Нэгэн цагт Монгол Улсын Төв банкны бодлогыг атгаж явсан Н.Золжаргал гэх шавилхан эр өдгөө шүүхийн хаалга татаж, өдөр өнжихгүй хэвлэлийн баатар болдог болов. Унгар улсын нийслэл Будапешт хотноо эдийн засгийн боловсрол эзэмшиж, АНУ-ын Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалж, тус сургуульдаа зөвлөхөөр ажиллан мандаж явсан түүнийг ийм зүйл үзэж, цагдаа шүүхийн байгууллагын үүд сахина гэж хэн санах билээ. Гэвч эр нэг алдаж, эрэг нэг нурдаг юмсанж. Түүний эдийн засгийн мэдлэг Монгол Улсад хэрэг болсон үе олон бий. Хэдийгээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр их хэмжээний мөнгө үрж дуусгалаа гэх шүүмжлэл байсан ч Н.Золжаргал Төв банкийг удирдаж байх үед барилгын салбар хөл дээрээ босч, олон зуун аж ахуйн нэгж дампуурлаас гарч байсныг нь мартах учиргүй юм, бид.
Гэвч тэр гэмгүй ариухан, шударга хүн биш байжээ. Үүнийг нь хууль хүчний байгууллагынхан нотолж, “Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж орон сууц худалдан авсан гэх асуудлыг шалгаж байна” гэж мэдэгдлээ. Мөн арилжааны банкинд зээл олгохдоо тогтсон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон хэрэгт тэр нэр холбогджээ. Тэр нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад давуу эрх олгосон гэх асуудал юм билээ. Юм үнэнээрээ сайхан. Үнэхээр л албан тушаалдаа эрдэж, ардчилал ялсан тэр цагт муу муухайг хийсэн бол үүрэх ёстой ялаа үүрээд яв.
Үгүй бол шалгуулаад, үнэн зөвөө тогтоолгоод гараад ир. Бизнесийн ухаантай, өндөр боловсрол эзэмшсэн байлаа ч түүнийгээ төрийн мөнгөнөөс хумсалж, хувьдаа ашиг олоход зарцуулсан хэнбугай ч төрийн хуулийн өмнө толгой гудайлгах жамтай юм. Тэр жамаас хэн ч зугтахгүй. Тийм зүйл болоогүй байгаасай гэж итгэж суугаа хүн олон бий шүү, Н.Золжаргал эдийн засагч аа. Тэр итгэлийг нь алдчихсан байх вий дээ.