УИХ-ын гишүүн С.Жавхланг “Сондгой өнцөг” буландаа урьж, ярилцлаа. Бид хооллох соёл, эрүүл хоололт, амьдралын зөв хэв маягийн талаар ярилцсан юм.
-Ярилцлагаа энгийн асуултаас эхлэх үү. Та ямар хоолонд дуртай вэ?
-Би их махсаг хүн. Толгой шийр хараад бараг уйлахаас наагуур юм болно доо. /инээв/. Хоолыг их бадарч, ерөөж иддэг. Таван цул, толгой шийрэнд их дуртай.
-Таны хийх дуртай гарын хоол юу вэ?
-Би мах чанах дуртай. Мөн гурилан бухал байна.
-Гурилан бухал гэдэг хоол анх удаа сонсч байна?
-Цуйван юм уу даа. Халимагт цуйванг “хуурсан мах” гэж нэрлэдэг. Монголын газар нутаг өөрөө үржил шимтэй учраас ургасан бүхэн нь монголчуудын биед шингэхүйц, амин дэмтэй чанар нь хаанахын юунаас ч илүү байдаг. Францын тэрбумтан хүн манайд ирж байсан. Намайг өөрөөсөө баян хүн гэж хэлж билээ. Та сэтгэлээр баян хүн байна гэсэн. Энэ хүн жил бүр Монголд цагаан идээ идэхээр ирдэг. Монгол малын мах, шөл, цагаан идээнд асар дуртай. Дэлхий нийт өөрийн эрхгүй байгалийн, эко хэрэглээг нэвтрүүлж, химийн элдэв орлуулагчтай бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлжээ гэдгийг ойлгосон доо.
-Хүн бүрт идэх дургүй хоол байдаг. Харин таны хувьд?
-Ерөнхийдөө тухайн үед идэх хүсэл төрөхгүй байгаа хоолонд дургүй. Хоолыг зөв сэтгэлзүйгээр идэж байж шингээдэг. Үүнийг маш их чухалчилж үздэг. Амин дэмгүй, хөргөгчинд удаан хадгалсан бүтээгдэхүүнээр хийсэн хоолонд дургүй.
-Хүнсэндээ будаа хэрэглэхгүй юу?
-Өдрийн од шиг ховор. Ер нь бараг хэрэглэдэггүй гэхэд болно.
-Төрийн ордны дөрвөн давхарт УИХ-ын гишүүдийн хоолны газар бий. Та ийшээ орж хооллож байна уу?
-Нэг л удаа хооллосон.
-Монголчууд эрүүл, зөв хооллолтын талаар асар том соёлтой. Хүүхэд байхаасаа л эхлээд эрүүл, зөв хооллолттой байсан гэж боддог юм. Харин одоо энэ бүхэн алдагдаад байх шиг?
-Монголчууд ус, агаар мэт хэрэгтэй гэж ярьдаг, яагаад мах гурил, төмс, ногоо мэт хэрэгтэй гэж ярьдаггүй вэ? Ус, агаар хоёр цэвэр байхад хүн хамгийн эрүүл орших боломжтой. Монголчууд хамгийн зөв хооллодог, ариун цэвэрч байжээ. Тухайлбал, бүгд айлд ороод хоол унд идэхдээ өөрийн гэсэн аягатай, алчууртай, аяны жижиг богцтой явдаг байсан гэдэг. Энэ нь өнөөдрийн нийгэмд маш их өргөн дэлгэрээд байгаа ходоодны нянгаас сэргийлж чаддаг байсан хэрэг. Аян зам, дайн тулаанд явахдаа ч аягандаа борц хийгээд чулуу улайсгаад болгоод идчихдэг байж. Мөн яг нэг хэмжээтэй аягаар идээд байхад ходоодны ямар ч өвчин тусдаггүй байж. Нүүдэлчин Монголчуудын хоол унд бол дэлхийд хамгийн хосгүй цэвэр ариун амин дэмлэг хүнс юм.
-Хооллолтын зарчим нь дөрвөн улирлаар хэмжигддэг шүү дээ?
-Яг үнэн. Дөрвөн улиралдаа зохицуулж монголчууд хоол хүнсээ тохируулж хэрэглэдэг байсан. Хаврын цагт борцоо, толгой шийрээ иддэг байжээ. Хаврын цагт хүний бие байгаль цаг ууртай холбоотой их сульдаж ядардаг. Tолгой шийр, тагалцаг, хуйхтай ураг сүүл, өвчүүнд хүний биед хамгийн их хэрэгцээтэй “кальци” болон бусад амин дэмүүд маш их агуулагддаг гэдэг. Яргуй бялууртлаа идсэн ямаа гаргавал гаргана. Зуны дэлгэр сайхан дулаан цагт тараг, айраг, цагаан идээгээ идэж, гэдсээ цайлгадаг байж. Мах халуун чанартай учраас ходоодонд хэт халуун үүсгэдэг гэдэг. Өнөө цагт монголчууд зуны гурван саржингаа цагаан идээгээ иддэггүй юм гэхэд эхлээд ядаж 14 хоног ч гэсэн идэж, гэдсээ цайлгах хэрэгтэй. Ер нь ходоод хогийн сав биш шүү дээ. Цохих цагт нь зөв хоолоо идэх нь их хэрэгтэй. Намрын сэрүүн цагт монголчууд айраг цагаагаа болон махаа их хэрэглэдэг. Малын тарга тэвээрэг ч сайн, сүү сүүн бүтээгдэхүүн элбэг байдаг. Идээ цагаа, жимс жимсгэнэ, дэлгэрсэн энэ цагаар найр хуримаа хийдэг байжээ. Өвөл ид хүйтнээр адууны махыг хэрэглэнэ. Адуу халуун чанартай, халуун цустай учир хүйтэнд даарахгүй байхад чухал. Сүүлийн үед Ходоодны өвчлөл асар их нэмэгдэж байгаа нь монголчууд цагаан идээнээс холдсоноос, мөн цаг цагт нь үндэснийхээ хэв маягаар хооллож хүнслэхээ мэдэхээ больж хаяж гээж орхисноос болж байна гэж үзэж байгаа.
-Цагаан идээний ач тусыг тоочоод баршгүй их л дээ?
-Тийм ээ. Цагаан идээ нь хүний ясжилтад маш сайн нөлөө үзүүлдэг. Хүүхэд ухаан тэгш эрүүл өсдөг гэдэг. Өнөөдөр хот суурин газрын хүүхдүүдийн шүд гэхэд нэг ангийн 40 хүүхдээс 80-90 хувь нь өвдсөн байх жишээний. Харин хөдөө сумын нэг ангийн хүүхдүүдийг үзэхэд, нэг ангиас шүд нь цоорсон нэгээс хоёр хүүхэд л байх жишээний, тэгэхээр хөдөө цагаан идээ их хэргэлдэг болохоор тэр хотод жинхэнэ цагаан идээ ховор чихэр их буйтай холбоотой. Аймгийн төвийн хүүхдүүд ханиад хүрч байхад сумын багачууд ханиад нэг их хүрээд байхгүй байна. Хүн хэчнээн байгальтай ойр байх тусмаа дархлаа тогтож байдаг юм байна. Тэгэхээр монголчууд тухайн тухайн цаг үед нь дэлгэрч байгаа зүйлээ хэрэглэдэг байсан гэсэн үг. Монголчууд цагийн юмыг цагт нь хэрэглэдэг байсан. Байгаль дэлхий үр жимсээ өгч байхад тухайн үед нь хэрэглэж амин дэмийг нь хүртэх ёстой. Ер нь борцноос бусад зүйлийг тухайн үед нь хэрэглэх хэрэгтэй юм. Хооллолт бол цэвэр байгалийн амьдрал юм. Дэлхий ертөнц хүн төрөлхтөнийг бүтээчихээд мод нь үр жимсээ өгч байна. Мал нь мах, дайвар бүтээгдэхүүнээ өгч байгаа. Гол мөрөн нь цэвэр тунгалаг усаа өгч байна. Сайхан цэвэр агаарыг өгч байна. Шивэр буюу Сибирийн асар их хүчилтөрөгч Монголд сэнгэнэн орж ирдэг учраас Монголын минь өвөг дээдэс мэдэж сор болсон газар нутгийг сонгож, үр хойчдоо үлдээжээ. Харамсалтай нь бид энэ сайхан зүйлсийг нь дэндүү хаягдуулж, гээгдүүлснээсээ болоод өвдөж хавдах өвчинд нэрвэгдэж байна.
-Таван цулыг сүүлийн үед хүнсэнд их бага хэрэглэдэг болсон. Зарим хотын хүүхдүүд ийм зүйл байдгийг ч мэдэхгүй байх. Давуу талыг нь та сайтар ойлгуулаад өгөөч?
-Сүүлийн үеийн залуус таван цулаас зугтдаг болсон. Нярайлсан эхэд хамгийн түрүүнд булчинлаг махаар хоол хийж өгдөг. Учир нь тухайн ээж төрөхдөө булчин нь асар их тэлж, маш их тамирдсан болохоор булчин махаар шөл хийж өгдөг. Хүүхдээ бор хоолонд оруулахдаа монголчууд хонины сүүлний годонгоос эхэлж шөл хийж өгч бор хоолонд оруулдаг. Харин одоогийн залуус таван цул болон толгой шийрний үнэр танараас зугтааж, дэлхийн хамгийн аймшигтай хоол гэж ойлгож байна. Таван буянт мал сүрэг бидэнд хувь тавилгаар заяасан юм шүү. Хорвоогоос өгч байгаа маш том эрдэнэ. Монголчууд толгой шийр, таван цулыг “хаан хоол” гэж нэрлэдэг. Монголын эртний хаадууд ухаантай байсан учраас толгой шийр, таван цул, дал дөрвөн өндөр, өвчүү, ураг сүүлийг зооглодог байжээ. Энэ нь асар их амин дэмтэй учир өндөр настан, хамгийн хүндтэй зочиндоо өгдөг байжээ. Хонь гаргахаараа айл хотлоороо бүгд хувааж иддэг байсан. Таван цулаас нэг нь дутуу байвал буцаадаг тийм нандин эрхэм хоол юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хамгийн том эрчим хүчийг хувааж биедээ авч байна гэсэн үг. Энэ эрчим хүч юунд оршоод байна вэ гэхээр Монголын агуу хөрст ногоон газарт оршдог.
-Манай газар нутаг, хөрсний шим тэжээлийг бусадтай зүйрлэх аргагүй л дээ?
-Монгол орны хөрсөнд 7800 төрлийн эмийн ургамал ургадаг. Энэ их шим тэжээлийг монголчууд малынхаа бүтээгдэхүүнээр дамжуулж авдаг. Дэлхийн бусад орнуудыг ногоочин орон гэдэг. Тэгвэл монголчууд дэндүү их ногоотой, ногоочин соёлтой ард түмэн. Тэгэхээр малынхаа бүтээгдэхүүнээр дамжуулан 7800 төрлийн ногоо идэж байна гэсэн үг. Би гахай, тахиа фермерийн аж ахуйг дэс дугаарын хувьд хойшоо тавьдаг. Учир нь гахай, тахианы мах ямар ч шим тэжээлгүй. Монголчуудаас өөр хоолны соёлтой, бие махбодтой хүмүүсийн хоол гэж үздэг. Мөн тахиа, гахайнаас гадна тутрага, цагаан будааг ингэж үздэг. Цагаан будаа маш сэрүүн чанартай учраас усан биетэй далайн эргийн халуун газар амьдарч байгаа хүмүүст хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр гурван төрлийн биетэй хүмүүс амьдардаг. Усан биетэй. Тэнгис далайн эргээр амьдардаг хүмүүс. Загас, замаг, жараахай, хавч, наймаалж, тутгарга, цагаан будаагаар хооллодог. Архи нь хүртэл цагаан будаагаа нэрээд ууж байх жишээтэй. Хөрсөн биетэй хүмүүс нь гахай, тахиа, загасаар хооллож байна. Ийм төрлийн хүмүүс нь томоохон нуур цөөрөм дагаж амьдарч байгаа юм. Гал биетэй хүмүүс буюу дэлхийн цээжин дээр аль ч цаг үед хаадууд төрдөг. Маш оюуны чадамжтай хүмүүс төрдөг энэ үндэстэнг гал биетэй монголчууд гэдэг. Гал биетэй буюу гал үндэстэн гэж нэрлэдэг. Энэ хүмүүс таван тансаг малынхаа ашиг шимээр хооллож амьдрах тавилан заяатай. Одоо янз янзын өвчин гараад байгаа нь сэтгэл зүй болон буруу хооллолттой холбоотой.
-Гал үндэстэн гол биетэй гэж ярьдгийн учир энэ байх нь?
-Бид өөрсдийгөө “Мон-гол” гэж нэрлэдэг. Бид энэ биеэрээ гол урсгаж байгаа хүмүүс. Мон-голоор хүмүүс хоолыг ерөөж, сэтгэл нь бадарч, амталж иддэг. Тиймээс энэ голоор байгалийн цэвэр ариун зүйлийг урсгаж, өөрсдөө их амин дэмийг авдаг. Тэгэхээр эрт цагт монголчуудын дундаж наслалт өндөр гэж ярьдаг. Мөн Монгол Улс эмнэлэггүй орон гэж яригддаг байжээ. Эвтэй найртай, сэтгэл санаа нь амар амгалан, зөв хооллодог байсан гэж ярьдаг. Бид ийм л хүмүүсийн үр сад шүү дээ. Тэгэхээр цэцэрлэгийнхээ хүүхдэд нэг, нэг модон тагш өгөөд багаас сургах хэрэгтэй. Энэ чиний аяга шүү гэдгийг ойлгуулах, хэрэглэж заншуулах ёстой. Хүний чигчий хуруунаас гарын алганы дээд үзүүр хүртэл хүнийг ходоодны хэмжээ байдаг. Энэ хэмжээгээр модон тагш хийгээд аваад явахад хүний ходоодны айхтар өвчлөлөөс хол байна. Одоо хүмүүс нэг их идээд, эсвэл бага идээд байхаар ходоодоо агшааж, сунгаад байдаг. Харин нэг хэмжээгээр хоол идээд байхаар ерөнхий хэв тогтчихдог юм байна. Тиймээс цэцэрлэгт энэхүү соён гэгээрүүлэлтийг хийж эхэлснээр үр хойчоо ходоодны маш том өвчлөлөөс хамгаална.
-Танайхан бүгд модон тагштай юу?
-Тийм ээ. Манайхан гэр бүлээрээ нэг, нэг модон тагштай. Аягаа хөдөө, гадаа явахдаа байнга авч явдаг. Манайх зуны цагт болж л өгвөл цагаан идээ рүү хошуурна. Монгол ёс заншлыг ярихаар шашин ярилаа гэж ойлгоод байдаг юм. Энэ чинь уламжилж ирсэн зан заншил болохоос шашин биш шүү дээ.