ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жижиг савлагаатай, хямд үнэтэй архины бизнесийг хэн хянадаг вэ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-20

Архи идээний дээж хэмээн өвөг дээдэс маань хэлдэг байлаа. Харин орчин үед хэрэглээний дээд болчихсон юм биш үү гэсэн бодол төрлөө. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл үлдээгүй 1990 оны эхээр Монголчууд Германаас импортоор орж ирдэг спиртээр баярын арга хэмжээгээ өнгөрүүлдэг байлаа. Эрээний хилээр “өвгөнт” нэртэй архи вагон вагоноор орж ирж, айлууд бурхандаа тавьдаг байснаа сүүлд архинд орсон хүмүүсийн хүртдэг “ундаа” болж, Өвгөнтийн хөндий нэртэй газар хүртэл нийслэлд бий болж байв. Шагчид гэх бүхэл бүтэн арми бий болж, Багшийн дээд, Хүнсний 20 зэрэг газруудаар найруулсан спирт зарж амь амьдралаа залгуулж байсан үе ч бий. Тэгвэл энэ цаг түүх болон үлджээ. Одоо томоохон худалдааны төвүүдээс эхлээд захын жижигхэн найман нэрийн дэлгүүрийн лангуу дүүрэн архи өрөөтэй. Сар бүрийн 1-ний өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй журам гараад хэдэн жилийн нүүр үзлээ. Нэмэр болсонгүй. Хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй гадаад, дотоодын архинаас гадна хэн хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй ганц хоёрхон мянган төгрөгийн үнэтэй архинууд ч элбэг худалдаалагдаж байна. 
Бид өнөөдрийн сурвалжла­гаараа хүнсний найман нэрийн барааны дэлгүүрүүдэд архины борлуулалт хэр байдаг, ямар төрлийн архи ихэвчлэн худалдаалагдаж байгааг  сонирхсон юм. 

 

Гэр хорооллын дэлгүүрүүд “Хандгай”, “Хамаг Монгол” архийг их зардаг 

Чингисийн талбайн ойрол­цоох дэлгүүр болон Чингэл­тэй дүүргийн Хайлаастын шинэ, хуучин эцэс, Сонгинохайрхан дүүр­гийн Толгойт, Баян­хошууны эцсийн дэлгүүрүүдээр орлоо. Хотын төвийн дэлгүүрүүдэд хамгийн үнэтэй дотоодын архи 127 мянган төгрөг бол хамгийн хямд нь 0.5 граммын “Ерөөл” архи ажээ. Харин ”Хараа” нэртэй архинууд 14500 төгрөгийн үнэтэй байлаа. Үүний дараа гэр хорооллын эцсийн буудалд үйл ажиллагаа явуулдаг архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрийн хаалга татлаа. Энэ дэлгүүрүүдэд 27 мянгаас таван мянган төгрөгийн үнэтэй архинууд худалдаалдаг юм байна. “Хандгай”, “Хамаг Монгол” гэх гоёмсог савлагаатай 0.5 грамм нь 5000, 0.75 грамм нь 6000 мянган төгрөгийн үнэтэй архи анхаарал татлаа. Ийм архийг голдуу архинд дуртай хүмүүс худалдаж авдаг гэнэ. Редакцийн даалгавраар, энэ тухай сурвалжлагад явахаасаа өмнө ийм архи байдаг гэдгийг ч мэддэггүй, анзаардаг ч үгүй байж. Харин архины хэрэглээ, борлуулалтыг сонирхоод явахаар сонин тоо, гунигтай ч юм шиг бас харуусмаар мэдээлэл олдлоо. Монголчууд бид цөөхөн.

Энэ цөөхөн монголчуудын ууж  хэрэглэж буй архины нэрнүүд маш онцгой, содон байх нь элбэг.  “Хандгай”, “Хамаг Монгол” гэх сархдыг хүмүүс ихээр авдаг бөгөөд сэржимний гэх тодотголтой ч хямд үнэтэй, жижиг савлагаатай тул архинд донтсон болон шартсан хүмүүс их авдаг бололтой. Миний орсон дэлгүүрийн худалдагч ч ганц гүйлгээ сайтай архи, хүмүүс сэржим өргөх гэж их авдаг, бас уудаг хүмүүс ч  их худалдаж авдаг гэдгийг нуугаагүй. Гэхдээ ямар компанийн, хаана  үйлдвэрлэсэн, ямар спиртээр найруулсан, ямар ус хэрэглэсэн архи гэдгийг харин мэдэх худалдагч ховор байв. Дээрх архинуудын шошго дээр ямар аж ахуйн нэгжид үйлдвэрлэсэн гэдэг ямар ч мэдээлэл алга. “Хандгай”, “Хамаг Монгол”-ыг архичид олноор цугладаг гэр хорооллын эцсийн буудал орчимд байх дэлгүүрүүд ихэвчлэн худалдаалагддаг нь ажиглагдлаа. Дэлгүүр болгон ч худалдаад байдаггүй юм байна. Харин 100 граммаар савласан “Хараа”, “Ерөөл” зэрэг архийг шартсан болон орой гэр рүүгээ явж буй хүмүүс авдаг, борлуулалт сайн биш гэж худалдагч нар ярьж байв. Ер нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн ашиг олдог ганц бүтээгдэхүүн нь архи болон согтууруулах ундаа гэнэ. 

Гэр хорооллын гудамж, хашааны булан тохойд жижиг архины янз бүрийн хэлбэр хэмжээтэй архины шилнүүд тааралдана. Согтуу нөхөр, согтуу аавын паян эндээс эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Архинд донтогчид ийм л архиар эрүүл мэндээ муутгаж, оюун сэтгэхүйгээ хордуулж, ар гэр, ойр орчмынхныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдаг биз. Архичидтай, архидалттай тэмцье гэвэл эхлээд хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй жижиг савлагаатай хямд үнэтэй архины бизнест холбогдох байгууллагууд хяналт тавьж, шалгаж илрүүлэх нь юу юунаас илүү чухал баймаар. Их эзэн хааныхаа нэрийг архины шилэн дээр сийлчихээд нэртэй зурагтай шилтэй шошготой нь хогийн цэг дээрээ хаядаг ард түмэн гэж байхгүй л болов уу. 

 

Онцгой тохиолдолд л нийслэлээс шалгалт явуулдаг

Дэлгүүрийн худалдагч нараас ийм л мэдээллийг аваад үйлдвэрлэсэн байгууллага нь тодорхой бус хямдхан архинд хэр хяналт шалгалт тавьдгийг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт очлоо. Гэтэл байцаагч нар “Архины хяналтыг нийслэл тавьдаг. Тийшээ оч” гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хэлтсийн улсын ахлах байцаагч Т.Оюунбилэгтэй уулзаж, хаяг, шошго нь тодорхой бус бүтээгдэхүүнд ямар хяналт тавьж, арга хэмжээ авдгийг тодрууллаа.  Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг явуулдаг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-ийг үндэслэн шалгалт явуулдаг. Энэ хуульд сав баглаа боодлын шошгонд тавих шаардлага гэж бий. Үүнийг л баримтлан шалгадаг.

Дүүрэг нь өдөр тутмын хяналтыг тавьдаг. Харин нийслэл онцгой тохиолдолд шалгалт явуулдаг”  гэсэн тайлбарыг өглөө. 

Мэргэжлийн хяналтын байгууллага Зөрчлийн тухай хууль гарахаас өмнө шалгалт явуулаад гарсан зөрчлийг улсын байцаагчийн эрхийн дагуу газар дээр нь устгалд оруулах акт бичдэг байжээ. Гэтэл Зөрчлийн хуулиар заавал прокурорын зөвшөөрөл авдаг болсноос хойш хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гарсан зөрчил 3-7 хоногт шийдвэрлэгдэж хугацаа алддаг болжээ. Ийм л тайлбарыг албаны хүн өглөө. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас бидний араас утасдаж “Бид архины үйлдвэр гэж ойлгосон. Одоогоор манай дүүрэгт зөвшөөрөлгүй архи худалдаалсан гомдол ирээгүй байна. Гомдол ирсэн тохиолдолд бид шалгадаг” гэх нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг санагдсанаа нуугаад яахав. Уг нь 2013 оноос өмнө архины үйлдвэрийн үйлдвэрлэсэн архинаас сар болгон дээж авч шинжилдэг байсан гэнэ. Харин мөн оноос хэрэгжиж ирсэн хуулийн дагуу архины үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг болжээ. Үүнээс хойш хэн нэгнээс гомдол ирэхгүй бол ямар чанартай бүтээгдэхүүн зах зээл худалдаалагдаж байгааг хэн ч мэдэхгүй болоод байгаа гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй. Архийг спиртээр хийдэг гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Үнэ нь спиртийнхээ чанарт байдаг гэдэг. Тэгвэл стандартад нийцсэн үгүй нь мэдэгдэхгүй, шошго нь тодорхой бус, хүний эрүүл мэндэд хортой эсэх нь мэдэгдэхгүй, янз бүрийн савлагаатай, хувийн жижиг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн архийг ямар ч хараа хяналт, шалгалт шүүлэггүй худалдаалж байхад хяналт тавих үүрэгтэй анхан шатны нэгж байгууллагууд нь “Бидэнд гомдол ирээгүй” гээд сууж байх жишээтэй. “Азийн чоно” мэтийн хортой архинаас болж хэд хэдэн хүн амь нас эрүүл мэндээрээ хохирсон гашуун түүх давтагдахад үгүй гэх газаргүй байна.