Засгийн газар 2018 оны зургадугаар сард тогтоол гаргаж, гялгар уут хэрэглэх, үйдвэрлэх, импортлохыг хориглосон. Энэ тогтоолыг гуравдугаар сарын 1-ээс эхлэн дагаж, мөрдөж байгаа. Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй технологийн эрэлд гарч байгаа өнөө үед манайх шинэ санаа, шинэлэг үйлдвэрлэлээр өрсөлдөж чадахгүй ч ядаж л гялгар уут хэрэглэхээ больж байгаа нь сайшаалтай. Энэ чинь дэлхий нийтийн байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл эрхлэх гэсэн зорилгод манай улс хувь нэмрээ оруулж байгаагийн нэг хэлбэр.
Чадах чадахаараа л байгаль эхээ хайрлан, хамгаалж байна. Зузаан, нимгэнээр ялгаад яахав. Нэг мөр бүх гялгар уутыг хориглох хэрэгтэй. Дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүнээ юунд хийж хүмүүст өгөхөө өөрсдөө шийднэ биз. Иргэд харин томхон халаастай хувцастай болчих. Шинэ хувцас авахаараа аль болох томхон халаастайг нь сонго. Захиалга өг. Өмнөд хөршийнхөн тун удахгүй бидний хэрэглээг мэдрээд том халаастай өмд, цамц, гадуур хувцас үйлдвэрлээд өгнө дөө, санаа зоволтгүй. Том халаастай өмдний нэг халаасанд 4-5 ширхэг төмс, нөгөөд нь дунд зэргийн байцаа багтаж байна гэсэн.
Томхон куртикны хоёр ханцуйд ундаа, шар айраг, шилэн савлагаатай бүтээгдэхүүнийг хийчихэж болно. Бүр том ганц нэгийг нь тэврээд явчихгүй юу, ядах юу байна. Харин зун л жаахан хэцүү байх. Тэр дундаа эмэгтэйчүүд. Элдэв даашинз өмсчихвөл төмс, байцаа хийх газар олдохгүй. Харин тэрлэг өмсвөл өвөртөө хийж болно. Хүүхнүүд минь эх дэлхийгээ хайрлахын төлөө ганц зун тэрлэг өмссөн дөө ч яах вэ дээ. Дараа жилээс даавуун тор хэрэглэж сурах байлгүй.