ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баярлаж чаддаггүй гадныхан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-10

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлхий даяар тав гаруй сая эмэгтэй эрхийнхээ төлөө жагсчээ. Жилдээ ганц тохиох баярынхаа өдрөөр өөрсдийгөө шийтгэж, жагсаж өнгөрөөдөг хачин улс юм тэд. Эрхээ эдэлж, наргиж цэнгэж явах боломжоо гудамжинд сайн дураар жагсаж өнгөрөөдөг тэднийг “хачин” гэхээс өөр юу гэх вэ. Харин монгол эмэгтэйчүүд баярын өдрөө баярлаж чаддаг, эрхээ эдэлж, эрхэлж чаддаг гэдгийг энэ өдөр эрүүлжүүлэхэд хоносон олон эмэгтэй харуулжээ. Баярла, цэнгэ, эрхээ эдэл гэж энэ өдрийг эмэгтэйчүүдэд зориулсан байлтай. Гэтэл хайран цаг хугацаагаа жагсаж өнгөрөөж байдаг дүүрсэн хүүхнүүд гэж бас байдаг юм байна. Ганц амьдрах насандаа жилдээ нэг тохиох баяраараа ууж, идэж, наргиж цэнгэж эрхээ эдлэх хэрэгтэй. Яаж сэтгэхээрээ өдөржин жагсъя гэж боддог юм бол. Эрх чөлөө, эдлэх жаргал нь хэтэрсэн улс бололтой энэ гадныхан. Тийм болоод л баярлаж, цэнгэж өнгөрөөх ёстой өдрөө тоолгүй, гудамжинд гарч, жагсаал, цуглаан зохион байгуулж зогсдог байх. Баярын ганц өдрөө ууж, идэж, наргиж цэнгэж, ханатлаа баярлаад авах овсгоо тэдэнд алга. Авхаалж самбаагүйдээ л тэд эрхээ эдлэх өдрөө жагсаж өнгөрөөж байгаа нь энэ биз. Ядаж л тэдэнд сүүлд дурсаж, инээж хөгжих дурсамж үлдэхгүй. Өдөржин жагсаж, баяраа тэмдэглэж билээ гэж ярилтай биш дээ ямар. Харин манай хүүхнүүд бол өөр. Олдсоныг алддаггүй төрөлхийн овсгоотой зан бидэнд бий. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр эрхээ эдэлж, нохой гурав харагдтал ууж, арын ажлыг эрчүүдэд даалгаж, амьдралаас нэг өдөр тасардаг. Эрүүлжүүлэхэд хоносноо эргэн дурсаж, элэг авмаар дурсамжыг ч бүтээж байна. Бид баярын өдрөөрөө баярлаж чаддаг сүйхээтэй бүсгүйчүүд.