ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шахмал түлшний алдаа, оноотой талыг судална

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-17

Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулах болон хэрэглээг хязгаарлах тогтоол гаргасан билээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг төр Таван толгойн нүүрсний уурхай түшиглэн байгуулаад байгаа. Харин энэхүү шахмал түлш амьдралд хэрхэн үр дүнгээ өгч, агаарын чанарын үзүүлэлт буурах нь уу гэсэн судалгааг БОАЖЯ-ны Орчны бохирдолыг бууруулах үндэсний хороо энэ сарын 17-ноос 24-ний хооронд Морингийн даваа орчмын гэр хороололд хийх эхлээд байгаа аж. Уг судалгааны талаар үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилгээс тодрууллаа.

-Судалгаа хийх болсон гол шалтгаан нь юу вэ?
-Сайжруулсан шахмал түлш сайн, муу гэсэн гомдол санал их гардаг. Лабораторийн шинжилгээгээр стандартыг хангаж байна гэж гардаг. Гэтэл иргэд хэрэглээд ирэхээрээ асалт муу, дулаан ялгаруулахгүй байна гэдэг. Ер нь лабораторийн дүгнэлт нэг өөр, амьдрал дээр хэрэглээд ирэхээр бас өөр дүр зураг харагдана. Тэгэхээр шахмал түлшний давуу болон сул талыг нь судалгааны үр дүнд тогтоох зорилготой юм. Намар, хавар судалгаа хийж болдоггүй. Өвлийн улирал л хамгийн тохиромжтой цаг үе нь. Мөн ирэх оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсний хэрэглээг нийслэл хотод хориглосон байгаа. Тэгэхээр энэхүү судалгааны үр дүнд шахмал түлш алдаатай, дутагдалтай бол засах цаг хугацаа байна гэсэн үг.

-Яагаад Морингийн да­вааг сонгосон юм бэ. Агаарын бохирдол хам­гийн өндөрт тооцогддог Баянхошуу, Толгойтыг сонгож болоогүй юм уу?
-Агаар хязгаарлагддаггүй. Тийм болохоор Баянхошууны хэдэн өрхийг сонгож тандалт, судалгаа хийхээр бусад өрхийн утаанаас ялгах арга байхгүй. Тийм болохоор судалж, газар дээр нь очиж үзэж байгаад Морингийн давааны орчимд 570 өрхийг сонгосон. Тус гэр хороололд гурван камер байрлуулж хэмжилт хийж эхлээд байна. Энэ айлууд энэ сарын 17-оос эхлээд ажлын тав хоног түүхий нүүрс, тав хоног шахмал түлш түлнэ. Энэ хугацаанд ямар үр дүн мэдрэгдэх нь үү гэдгийг хэмжилт хийж дүгнэнэ. Шаталт сайн явагдаж байгаа бол хүхрийн хэмжээ нэмэгддэг. Гол нь тоосонцор багасч байна уу гэдгийг харна. Мөн иргэд шахмал түлш хэрэглээнд нь хэр нийцэж байгаа вэ гэдгийг тухайн хорооны хэрэглэгчдээс санал асуулгаар тодруулна. Энэ ажлуудын дараа шахмал түлш хэр үр дүнтэй байна гэдэг нь гарах юм.