Эсэргүүцлийн жагсаалын тооллого сүүлийн үед багагүй маргаан дагуулах болов. Учир нь жанжин Д.Сүхбаатарын талбайд хэдэн хүн жагссан бэ гэх бодит тоонд будлиан орж, 400-гаас дөчин мянга хүртлээ жагсагчдын тоо хэлбэлзээд байгаа. Тооллогын маргааныг эцэслэх ганц арга бол автомат тоолуур юм.
Тиймээс жагсагчдын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд тооллогын товчлуурыг байрлуулах нь хамгийн оновчтой шийдэл болжээ. Мэдээж тооллогоос гадна үзэл бодлоо дагаж ирсэн үү, үнэ хөлс авч ирсэн үү гэдэг нь маргааны гол шалтгаан болдог. Жагсаал зохион байгуулах, жагсаж сурна гэдэг нэг төрлийн соёл. Жагсаалын дараа үүсч буй энэхүү маргаан нь манайхан жагсаж сураагүйг харуулж байгаа юм.
Тиймээс жагсах соёлыг боловсронгуй болгох үүднээс эдгээр товчлууруудыг өнгөөр ялгаж өгье. Үзэл бодлоо дагаж ирсэн нь ногоон, үнэ хөлсөөр ирсэн нь улаан, учраа ойлголгүй ирсэн нь шар товчлуурыг дарж, жагсаалд бүртгүүлэн оролцдог байя. Улстөрчид нь хүртэл хуралдаа ирсэн, ирээгүйгээ кнопоор шийдэж байхад бид юунаас дутах билээ. Зохион байгуулалтыг ч дараагийн жагсаалаас өмнө нэн даруй хийх шаардлагатай. Давтамж нь ойртох болсон өнөө цагт ийм зохицуулалт нүдээ олсон ажил болно гэдэг нь дамжиггүй. Хэдэн арван мянгаар зөрөх тооны зөрүү багасахаас гадна хэн нь ямар зорилгоор ирсэн бэ гэдэг нь ч тодорхой болно. Жагсаал хийсний дараа ч жагссан шалтгаанаасаа давсан тооллогын маргаан үүсэхгүй амар биз дээ.