ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн дээр бөх, бөхийн дээр Л.Чинбат

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-09

Монголын Үндэсний бөхийн холбооны 10 гаруй жил дамнасан хэрүүл Бөхийн өргөөнийхөө хаалгыг эвдэх, сүүлдээ нураах дээрээ тулж, бөхчүүд өргөөндөө барилдаж чадахгүй болсон ч дуусаагүй л байна. “Гацуурт” компаний захирал Л.Чинбатын тэргүүлсэн нэг холбоо бий. Нөгөө талд нь Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлсэн бас нэг холбоо байгаа. Уг нь Л.Чинбатын тэргүүлсэн холбоо нь албан ёсных гэж хэлж болно. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Их эе” хуралдаж, түүнийг тэргүүнээр сонгосон. Харин Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс тэдний зохион байгуулсан “Их эе”-ийг хууль бус гэж үзэж, өөрсдөө бас хурал хийсэн. Тэр хурлаараа Б.Бат-Эрдэнэ аваргыг томилж байлаа.

Ингээд хоёр холбоотой болчихоод, хоорондоо хэмлэлдэж байна.  Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл өгсөн. Оны өмнөхөн, арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Дархан аварга Х.Баямөнх, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлийн хурал хийж, хоорондоо уулзаад, түр зөвлөл байгуулан гарын үсэг зурснаар Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвийн явуулахаар зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдсэн. Гэвч Бөхийн холбооны тэргүүн гэгдэж яваа Л.Чинбат болон тэдний талаас Бөхийн өргөөг нээхгүй, Х.Баянмөнх аварга холбоог төлөөлөх эрхтэй биш гэсэн утгатай мэдэгдэл гаргаж, асуудал мухардав.  

Энэ хооронд Улс тунхагласны баярынхаас эхлээд Ерөнхийлөгчийн цомын барилдаан Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Бөхчүүд, бөх сонирхогчид сөргөлдөгч талуудын дунд зутарч байна.  Төр засаг, удирдлага гэж энэ улсад байна уу.  Хоёр бөх хоорондоо тохирч, түр зөвлөл байгуулаад Бөхийн өргөөг хаах, нээхийг шийддэг болчихсон хэрэг үү. Хоёр холбоо байгуулж тоглосон хэдэн бөхчүүд, бизнесмэнүүд хоорондоо булаацалдаж, хаалгыг нь эвдэж, хэмхлэх эрх бий юу. Төрийн дээр энэ хэдэн бөхчүүд сандайлаад суучихсан юм биш үү. Өргөөгөө нээе, хаая, тэр ч авах ёстой, энэнд ч өгөх хэрэгтэй гээд л. Гэтэл Л.Чинбат гэдэг хүн гарч ирээд Бөхийн өргөөг нээхгүй, Х.Баянмөнх аварга холбоог төлөөлөхгүй гэж байгаа нь бөх­чүүдийн дээр гарч суусан хэрэг биш үү.

Энэ сарын 7-ны өдөр МҮБХ-оос /Л.Чинбатын тэргүүлсэн холбоо. Үндэсний бөхийн холбоо гэж нэрлэх нь зөв ч юм уу, яг хууль ёсных уу, бүү мэд/ уриалга гаргалаа.  Тэд ард иргэд, бөхчүүдийг гүтгэлэг, муйхардалтад автахгүй байхыг сануулж, Бөхийн өргөөг нээхгүй, барилдаан зохион байгуулахгүй байгаа жинхэнэ шалтгаан нь Б.Бат-Эрдэнэ аваргын Л.Чинбаттай үүсгэсэн шүүхийн маргаантай холбоотой гэж мэдэгджээ.  УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Бөхийн өргөөг хаах шийдвэрийг цагдаагийн байгууллага гаргасан гэж мэдэгдэлдээ дурьдсан байна билээ.

Шүүхдэлцэх нь тэдний эрх. Энэ хоёр хүн Бөхийн холбооны тэргүүний суудлыг булаалдаж шүүхдэлцэхэд Бөхийн өргөөг хаах ямар үндэслэл байгааг гайхаад байх юм. Ямар Бөхийн өргөөг авах гэж шүүхдэлцсэн биш. Зүгээр л шалтаг.  Шүүх шийдвэрээ гаргах өдөр ирэх л байлгүй. Тэр болтол Бөхийн өргөөнд ядаж бөхчүүд нь барилдаж байхад яах вэ дээ. Гэтэл бөх, бизнесмэн хоёр “яс”-аа булаалдсаны төлөө Бөхийн өргөөг хаана гэдэг арай дэндэнэ ээ.  Дээрээс нь тэрхүү уриалгад Захиргааны хэргийн шүүхэд өгсөн асуудал эцэслэн шийдэгдсэний дараа МҮБХ /Л.Чинбатын тэргүүлж байгаа холбоо/ нэн тэргүүнд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Нэгдүгээрт “Монголын нийт бөхчүүд, ард иргэдийн хандиваар боссон Бөхийн өргөөг МҮБХ ТББ-ын нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлнэ.

Сүүлийн 20 гаруй жил МҮБХ-г хууль бусаар удирдсан бүлэглэл Бөхийн өргөөг холбооны нэр дээр огт бүртгүүлээгүйгээс болж төр өөрийн мэдэлд авах асуудал яригдаж эхэллээ. Уг асуудалд МҮБХ эсрэг байр суурьтай байгаа. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмчлөлд байх ёстой бөгөөд нийт бөхчүүд, ард иргэдийн хандиваар боссон барилга байгууламж юм” хэмээжээ.  Мөн Бөхийн өргөөг засварлах, олсон орлогоос нь бөхчүүдийн сайн сайхан, эрүүл мэндэд зарцуулна. Найраа хийсэн бөхчүүдийн цолыг хураана гэх мэт олон зорилт тавьж байгаа юм билээ.  

Монгол Улсад шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой л юм бол мэдэгдэл гаргаад, хөгжүүлнэ гээд байгаа холбоо нь хууль ёсных юм. Харин тэр холбоог Л.Чинбат гэдэг хүнд атгуулсан нь эргээд л асуудал зангирах шалтгаан болчихов уу гэж харж байна.  Гоё сайхан амлалтууд яахав ээ, хэн ч өгч чадна. Үнэн чанартаа Бөхийн өргөөг л өөрсдийн мэдэлд аваад, Бөхийн холбооны тэргүүнээр очих сонирхол хэн хэнд нь байна. Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс ч энэ өргөө ямархуу ашиг өгдөг “алтны уурхай” болохыг гадарлаж байгаа.

Тэр ашгаас нь хүртэж суусан хүмүүс ч мэдэхийн дээдээр мэднэ. Цаашлаад бөхтэй холбоотой олон асуудал, мөнгө “угаах” арга энэ холбоонд бий. Түүнд шунаагүй гэж хэн мэдэх юм.  Үнэхээр л бөхийн хөгжилд санаа зовж, ард түмнээсээ ичиж байгаа бол өргөөгөө нээх хэрэгтэй. Холбооны суудлын төлөөх шүүхдэлцээн Бөхийн өргөөнд бөхчүүд барилдахад ямар ч хамаа байхгүй. Аятайхан тохиролцоод, нээчих боломж байгаа нь ойлгомжтой. Гэтэл шүүхэд өгсөн, цагдаа хаасан гэдэг нэрийдлээр нээхгүй суугаа нь зөвтгөх зүйл яавч биш.

Ерөнхийлөгч 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр Бөхийн өргөөг төрийн өмчид авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайдаас хүссэн албан тоот явуулж байсан.  Холбооны маргаанаас болж уламжлалт спортын нэр хүндэд сэв сууж байгаа учраас Бөхийн өргөөг төрд авна гэсэн анхааруулгыг 2018 оны хавар өгсөн. Гэвч энэ мэт шийдвэр, хүсэлтүүд биелэлээ олсонгүй. Одоо ч тэд “ясаа” булаалдсаар л.  ТӨБЗГ-т Бөхийн өргөөг төрд авах асуудлыг судлахад шаардагдах мэдээлэл цуг­луу­лах ажлын хэсэг байгуу­лаг­даж ажиллаж, судалгаа хийсэн. Бөхийн өргөөг барихад улсын төсвийн хөрөн­гө­нөөс 800 сая төгрөг гар­гаж байсан.

Төрийн өмчит 142 компани хандив өргөсөн. Нийслэл газрыг нь үнэгүй шийдэж өгсөн. Эдгээрийг ний­лүү­лээд тооцоход Бөхийн өргөөний 70-80 хувийг төр авах боломжтой гэсэн судал­гаа ч гарчээ. Тийм байхад хэн нэгнийх нь тэр­гүүл­сэн холбоо “Бөхийн өргөөг өөрийн болгож, ТББ-ын өмчлөлд авна. Төрд авах асуудлыг буруу” гэж мэдэгдэж байгаа нь даварсан үйлдэл биш үү.  Төр авна гэснээрээ аваач.