“Хөх сувд-2019” мөсний баярыг үзэх сонирхолдоо хөтлөгдөж Улаанбаатар хотоос гарч 1000 орчим километр хөндлөн гулд давхисаар “Далай ээж”-ийн эрэгт хүрэв. Зам зуур Хатгал тосгон хүртэл машины цуваа ч тасарсангүй. Ийн цувж яваа нь “Хөх сувд-2019” мөсний баярыг зорьж буй бололтой.
Үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нурууд, өндөр өндөр хөх сарьдагууд, цэнгэг усаараа гайхагдсан Далай ээжийн “Мөсний баяр” “Хүй толгой” хэмээх газар болохоор бүх бэлтгэлийг нь хангажээ. Хатгал тосгоноос 1.5км-ийн зайтай, мөс хамгийн зузаан хөлдсөн тул “Хүй толгой” хэмээх энэ газрыг зохион байгуулагчид сонгосон аж.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл далайг олон нийтэд сурталчлах зорилгоор 19 дэх жилдээ зохион байгуулж буй уг баярыг зорих хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Анх арваад чаргатай морины уралдаан болж, зөвхөн нутгийн иргэд л оролцдог байжээ.
Өдгөө хүссэн хүн бүр зорьж болохоор томоохон арга хэмжээ болтлоо өргөжсөн тухай нутгийн зон олон хуучилж байлаа. “Хөх сувд 2019” арга хэмжээг үзэж сонирхохоор гадаад дотоодын 20 гаруй мянган аялагчид ирсэн аж.
Хөвсгөл нуурын мөсөн дээр, орон нутгийн онцлогийг харуулсан “Нүүдэл” хотхоныг нутгийн урчууд бүтээж, уул ус, ан амьтнаа хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачууд саатах хоёр мөсөн гулгуурын талбайг бүтээж, өнгө өнгийн гэрэлтүүлгээр чимжээ. Баярт оролцож буй хүмүүс үдлэж, хооллох гэр гуанз, цайны газар элбэг байлаа. Мөнгө л байвал тэнд бүх зүйл хангалттай.
Зорьж очсон гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татсан нэг үйл ажиллагаа нь Галын тахилга буюу Бөөгийн зан үйл. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар “Самгалдай” төвтэй хамтран Хөвсгөлийн бөө нар соёлын биет өвийг танилцуулах зорилгоор гэр музей байгуулжээ. “Галын тахилга, бөөгийн зан үйл” арга хэмжээг зохион, далай ээжийн 13 хайрхад, 13 лусын эхтэй нь хамт тахих зан үйлийг хийсэн юм. Хөвсгөлийн дархад бөө нараас гадна буриад бөө нар уригдаж галаа баясгажээ.
Энэ жил хамгийн олон гадаад дотоодын жуулчид ирснээс гадна, аймгийн 30 гаруй төрийн байгууллага үйл ажиллагаагаа сурталчлав. Нутгийн гар урлаачид өөрсдийнхөө хийсэн бэлэг дурсгалын зүйлс, малын гаралтай бүтээгдэхүүн, загас зэрэг нутгийнхаа брэндүүдийг дэлгэн тавьжээ. Мөн мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт зэрэг үзэж харах, сонирхох бүтээн байгуулалт, танин мэдэхүйн зүйл их. Сайны хажуугаар саар мундахгүй гэгчээр зарим зохион байгуулалтгүй, замбараагүй, шүүмжилмээр зүйлүүд байсныг энд онцолмоор санагдав. Тодруулбал, аялагчдад бие засах газар хүндрэлтэй байв. Эргээс зайдуухан найман ширхэг био жорлон байрлуулсан ч, зарим нь ажиллагаагүй. Бие засах иргэдийн дараалал, хүлээлт ихтэй. Хүлээж ядсан аялагчид, био жорлонгийн эргэн тойронд, эсвэл машинтайгаа уулын бэлд очиж байгаа нь харагдсан юм. 20 гаруй мянган хүний дунд найм хүрэхтэй үгүйтэй жорлон байх нь зохион байгуулалт тааруу байгаагийн жишээ гэж хэлэхэд буруудахгүй биз ээ.
Мөн өнгөрсөн жилийн мөсний баяраар автомашины зогсоолыг шийдээгүйн улмаас аялагчид машинаа мөсөн дээр байрлуулав. Олон нийтийн сүлжээгээр энэ асуудлыг ихэд шүүмжилсэн юм. Энэ жил автомашиныг мөсөн дээр биш, эрэг дээр байрлуулна гэдэг шийдвэрийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас гаргасан ч, үр дүнд хүрсэнгүй. Өнгөрсөн жилийг бодоход харьцангуй бага байсан ч нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил юм болов. 2018 онд 2000 гаруй машин ирсэн гэсэн мэдээлэл өгсөн. Харин энэ жил 2500 гаруй автомашин байсан тухай зохион байгуулагчид ярьж байлаа.
Мөсөн дээр машинаа олноор нь байрлуулах нь хүмүүст тээртэй байхаас гадна, Хөвсгөл далайн усыг бохирдуулж байгаатай ялгаагүй. Учир нь, автомашины утаа хар тугалга, хөө тортог, бензин, азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс мөс хайлаад ирэхээр тэдгээр хорт бодисууд нуурын усанд тархаж, шингэх аюултай. Гэтэл Хөвсгөл нуурын ус цэвэр тунгалгаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээрээ Азид дөрөвдүгээрт, цэвэр усны нөөцөөрөө Монголд нэгдүгээрт ордог аж. Манай орны цэнгэг усны 65 хувь, дэлхийн цэнгэг усны хоёр хувийг агуулдаг. Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжуулан Байгаль нуурын усны 60 орчим хувийг хангадаг билээ. Мөн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг бүхий улсын байцаагч мөсний баяр болох талбайн орчим хэмжилт хийжээ. Улмаар Хөвсгөл нуур хамгийн зузаан нь нэг метр 30 см, хамгийн нимгэн нь 60 см хөлдсөн байгаа нь тогтоогдсон. Хүслийн хаданд очих иргэд тусгай тэмдэглэж тогтоосон маршрутын дагуу явах хэрэгтэйг анхааруулсаар байхад иргэд машинаар хурд хэтрүүлэн давхисаар...
Мөсөн дээгүүр зорчихыг зөвшөөрсөн улаан тугнаас гарах, даац хэтрүүлэх, хаа хамаагүй газар дрифт хийх, бага насны хүүхдийг машины дээд цонхоор гаргах зэргээр өөрсөддөө эрсдэл үүсгэх, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох зүйлүүдийг хийж байв. Зөвшөөрөлтэй хэсгээр автомашинтай зорчихтой зэрэгцэн мөс хагарах дуу гарч байхад ч айдас төрж байлаа. Харамсалтай нь дураараа, зөвшөөрөлгүй хэсгээр зорчиж болохгүй гэдэг шаардлагыг тэнд ажилласан цагдаа, онцгой байдлынхан тавьсангүй, анхаарал болгоомжтой зорчихыг ч зөвлөсөнгүй. Энэ мэтчилэн алдаа дутагдлыг бичээд байвал барагдахгүй. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг хүний буруутай үйлдэлтэй шууд холбодог. Томоохон гол мөрөн, нуур өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг гэдэг ч, цэвэрших нөхцөл бололцоог олгохгүй байгаа нь үнэн. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж “Далай ээж цаазын тавцанд” хэмээх нийтлэлдээ “Хөвсгөл нуурын тухай яриа, домог олон бий. Бүр XVII зуунд мөсөн дээгүүр нь морин хөсгөөр тээвэр хийдэг байхад нуурын дундах “Далайн хүйс” нэртэй арал дээр олон хэл мэддэг нэгэн эрдэмтэй лам уг ажлыг төвлөрүүлэн атгаж байжээ. Тэр “Хөвсгөл бол ариун нуур. Өчүүхэн ч бузарлаж болохгүй” хэмээн морины баас хийх тусгай сав аянчин жинчин бүрд ганзагалуулдаг байсныг тухайн үед олон хэл дээр гарсан эрдэм шинжилгээний холбогдолтой номд өгүүлжээ” хэмээн бичсэн байдаг.
Хөвсгөл нуур хад асга ихтэй, ус нь ганц урсгалтай учир нуурын усаа цэвэршүүлэхдээ удаан байдаг.Тиймээс онгон дагшин, байгалийн сайхнаар нь хадгалах үүрэг зөвхөн бидэнд л бий. Зөвхөн баярлаж, наадахдаа биш Хатан далай ээж, Хан Сарьдагтаа хүндэтгэл үзүүлэх, хайрлаж хамгаалахад “Хөх сувд 2019”-ийн гол зорилго орших байлаа. Даанч тэгж чадсангүй.