Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг “Сондгой өнцөг” буландаа урьж, ярилцлаа.
-Таныг бага, залуудаа жүдо бөхөөр хичээллэж байсан гэж сонссон. Хэдэн оны үед жүдо бөхөөр хичээллэж, барилдаж байсан бэ?
-15 наснаасаа эхлээд жүдо сонирхож, барилдаж байсан. 1985-1987 оны хооронд гурван жил жүдогоор идэвхтэй хичээллэж, барилдсан. Харин аравдугаар ангид ороод, хичээлдээ шамдана гээд жүдогоо орхичихсон юм. Сүүлд 39 настай байхад найз нар маань хамт бэлтгэл хийе гэж дуудсан. Тэгээд л эргээд бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Түүнээс хойш ням гараг болгонд найзуудтайгаа хамтарч бэлтгэл хийж, хөлс гаргадаг болсон. Миний үед хамт бөхийн секцэнд явж байсан хүүхдүүдтэйгээ л одоо бэлтгэл хийдэг юм. Бидэнтэй хамт хүүхэд ахуйд Х.Болдбаатар багш нэг секцэнд явдаг байлаа. Сүүлд улсын шигшээд орсон цөөнгүй тамирчид ч бидний дундаас төрж гарсан шүү.
-Манай уншигчдын сайн таних жүдоч, дасгалжуулагч бол Халиуны Болдбаатар. Та тухайн үед Х.Болдбаатар багштай барилдаж л байсан байх. Хэр үздэг байв?
-Би 53 кг-д л барилддаг учраас жин өөр. Тийм болохоор Х.Болдбаатартай барилдаад байхгүй шүү дээ. Болдоо багш тэр үед маш авьяастай, чадвартай, секцийнхээ хүүхдүүдийн дундаас ялгараад, танигдчихсан байсан. Их уян, уран барилдаантай жүдоч байлаа. Тиймдээ ч цаашид илүү их амжилт гаргаж, Монгол Улсыг төлөөлж тив, дэлхийд барилдаж байсан.
-Жүдогоор идэвхтэй хичээллэж байхдаа тэмцээн, уралдаанд хэр оролцож байв даа?
-1987 онд “Сурагч” гэдэг тэмцээнд оролцож байлаа. “Сурагч” тэмцээнд хотын бүх дүүрэг, Багануур, Эрдэнэт, Дархан, Налайхаас өсвөрийн жүдочид ирж оролцоно. Тэр үедээ л медаль өгдөг цөөхөн тэмцээний нэг. Тэр тэмцээнд 53 кг-ын жинд барилдаад, мөнгөн медаль авч байсан юм. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд ч оролцож байлаа. Харин нэгдүгээр байрт ерөөсөө орж байгаагүй. Хоёр, гуравдугаар байрт л ордог байсан.
-Зөвхөн хичээл сурлагаа бодож жүдогоор орхисон юм уу. Эсвэл өөр шалтгаан байв уу?
-Аравдугаар ангидаа ороод, хичээл номдоо шамдая, шалгалтдаа бэлтгэе, их, дээд сургуульд орохдоо анхааръя гэж бодоод жүдогоо орхичихсон. Өөр шалтгаан байгаагүй. Харин Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа бага сага бэлтгэл хийсэн юм. Тэр үедээ Москвагийн аваргад оролцсон. Манай сургуулийн багш намайг оролц гээд. Би орохгүй гэж гүрийгээд. Чи оролцохгүй бол болохгүй гэж ятгасаар байгаад оролцуулсан. Тэгэхэд миний жин 53-аасаа нэг их хол хэтрээгүй. Гэтэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 60 кг. Дээрээс нь тийм том тэмцээнд оролцож үзээгүй болохоор сандарч таараа. Тэмцээн эхлээд байж байтал миний нэрийг дуудлаа. Дэвжээн дээр гартал нөгөө талаас нэг орос нөхөр гарч ирсэн. Надаас хамаагүй том хүн харагдаад, “Намайг андуураад дуудчихсан юм биш биз дээ” гэтэл, “Та мөн” гээд, хөгжилтэй юм болсон. Анх удаа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцсон нь тэр. Тэгээд өнөөх Оростоо ялагдсан. Гэхдээ би шүүгчийн саналаар ялагдсан юм шүү. Би жин багатай байсан болохоор илт идэвхгүй, хамгаалж барилдахгүй юу. Тэгээд л шүүгчийн саналаар ялагдсан. Түүнээс хойш 39 нас хүртлээ дахиж жүдогоор барилдаагүй.
-1980-аад оны дунд үед манайхан чөлөөт бөхөөр тив, дэлхийд хүчтэй өрсөлддөг байсан. Харин жүдо бөхийн спорт хөгжлийнхөө эхэн үед л байсан. Бөх сонирхдог хүүхэд, залуучууд чөлөөтийг илүү сонирхдог байсан гэдэг. Харин та жүдо бөхийг сонирхож, хичээллэж байж. Энэ спортод дурлахад юу нөлөөлөв?
-Тэр үед Монголд карате, таеквондо гэх мэт бие хамгаалах урлагаар хичээллэх хориотой байлаа. Хүүхэд байхдаа каратегийн янз бүрийн ном уншина, зургийг харна. Өнөөхийг сурмаар байв ч секц, дугуйлан хичээллэхгүй. Харин харахад хамгийн адилхан, ижилхэн өмсгөлтэй нь жүдо бөх байхгүй юу. Тэгээд л жүдогоор хичээллэсэн. н.Батцогт гэдэг, тухайн үедээ л сүрхий барилдчихдаг хүүхэд манай байранд байлаа. Түүнийг дагаж Спортын төв ордонд очиж, секцэнд орсон. Ингэж л хэсэг зуур жүдогоор хичээллэсэн түүхтэй. Ер нь жүдо сонирхсон олон хүүхэд эхэндээ карате, таеквондод дурлаж байсан юм билээ.
-Одоо таны жин хэдэн кг байна. Бэлтгэлээ хийхдээ мэдээж найзуудтайгаа барилддаг байх. Жин ойролцоо хүнтэй л барилдана биз дээ?
-Одоо жин 75-77 кг-д хэлбэлзэж байгаа. Биеийн жинтэй мөнхийн тэмцэл хийнэ. Жаахан анхаарал алдахад жин нэмэгдчихээд байдаг юм. Тийм болохоор жүдогоор барилдаж, бэлтгэл хийдэг хэрэг. Найзуудтайгаа барилдана. Манай найзууд намайг бодвол барилдаж байсан тамирчид. Тиймээс надтай барилдахдаа ширүүлэхгүй. Бид эрүүл, хөдөлгөөнтэй байх, хөдөлгөөнийхөө эвслийг хадгалж байх үүднээс барилдаж байгаа болохоор аль болохоор ширүүлэхгүй. Ерөнхийдөө бүгдээрээ жин ойролцоо болохоор хэнтэй нь ч барилдана. Гэхдээ хөнгөн барилддаг ч гэсэн гэмтэх үе бий.
-Та саяхан Япон явахдаа дасгалжуулагч урьж авчрахаар тохиролцоод ирсэн гэсэн. Японд чухам ямар ажил амжуулсан талаараа мэдээлэл өгөөч?
-Кодоканы сургуульд очиж, дэг жаяг, ёс журмаар нь шалгалт өгсөн. Шалгалт өгөөд хоёрдугаар дан авлаа. Тэгэхдээ Кодоканы сургуулийн багш нартай нэлээд дотно танилцаж, ирэх зун Монголд ирэхийг урьсан. Тэд нэлээд хэдэн дасгалжуулагчтайгаа Монголд ирье гэсэн. Кодоканы сургуулийн багш нар жүдо бөхийг заах маш өндөр мэдлэг чадвартай, туршлагатай хүмүүс байдаг. Тэд яг Японы техник, арга барилаар манай жүдочдод өөрсдийн мэдэх, чадах бүхнээ заах боломжтой. Япончууд маш уран барилддаг. Надад япон жүдочид мэх болгоноо “Тоёота” машинаа үйлдвэрлэж байгаа юм шиг маш нарийн, цэгцтэй бодож, төлөвлөж хийдэг юм шиг санагддаг. Техникүүдээ ч гэсэн тэгж боловсруулдаг байх. Тийм болохоор япон дасгалжуулагч нартай харьцаж, сургалт авна гэдэг манайханд чухал. Тэгээд манай хамгийн гол өрсөлдөгч чинь япончууд биз дээ. Японд жүдогоор суралцдаг монгол хүүхдүүд цөөнгүй байна. Намайг тэнд очиж, шалгалт өгч байхад Японд суралцаж буй монгол хүүхдүүдийг авчирсан. Жүдогийн чиглэлээр манайхан хаана, хаана суралцаж байгааг тэд сайн мэддэг, бүртгэлтэй юм билээ.
-Шалгалт өгөхдөө нэр цуутай том бөхчүүдтэй барилдсан гэсэн байх аа?
-Эхлээд мэхний үзүүлбэрээ хийдэг юм билээ. Жүдогоор барилддаггүй хүн бол мэхийг зөв хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор мэхээ зөв, ур чадвартай хийж байна уу гэдгийг нь эхлээд харна. Дараа нь жүдочидтой барилдуулсан. Бүр бага насны хүүхэдтэй хүртэл барилдуулдаг юм билээ. Өндөр зэрэглэлийн тамирчинтай ч барилдуулсан. Барилдаж чадаж байна уу гэдгийг нь хардаг хэрэг. Би шалгалт өгөхдөө Кэйжи Сүзүки аваргатай барилдсан. Олимп, дэлхийн аварга, Японы алдарт бөхтэй барилдлаа шүү дээ. Жүдо бөхийн домогт тамирчин. Зурагтаар л хардаг байсан алдарт бөх. Бээжингийн олимпоор Н.Түвшинбаяр аваргатай барилдах гээд гарч ирэхэд нь хараад, одоо яана аа гээд үзэж суусан хүн шалгалт өгөхөөр очихдоо барилдлаа. Миний хувьд нэр хүндийн асуудал байсан.
-Хар бүс, хоёрдугаар данг Японоос өөр гадаад орны дипломат албаныхан авч байгаагүй, та анхных нь хүн гэсэн үү?
-Яг тэгж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тийм олон хүн аваагүй байх аа. Яг Кодоканд нь очоод, ном журмаар нь шалгалтаа өгөөд, хар бүс авна гэдэг чинь бахархал. Бид бөхийн секцэнд явдаг байхдаа "Кодокан" гэдэг сургууль байдаг юм гэнэ лээ. Үлгэр домгийн сүмбэр уул шиг л ярина. Байдаг ч юм уу, үгүй ч юм уу, домог юм болов уу гэж боддог байсан. Харин зах зээлийн эдийн засагт шилжээд, Ардчилсан орон болж, чөлөөтэй болсноос хойш манайхан Япон руу явсан. Ирээд “Тийм сургууль үнэхээр байдаг юм байна” гэж хэлж байлаа. Сүүлд би тэр сургуульд очиж, шалгалт өгөх боломжтой юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд сая очиж шалгалт өгч, хар бүс, хоёрдугаар дан авсан юм.
-Дан гэдэг бол жүдо бөхийн зэрэг дэвийг тодорхой хэмжээнд илтгэдэг. Гэхдээ зарим уншигч хар бүс нь ямар учиртай юм. Хоёрдугаар дан гэдэг нь юу юм гэж гэдгийг нарийн мэдэхгүй байх. Та танин мэдэхүйн талаас нь мэдээлэл өгөөч?
-Жүдод ес хүртэл дан байдаг. Хамгийн дээд ур чадварыг эзэмшсэн хүн есдүгээр данг авдаг. Хоёрдугаар дан бол жүдо бөхөөр эхэлж хичээллэж байгаа хүнд өгдөг зэрэг гэсэн үг. Хоёрдугаар дантай хүн хар бүс авдаг юм. Жүдогоор эхлэн хичээллэгсэд дан аваагүй байхдаа шар, ногоон, бор бүстэй байдаг. Хоёрдугаар данд хүрэхээр хар бүстэй болно. Сүүлдээ улаан бүстэй болдог юм. Есдүгээр дантай болж, дээд ур чадварыг эзэмшсэн хүн улаан, цагаан өнгө холилсон эрээн бүстэй болдог юм билээ.
-Монголын жүдо бөх сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Та энэ спортоор хичээллэж, сонирхдог хүний хувьд жүдогийн хөгжлийг харж, дүгнэж явдаг байх?
-Дэлхийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлоход болно. Монголд дэлхийн хэмжээнд хүрсэн зүйл цөөн байдаг. Жүдо бөхийн хөгжил, багш нарын заах ур чадвар, туршлага, тамирчдын техник, мэхний гүйцэтгэл, бэлтгэл хийж байгаа арга барил дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Түүнээс гадна, Монгол жүдогийн өөрийн гэсэн дэг сургуультай болсон орон. Японы жүдогоос арай өөр. Үр дүн гаргах хэмжээний сургалт явуулдаг болчихсон. Үүгээрээ бид бахархах ёстой. Дэлхийн хаана ч ярих хэрэгтэй. Би сая Японд очихдоо гадны хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах тухай танилцуулга хийхдээ жүдо бөхөө жишээ болгож ярьсан. Монголд дэлхийн хэмжээний сургалт явуулах, туршлага солилцох хэд хэдэн боломж байдаг. Жишээлбэл, дуурь, балет, жүдо. Манай дуучид дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Заадаг сургуультай. Тийм болохоор манай улсад хүүхдүүдээ сонгодог урлагийн чиглэлээр сургах боломж байна гэдгийг хэлсэн. Жүдод ч ялгаагүй. Биеийн тамирын сургуулиуд дэлхийд зөндөө байгаа. Гэхдээ манайх бол дэлхийн хэмжээний сургалттай. Тамирчид, сурагчдаа солилцоод, сургах боломж бий гэдгийг хэлсэн.
-Та жүдочдоос хэнийг дэмжиж, барилдааныг нь шимтэн үздэг вэ. Гадаа, дотоодын тамирчдаас нэрлэвэл?
-Монголынхоо бүх жүдочдыг мундаг гэж боддог. Н.Түвшинбаяр аварга, Ц.Цогтбаатар, М.Бундмаа гээд олон тамирчныг нэрлэж болж байна. Бүгд өөрийн гэсэн өвөрмөц барилдаантай, дархан мэхээ ямар ч үед хийж чаддаг. Х.Болдбаатар багш маш өндөр ур чадвартай, сайн тамирчин. Ид барилдаж байхад нь барилдааныг нь алгасалгүй үздэг байлаа. Гэргий Ц.Мөнхзаяа нь тэвчээртэй, урлагтай гоё барилддаг тамирчин. Монголынхоо бүх л жүдочдоор бахархдаг шүү. Гадаадын тамирчдаас гэвэл Грекийн алдарт бөх Илиас Илиадис, Японы Кейжи Сүзүки нарын барилдааныг шимтэн үздэг байлаа. Одоо Францын алдарт бөх, олимп, дэлхийн аварга Тедди Ринерын барилдааныг үзэх дуртай. Би энд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Надтай хамт бэлтгэл хийж, жүдогоор хичээллэж байсан хүмүүс эдийн засгийн маш хүнд үед энэ спортын дэг сургуулийг таслалгүй авч явсан. Дараагийн үедээ шилжүүлж өгсөн. Энэ хүмүүс байсан учраас дараагийн ур чадвартай тамирчид төрж гарах нөхцөл бүрдсэн юм шүү. Тэр хүмүүст маш их талархаж, баярлаж явах ёстой.
-Манай жүдогийн спортод юу дутаж байна гэж та хардаг вэ?
-Манай Жүдогийн холбоо маш сайн ажилладаг. Ерөнхийлөгч өөрөө маш их санаа тавьж, анхаарч, тасралтгүй дэмжиж ирсэн. Энэ бол жүдо бөхийн хөгжилд оруулсан маш том хувь нэмэр. Цаашлаад О.Балжинням, Ч.Насантогтох гээд багш нарыг дурьдаж болж байна. Өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг тамирчдад зааж байгаа. Талийгаач н.Гансүх багш жүдогийн тамирчдын суурийг ямар сайхан тавьж өглөө. н.Баясгалан гээд намайг жүдогоор хичээллэж байх үед дасгалжуулж байсан багш байна. Одоо жүдогийн холбоонд ажиллаж байгаа М.Бөхбат, Б.Пагва дарга гээд олон хүнийг дурьдаж болно. Багш нар маань заах арга барил талаасаа хэнээс ч дутаагүй. Жүдогийн холбоо ч бүх нөхцлийг бүрдүүлж, сайн ажилласан. Харин миний бодлоор нэг л зүйлд илүү их анхаармаар байна. Юу гэвэл, сэтгэлзүйн багш нар байх ёстой юм болов уу. Барилдаан гэдэг ур ухаан, төлөвлөлт, тооцоо шүү дээ. Нэг үгээр хэлбэл, барилдаан гэдэг бол тархины ажиллагаа. Түүний дараа биеийн хөгжил, булчин. Ямар ч тамирчин биеэ, булчингаа хөгжүүлж чадна. Харин хэн нь хурдан сэтгэж, өрсөлдөгчийнхөө алдааг олж харж байна. Харсан даруйдаа алдааг нь ашиглаж байна вэ гэдэг л чухал. Энэ бүхнийг “төв компьютер”-оос удирддаг. Тэгвэл “төв компьютер”-т хамгийн сайн нөлөөлдөг зүйл бол сэтгэлзүйн бэлтгэл. Ялангуяа барилдах бүх хугацаагаа төлөвлөж, хэзээ хүчээ гаргах уу, хэдийд нь нөөх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Хэт шатаад, алдсан үнэлгээгээ нөхнө гээд дайрвал анхаарал алдана, хий гаргана, цаашлаад ялагдах нөхцөл бүрдэнэ. Барилдаан ердөө дөрөвхөн минут шүү дээ. Энэ хугацаанд яаж хүчээ зөв хуваарилах вэ гэдэг чинь сэтгэлзүйн бэлтгэлтэй холбоотой. Сэтгэлзүйтэй ажиллахгүй биш ажиллаж байгаа. Манай дасгалжуулагч багш нар бүгд л тамирчдынхаа сэтгэл зүйтэй ажиллаж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ сэтгэлзүйч гэдэг чинь тусдаа мэргэжил байхгүй юу. Тийм хүмүүстэй харилцаж, ажиллах л хэрэгтэй юм болов уу гэж боддог.