ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүнжигтэй Монгол

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-21

Монголчууд шиг нүнжигтэй, эд баялгаа гайхуулдаг ард түмэн дэлхийн хаана ч байхгүй.  Арван хуруундаа алтан бөгж, гартаа алтан цаг зүүдэг. Дарга нар нь үнэт чулуун шигтгээтэй алтан үзгээр гарын үсэг зурж, гангардаг. Байр, машиныхаа томоор уралдана. Төрийн албан хаагчид нь долоо хоногт долоон өөр хүрэм, цамц өмсөж, зангиа зүүнэ.  Үнэхээр нүнжигтэй. Хаана ч очсон гайхуулна. Гэтэл япончуудыг хар, ёстой утгагүй ёс заншил ч юм уу, дэг журамтай.  Гүйцэтгэгч компанийн захирал нь захиалагч компанийнхаа удирдлагуудтай уулзахдаа үнэт эдлэл, үнэтэй цаг, сүүлийн үеийн утас, айхавтар ганган хувцсаа солиод очдог гэж байгаа.

Учир нь гүйцэтгэгч компанийн хүн захиалагчаасаа илүү үнэтэй эдлэлтэй, хувцастай, утастай очиж болохгүй гэсэн ёс байдаг гэсэн. Хачин байгаа биз дээ. Ийм тэнэг ёс гэж хаа байсан юм.  Манайд бол тохирохгүй. Харин ч хамгийн нүнжигтэй хүмүүст төр нь хүртэл зээл олгож, гишүүд нь цагныхаа үнээр уралдаж байгаа.  Үүнийг чинь нүнжиг гээд байгаа юм. Ерөнхий сайд саяхан аймгийн Засаг дарга нартай уулзахдаа “Үнэт чулуун шигтгээтэй, хүн цохиж алмаар алтан үзэг хэрэглэж байна. Үнэтэй цаг зүүдэг. Үүнийгээ боль” гэж загнана билээ.

Ард түмэн ядуу байхад төрийн албаныхан баянаараа битгий гайхуул ч гэх шиг. Японыг дуурайх гээд байгаа юм уу, хаашаа юм. Манай дарга нар, гишүүд 40, 50 мянган ам.долларын цаг зүүж, алтан үзгээр гарын үсгээ зурахгүй бол үйлс нь хазайж, ажил нь бүтэхээ больж, сангаас авдаг зээл нь “тэнэж” одох нигууртай учраас муу. Бүр нүнжиг нь тэнэж одвол яана. Ёстой тэгж болохгүй. Нүнжиг нь улам нэмэгдэж, гэдэс нь урагшаа түрж, гар нь алтан бөгж, бугуйвч, цагаа даахгүй болж байж энэ улс чинь хөгжих учиртай юм. Манайх чинь Японоос огт өөр заншилтай. Тэд ухамсраараа бид нүнжгээрээ уралддаг юм.