Хүйтний улиралд бөөрний өвчлөл эрс нэмэгддэг. Үүнээс хэрхэн яаж сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвийн их эмч, анагаах ухааны доктор Л.Од-Эрдэнээс тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд манай улсад бөөрний өвчлөл элбэг болсныг эмч нар хэлдэг. Үүний шалтгаан нь юу байна вэ?
-Цаг уурын онцлогтой, ялангуяа хүйтний улиралд бөөрний өвчлөл нэмэгддэг. Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчин, хоолой, шүдний өвчлөл, цус багадалт зэрэг хүчин зүйлүүд байдаг. Мөн амьдралын хэв маягаас шалтгаалаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд эрс өсөж байгаа. Ихэвчлэн хүүхдүүд хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байдаг. Үүнийг үүсгэгч нь хоруу чанартай бактери юм. Энэ бактери бөөрийг гэмтээх эрсдэлтэй. Мөн бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Нэгэнт бөөрний түүдгэнцэр гэсэн онош тавьсан бол насан туршдаа бөөрний эмчийн хяналтад байх ёстой болно. Гэтэл манайхан 10 хоног хэвтэж эмчлүүлээд үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар байгаад бөөрний дутагдалд орчихдог. Нэгэнт бөөрний дутагдалтай гэсэн бол эргээд хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг юм. Энэ архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлээгүйгээс бөөрний дутагдал болдог гэсэн үг. Нэгэнт удаан хугацааны үрэвслийн улмаас дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй.
-Бөөрний дутагдал бүрэн эдгэрэх боломжтой юу?
-100 хувь бүрэн эдгэрэх боломжтой. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь зөв оношлоод, зөв эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гэж оношлогдоод эмчлүүлсэн тохиолдолд бөөрний эмчийн хяналтад байх ёстой. Тэгээд бөөрний үйл ажиллагаа бүрэн эдгэрч сэргээд цаашаа сэдрэх эрсдэлгүй гэж үзвэл дотрын болон өрхийн эмчийн хяналтад заавал үзүүлнэ
-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол ч бас бий. Бөөрний архаг дутагдал таван үе шатаар илэрдэг ч эхний гурван шатанд мэдэгддэггүй, эрүүл юм шиг явдаг онцлогтой. Ингэж явсаар илэрдэг шинж тэмдэг нь ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйдэх зэргээр илэрнэ. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна эвшээхэд амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртдэг гэсэн үг юм.
-Тэгвэл даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой гэсэн үг үү?
-Бөөр хүний амин чухал хос эрхтэн бөгөөд нэг минутад 0.8-1.2 литр цусыг шүүдэг. Бодисын солилцооны явц дахь бүх хортой бодис шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Залуу насанд даралт ихсэх нь ихэвчлэн бөөрний гаралтай. Бөөрний үйл ажиллагаанд үрэвсэл гарч ирэхэд даралт ихсэх шинж тэмдэг илэрдэг. Харин настай хүнд бол зүрх судастай холбоотой.
-Бөөр үрэвссэн эсэхийг өөрөө мэдэх боломжтой юу?
-Бөөрний өвчнийг оношлохдоо шээхэд зовиуртай байна уу, хэр гарч байна, өнгө нь ямар байна, үнэртэй юү, үнэргүй юү гэж асуудаг. Бөөр өвдсөн эсэхээ мэдэхийн тулд цагаан шилэнд шээсээ хийгээд ард нь бичигтэй цаас бариад уншиж чадвал шээс тунгалаг байна гэсэн үг. Харин үсэгнүүд нь балартаад харагдахгүй байвал шээсээ шинжилгээнд өгөх хэрэгтэй гэдгийг энгийн аргаар мэдэж болно. Хаван олон янз. Бөөрний гаралтай хаван ихэвчлэн өглөөгүүр нүүрээр буюу зовхиор хавагнаж эхэлнэ. Харин зүрхний гаралтай бол хөлөөр хавагнадаг.
-Бөөрний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн гол нь доороосоо даарах, чийгтэй гутал өмсөхгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна амны хөндий, шүд, гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнөөс сэргийлэх, эмчлэх, шээс, бэлгийн замын ариун цэврийг сахих, бүрэн эмчлэх нь чухал.