёстой. Сургалтын агуулга, арга зүйг боловсруулах ажлыг Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, ХЭҮК хамтран боловсруулж байна. Төрийн албан хаагчдыг ажлын байранд нь сургаж, дадлагажуулах журмаар сургалтад хамруулах юм.
-Хүний эрхийн боловсрол гэх ойлголтын талаар тайлбарлаач. Энэ сургалтад хаамрагдсанаар ямар мэдлэг мэдээлэлтэй болох вэ. Төрийн албанд ямар ахиц дэвшил гарна гэж харж байгаа вэ?
-Хүний эрхийн боловсрол гэдэг нь хүний эрхийг, дээдэлдэг, хүндэлдэг соёлыг бий болгоход чиглэсэн бүх төрлийн сургалт, сурталчилгаа, мэдээллийг бүхэлд нь хэлж байгаа юм. Хүний эрхийн боловсролын хамгийн гол асуудал нь хүн өөрөө эрхээ мэддэг байх ёстой асуудал юм. Эрхээ мэддэг хүн эрхээ хамгаалж, эрхээ шаардаж чадна. Өөрийнхөө эрхийг мэддэг хүн, бусдын эрхэд халдах, бусдын эрхийг хүндэтгэдэг болно. Ингэж чадвал хүний нийгэмд байдаг ялгаварлан гадуурхал, хүнд суртал, ажлын байрны дарамт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлууд огт байхгүй болохгүй буурах юм.
-Хүний эрхийн боловсрол, хүний эрхийн соёл гэж ярьж байна. Энэ ойлголтууд манай орны нөхцөлд ямар түвшинд байна вэ?
-Хүн эрхээ эдлэх гол үндэс, суурь нь эрхээ таньж мэдэх, эрхээ шаардах, эрхээ хамгаалах гэсэн зүйлс дээр тулгуурладаг. Хүний эрхийн боловсролын манай улсад ямар түвшинд олгож байна вэ гэдэг талаар ХЭҮК-оос “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын зураглал-2018” гэх дүн шинжилгээг гаргасан. Энэ дүгнэлтээр хүний эрхийн боловсролыг гурван багцад авч үзлээ. Албан боловсролын тотолцоо буюу сургуулийн өмнөх болосролоос эхлээд их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын төвшинд авч үзлээ. ЕБС-иуд Хүний эрхийн хичээл гэж тусгайлсан хичээл ордоггүй боловч сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан хүний эрхийн ойлголтыг өгч байна. Тодорхой хичээл сургалтын систем, тогтолцоо бүрдэж байна. Албан байгууллагуудын хувьд хүний эрхийн мэдлэг ойлголтын талаар нэрлэж болохуйц сайн туршлагууд байна. Гэвч нэгтгээд үзэхэд багш, эмч, нийгмийн ажилтан, цагдаа зэрэг төрийн албан хаагч нарт хүний эрхийн сургалт олгох том тогтолцоо алга байна гэж үзэж байгаа юм. Үндэсний хэмжээнд хүний эрхийн боловсролыг олгох тогтолцоог бий болгоё гэсэн зорилгоор оролцогч талууд ажиллах ёстой.
-Хүний эрх төрийн албанд гэхээсээ илүү цахим орчинд их зөрчигддөг юм шиг харагддаг?
-Албан бус боловсрол буюу хэвлэл мэдээлэл, цахим орчин зэрэгт хүний эрхийн асуудал хэрхэн тусч байна вэ гэдгийг бид үнэлэхийг оролдсон. Үүний дүнд үндэсний хэмжээний мэдээлэл маш хомс байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Манай улсын орон нутгийн иргэдийн 77 хувь нь, Улаанбаатар хотын иргэдийн 84 хувь интернет хэрэглэж байна гэсэн судалгаа байна. Гэтэл цахим орчноор дамжиж байгаа мэдээллүүд хүний эрхийн хэм хэмжээ, зарчимд нийцэхгүй байх нь дийлэнхи байгаа юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, хэвлэл мэдээлэл, маш бодитой, зохион байгуулалттай байх ёстой.