ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хайрцаг тамхи 3000 төгрөг, литр ус 1 төгрөг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-24

-Усны үнийг мөнгөөр биш төгрөгөөр нэм-


Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн нэмэхээр болсон.  Усны үнэ нэмэгдэхээр болсон мэдээг манайхан л болсон хойно эсэргүүцэж байна. Уг нь сүртэй нэмэгдэл биш.  Айл өрхийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус ес, бохир ус 11 мөнгөөр нэмж байна. Харин аж   ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18, бохир ус 20 мөнгөөр нэмэгдэх юм.  Өмнө нь усны тоолууртай айл өрх нэг литр цэвэр усыг 62 мөнгөөр авч байсан. Тавдугаар сарын 1-ээс 71 мөнгөөр авна. Харин тоолуургүй айл өрх нэг литр цэвэр усыг 90 мөнгөөр авч байсан бөгөөд 99 болж нэмэгдэх юм.  Бохир усыг тоолууртай айл нэг литрийг нь 47 мөнгөөр авч байсан бол 58, тоолуургүй нь 65 мөнгөөр авч байсан бол 76 болж нэмэгдэж байгаа.  Аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг литр цэвэр усыг 1.2, бохир усыг нэг төгрөгөөр авч байсан. Үнэ нь нэмэгдсэнээр 1.38 төгрөг болох нь. Спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрууд цэвэр усыг 1.6 төгрөгөөр авч байсан бол 1.78 болж нэмэгдэнэ. Бохир усыг аж ахуйн нэгжүүд нэг төгрөгөөр авч байсан бол үнэ нь нэмэгдсэнээр 1.2 төгрөг болох нь. 

Хүний амин чухал хэрэглээ нь ус. Гэтэл ус хэтэрхий хямдхан. Үнээ нэмэхдээ хэдхэн мөнгөөр ахиулдаг. Нэг битгий хэл 10, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хүмүүс бараг л ашиглахгүй болж байхад литр цэвэр усны  үнэ 71 мөнгө байна. Эмгэнэлтэй биш үү.   2014 онд Ус сувгийн удирдах газрынхан хэвлэлийн хурал хийгээд, усны мөнгөө нэмэх хэрэгтэй байна. 2013 онд манай байгууллага 10.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж ярьж байсан удаатай. Тэгэхэд литр цэвэр усны үнэ 32 мөнгө байлаа. Хэрвээ усны үнээ нэмэхгүй бол 2014 онд 16 тэрбумын алдагдалтай ажиллах гээд байна гэж учирлаж байж бага сага нэмсээр, 62 мөнгө болгосон.  Гэр хорооллын иргэд нэг литр цэвэр усыг нэг төгрөгөөр авч байгаа. Энэ үнэ өнөөдрийг болтол өөрчлөгдөөгүй. Ерөнхийдөө боломжийн үнэ гэж тооцдог юм билээ.  Орон сууцны иргэдэд ус хүргэж байгаа зардал нь бага учраас хямд үнээр өгдөг гэж албаны хүмүүс тайлбарладаг. Тийм байж болно оо, гэхдээ ус ийм хямд байж болохгүй. Усны мөнгийг мөнгөөр биш төгрөгөөр нэмэх ёстой. Юун есөн мөнгө. Есхөн мөнгөөр нэмчихээд нэмэгдэл гэж хэлж болох уу. Ядаж л 1-2 төгрөгөөр нэмэх хэрэгтэй. Нэг литр цэвэр ус багадаа л 3-4, цаашлаад таван төгрөг байх ёстой юм.  Аж ахуйн нэгжүүд, тэр дундаа архи, пиво үйлдвэрлэдэг, арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд усны илүү үнэтэй авах шаардлагатай.

Орон сууцанд амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд усыг хайр гамгүй хэрэглэж, зүгээр урсгадаг. Захын байгууллагад ороод, бие засах газрыг нь шалга. Аль нэг суултуурынх нь ус шожигноод л тасралтгүй гоожиж л байгаа. Орон сууцанд амьдардаг иргэд ганц аяга угаахын төлөө литр литрээр нь ус гоожуулдаг. Шүдээ угаахдаа цоргоо хаахгүй бол 5-10 литр ус хормын дотор л урсгадаг. Эрдэмтэн судлаачдын тооцоолсноор   орон сууцны хэрэглэгчид өдөрт 200-250 литр ус  хэрэглэдэг. Нэг хүний л хэрэглэх дундаж хэмжээ энэ. Таван ам бүлтэй айл өдөрт тонн усыг зүгээр л урсгаж орхиж байгаа. Иргэд усаа гамнах талаар огт бодохгүй байна. Яагаад гэвэл литр ус ердөө л 62-хон мөнгө учраас. Бүр мөнгө шүү дээ.  Харин гэр хорооллын иргэд өдөрт ердөө наймхан литр ус хэрэглэдэг аж. Дөрвөн ам бүлтэй айл өдөртөө 30 литр ус л хэрэглэнэ гэсэн үг. Орон сууцны айлаас даруй 33 дахин бага ус хэрэглэж байна.  Энэ тоо гэр хороололд амьдарч байгаа иргэн усны хэрэглээгээ хангаж чадахгүй байгааг илэрхийлээгүй. Харин орон сууцанд амьдарч буй иргэд усыг хайр гамгүй урсгаж байгааг илэрхийлж байгаа юм. Тодорхой хэлбэл, хэрэглэж байгаа усныхаа 70 хувийг ашиггүй урсгадаг байна.  Гэтэл Монгол Улс цэвэр усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монгол улсын байгалийн усны нөөц 609.5 км/куб.  Үүний 98  хувийг гол, мөрөн, мөсөн голын ус эзэлдэг. Харин ердөө хоёрхон  хувийг газрын доорхи буюу гүний ус эзэлдэг гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Хамгийн эмгэнэлтэй нь манай улс усныхаа хэрэглээний 80-90 хувийг хэзээ ч эргэж нөхөгдөхгүй байж магадгүй гүний усаараа хангаж байгаа.  Улаанбаатар хотын иргэдийн өсөлт, ундны усны хэрэгцээ хэрхэн нэмэгдэж байгаа гээд олон тоо бичиж болно.

Бүр зарим эрдэмтэд 2010 он гэхэд Улаанбаатар хот ундны усны дутагдалд орно гэж байсан. Одоохондоо яг усны дутагдалд ороод хэцүүдсэн юм алга. Гэхдээ бид бүх үйлдвэртээ, машин угаалгын газартаа, бие засах газарт цэвэр ус ашиглаад, туйлаад байхаар их нөөцтэй улс биш гэдгийг эрдэмтэд хэлээд байна. Саарал ус ашиглах талаар ч их ярьж байгаа. Одоохондоо саарал ус хэрэглэж байгаа газар бараг алга. Тиймээс бид амин чухал хэрэгцээ болсон усаа гамнахын тулд үнийг нь олигтойхон нэмэхээс өөр аргагүй.  Хүн усгүйгээр гурав хоног ч амьд явж чадахгүй. Харин архигүй, тамхигүй, амттангүйгээр хүн насаараа амьдарна.  Интернэт, утас, телевиз ч амин чухал хэрэглээ биш. Гэтэл амин чухал биш хэрэглээ ямар үнэтэй байдаг билээ. Нэг хайрцаг тамхи хамгийн багадаа 3000 төгрөг. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг гэж бодвол сардаа 90 мянган төгрөгийг өөрийгөө хордуулахад зарцуулдаг гэсэн үг. Харин гэр хороололд амьдарч байгаа иргэн өдөрт дунджаар найман литр ус хэрэглэдэг гэвэл сардаа 240 төгрөгийг л усанд зарцуулж байна. Орон сууцны иргэн өдөрт 250 литр усаар “тоглодог” гэвэл сардаа 5325 төгрөг л зарцуулдаг. Хямдхан гэхэд арай л хямдхан байна. Дараа төлбөрт гар утасны сарын төлбөр хамгийн багадаа 20 мянга. Интернэт, кабелийн телевизийнх 20-50, цаашлаад 100 гаруй мянга ч болдог. 0.5 литр шар айраг 1500, архи хамгийн хямддаа 15-18 мянган төгрөг. Орон сууцны иргэдийн бүтэн сарын турш урсгаж байгаа усны үнэ гурван ширхэг шар айрагны үнэтэй л адилхан байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд, орон сууцны иргэдийн усны үнийг дахиад ч нэм. Тэгэхдээ төгрөгөөр. Үнэ нэмэгдвэл хүмүүс шүдээ угаахын төлөө 5-10 литр ус асгахаа болино.