“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх оноос 2-5 насны хүүхдийн шүдний эмчилгээг төрөөс даах тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ЭМЯ-ны Хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаагаас тодрууллаа.
-Хүүхдийн шүдийг эмнэлгүүд үнэ төлбөргүй эмчилдэг болно гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай улсын 18 хүртэлх насны хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн судалгаа байдаг. Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөл, улмаар амь насанд ч аюултай өвчлөлийн суурь болж болохыг эмч нар тогтоосон. Тиймээс “Эрүүл мэндийн яам “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн наймдугаар сард батлуулсан. Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалсан маш чухал хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдийг шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж салбарын зүгээс үзэж байгаа юм. Эдгээр цогц үйл ажиллагааны нэг хэсэг болох амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх арга хэмжээг 2-12 насны хүүхдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг төрөөс гаргахаар тусгасан байгаа. Гэхдээ эмнэлгүүд хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх биш тухайн хүүхдийн шүдний эмчилгээний төлбөрийг төрөөс дааж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Хувийн хэвшлийн эмнэлэгт үзүүлэхэд төлбөрийг төрөөс даах уу?
-Яг энэ асуудлыг шийдвэрлэх гээд бид ажиллаж байна. Нэг шүдийг хэчнээн төгрөгийн өртгөөр эмчлэх вэ, хүүхдийн тоонд тулгуурлан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн өртөг шаардлагатай вэ зэрэг нарийн судалгаануудыг хийж байна. Үүний үндсэн дээр өртөг тодорхой болсон үед эмнэлгүүдэд хамтран ажиллах саналыг хүргүүлэх юм. Мэдээж улсын эмнэлгүүд хөтөлбөрийн дагуу 2-12 насны хүүхдийн шүдийг эмчлэхдээ тухайн хүүхдээс төлбөр авахгүй. Харин хувийн хэвшлийн эмнэлгүүд бидний саналыг хүлээж авбал хүүхдээс эмчилгээний төлбөр авахгүй. Бидний хамтран ажиллах саналыг хүлээж авахгүй бол эрх байхгүй шүү дээ. Тиймээс өртөг тодорхой болж, эмнэлгүүдэд хамтран ажиллах саналаа хүргүүлж дуусаад, хариу ирсэн үед нэгдсэн журмаар ямар эмнэлэг хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх вэ гэдгийг мэдээлэх болно. Одоогоор эмнэлгүүдтэй хамтран ажиллах санал, шаардлагыг боловсруулах шатанд явж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай явж байгаа юм бол?
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019-2023 оны хооронд таван жилийн хугацаатайгаар хэрэгжих юм. Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.
-Хөдөө орон нутгийн эмнэлгүүд энэ хөтөлбөрт хамрагдах уу?
-Үндэсний хэмжээний маш том хөтөлбөр учраас хөдөө орон нутаг, сумдын эмнэлгүүд хөтөлбөрт хамрагдана. Гэхдээ тус хөтөлбөрийг орон нутгийн эмнэлгүүдээс эхлэх үү эсвэл Улаанбаатар хотоос эхлэх үү гэдэг одоогоор тодорхой болоогүй байна.