Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны байр руу орлоо. Урдаас баахан медалийн зураг угтав. Цочих шиг болов. “МЗХ ийм олон медалиар шагнуулсан байх нь” гэж бодтол биш ээ. Би эндүүрч. Харин энэ их медалиар залуусын энгэрийг нь цоолдог юм байна. Од, өргөмжлөл тав, тэмдэг медаль 21 байх аж. Нэг бүр нь 33 мянган төгрөгийн үнэтэй энэ шагналуудыг яаралтай авах бол таван мянган төгрөг нэмэгддэг гэнэ. Харин хаяж үрэгдүүлбэл 40 мянган төгрөг тус холбооны дансанд хийж байж нөхөн авах эрх нээгддэг байна. Салбар салбартаа амжилт гаргаж яваа залуучуудыг шагнах гэдэг сайхан. Гэхдээ энгэртээ наах тэмдгээ худалдаж авна гэхээр нэг л сэтгэлд бууж өгсөнгүй. Монголын залуучуудыг их бүтээн байгуулалтад уриалан дуудаж, Атарын сангийн аж ахуй, Дархан, Эрдэнэт хот, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Багануурын уурхайг барьж байгуулах ажлын тэргүүн эгнээнд явдаг байсан МХЗЭ-ийн суурь бааз дээр шинэчлэгдэн байгуулагдсан энэ холбоо өнөөдөр ямар үйл хийгээд байна гэх эргэлзээ төрснөө нуух юун.
Залуусыг багаас нь медаль, энгэрийн тэмдэг худалдаж авдаг сэтгэхүйд сургах нь хэнд ашигтай вэ гэсэн асуулт толгойд эргэлдлээ. Бялдуучлал, албан тушаал, одон медалийн дон эндээс л халдварлах юм биш байгаа гэсэн бодол тээн үүдний хамгаалагчтай уулзаж, МЗХ орох гэж яваагаа хэллээ. Тэрбээр “Хоёр давхарт” гэж товчхон хариулав. Бусад давхарт нь юу байдгийг асуувал: “Түрээслэгчид” гэв. Ингээд хоёр давхарт гарч МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай уулзах гэтэл Ерөнхий нарийн бичгийн даргатай уулз гэж туслах нь чиглүүлэв. Заасан өрөөнд нь очтол туслах нь даргатайгаа уулзаж гарч ирээд “Та 210 тоот өрөөнд ороод н.Цэрэндолгор гэдэг хүнтэй уулз” гэлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь сэтгүүлчтэй уулзахаас мөн л татгалзав. Ингээд тус холбооны Бодлого төлөвлөлтын газрын мэргэжилтэн Ц.Цэрэндолгортой уулзлаа.
-Танай холбоо одоо ямар бүтэцтэй ажиллаж байна вэ?
-Манай холбоо 2015 оны тавдугаар сард хуралдсан тавдугаар их хурлаараа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар зөвлөлтэй, бодлогын дөрвөн хороотой ажиллахаар болсон. Өмнө нь ч гэсэн бүх аймаг, дүүрэгт салбар зөвлөл ажилладаг байсан.
-Залуучууд руу чиглэсэн ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ. Гишүүнчлэлтэй юу?
-Гишүүнчлэлгүй. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Бид залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. МЗХ эрдэм шинжилгээний хурал болон уламжлал болгон зохион байгуулж ирсэн нэлээд олон томоохон арга хэмжээнүүд бий.
-Жишээ нь?
-МЗХ-ноос УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлыг 2018 оны 9, 10, 11 дүгээр сард зохион байгуулсан. Уг хуралд эрдэмтэн, залуу судлаач, оюутнууд нийлээд 200 гаруй хүн оролцсон. Оны шилдгийг шалгаруулдаг “Next Stop” арга хэмжээ, “Цагаан уул” хайрын яруу найргийн наадам гэх мэт олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг гэлээ.
-Энэ дөрвөн давхар байшин холбооны өмч үү. Түрээслэгч олон юм. Төлбөр нь хэд байдаг юм бэ. Залуучуудад нээлттэй өрөө, танхим бий юу?
-Холбоо хоёр давхарт байрладаг. Бусад давхруудаа түрээсэлж, байрныхаа ашиглалтын зардалдаа зарцуулдаг. Өрөөний түрээс нэг ам. метр нь 40 мянган төгрөг гэж тогтоосон санагдаж байна. Хоёр давхарт Солонгос мэдээллийн төв байдаг. Энд залуус хүссэн үедээ ирж мэдээлэл авч болно. Нэг давхрын хурлын зааланд манай салбар зөвлөлүүд үнэ төлбөргүй хурал зөвлөгөөн хийдэг.
Тэрбээр ийн ярив. Тус холбоо 2019 оныг нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа гэж мөн тайлбарлаж байсан.
Залуус өнөөдөр хаана чөлөөт цагаа өнгөрөөж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, төлөвшиж хүмүүжиж буй нь тодорхой бус болсон. Үнэндээ залуучуудын гэх тодотголтой бүхэн үгүй болсон. Тухайлбал: Хүүхэд залуучуудын театр, Залуучуудын соёлын төв гээд л бас чамлахааргүй хэд хэдэн газар байв. Гэтэл Хүүхэд залуучуудын театр нь ХААН банк болсон. Харин соёлын төв нь төрийн байгууллага болчихоод байна. Залуучуудын гэдэг нэртэй ганц байшин үлдээд байгаа нь одоогийн МЗХ-ны байр. Гэтэл энэ байшин түрээслэгчээр дүүрчээ. Тус байрны өрөө тасалгааг тооцож үзвэл сардаа 100 гаруй сая төгрөг дансандаа төвлөрүүлэх таамаглал байна. Магадгүй үүнээс ч их байж болно. Ийм хэмжээний мөнгийг МЗХ дансандаа төвлөрүүлж, дээрээс нь өргөмжлөл, медаль, тэмдгээ зардаг гэж бодохоор чамлахааргүй орлоготой юм байна. Монголд ийм хэмжээний орлоготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага ховор байх. Ингэж бодохоор би бизнесийн байгууллагын үүдийг татсан ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Үнэхээр нийгмийг хамарсан том арга хэмжээ зохион байгуулж, залуучуудыг төлөвшүүлэх, мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэх гэх мэт томоохон ажлууд нийгэмд үгүйлэгдэж байна. Энэ л орон зайг нөхөж чадахгүйгээс хойш ийм нэг холбоог социализмын үед төрийн хөрөнгөөр барьсан том байшинг өмчлүүлэн эрхлүүлэх хэрэг байна уу. МЗХ бусад залуучуудын гэх нэртэй улс төрийн намын дэргэдэх холбоодоос ялгарах онцлог алга.
Ганц ялгарах юм нь том байртай. Түүгээрээ мөнгө босгодог. Бусад нь яг адилхан. Хайрын яруу найргийн “Цагаан -Уул” наадам зэрэг хэдхэн уламжлал болсон арга хэмжээнээс өөр нэг их гавьяатай үйл явуулдаггүй гэдэг нь хэнд ч илхэн байна. МЗХ-г дагасан хүн улс төр рүү ордог нь жам. Тус холбоонд тэргүүлэгч байсан одоо байгаа хүмүүсээс нэрлэвэл: УИХ-ын гишүүн Д.Санжмятав, УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар нар албан тушаал ахих нэг шатаа болгосон байх юм. Ингээд л бичээд байвал их олон хүний нэр бичигдэнэ. Тэгэхээр ирээдүйд улс төр хөөх сонирхол бүхий хүмүүс л холбоо барааддаг гэхэд гэх их хэтрүүлсэн болохгүй байх. Ийм л нэг холбоо социализмын үед төрийн хөрөнгөөр боссон барилга дотор “тоглож”, улс төрийн шат дамжлага болгон сууж байна. Гэтэл залуучууд нь чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй гудамжинд тэнүүчилж явна. Нэг холбоог ийнхүү эрхлүүлж байхаар энэ байшингаа төр мэдэлдээ аваад Залуучуудын мэдээллийн төв ордон болговол яасан юм бэ. Тус ордонд залуус дэлхийн мэдээлэл технологийг судалж, суралцах нөхцөлийг төр бүрдүүлээд өгөөч. Үйл ажиллагаа нь бүгд үнэгүй байя. Энд залуус оюунаа цэнэглэж, хэлний болон мэдээлэл, технологийн мэдлэгээ дээшлүүлдэг байвал яасан юм. МЗХ-ны байр бол Монголын нийт залуучуудын өмч байх ёстой.