Өчигдөр FM радиогоор Хятад улсын нэгэн мужид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт нэг удаагийн уучлалыг үзүүлж байх журам гаргасан талаар мэдээ явж байна. Зөрчил гаргасан жолооч өөрийн буруу үйлдлээ өөрийн цахим хуудсанд бичиж, түмэнтээ уучлал эрэх ёстой. Тэр уучлалд нь 10 хүн лайк дарсан байх ёстой аж. Энэ тохиолдолд жолоочийг торгохгүй, хариуцлага хүлээлгэхгүй юм байх. Хятад улс хүн ам ихтэй, тэр хэрээр машин тэрэгний хэрэглээ ч их.
Зөрчил гаргасан, дүрэм зөрчсөн жолоочийг өөрөөр нь уучлалт гуйлгуулж, өөрийгөө цахим хуудсаараа “доошоо хийх” боломжийг жолооч нарт олгож байгаа нь тэнэг хэрэг гэж тэнгэрлиг монголчууд маань үзэж байна. Дүрэм зөрчсөн, осол гаргасан жолооч заавал торгуулах ёстой. Торгуулийн мөнгөөр улсын төсөвт “хөөрхөн” хэдэн бор юм ороод ирнэ. Хаа, хаанаа ашигтай. Хятад жолооч дүрэм журам зөрчсөнөөс болж торгуулж шийтгүүлэхгүй байна гэхээр атаархал төрөөд байгаа юм. Манай улсад бол шал өөр. Өмнө нь бол цагдаа нар бэлэн мөнгөөр торгож, гэртээ талхны мөнгөтэй харьдаг байсан бол сүүлдээ “автомат”-аар торгодог болсон. Яаж ч бултах аргагүй.
Автобусны буудал дээр хальт зогсож хүн суулгасан “хэрэг”-ээр саяхан замын цагдаад торгууллаа. Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт хэлж өгөөд 20 мянган төгрөгөөр торгоно гэнэ. “Уучлаарай” гэхэд “За яахав энэ удаад 10 мянган төгрөгөөр торголоо шүү. Дахиж ийм зөрчил битгий гаргаарай” гэж байна. Яаж ч бодсон дүрэм зөрчсөн миний буруу ч, цагдаагийн “зөөлөн” сэтгэлд уур хүрэв. Машины зогсоол ч байхгүй, ийм газар хаана түр зогсох юм, ойр хавьд зогсоол алга.
Дүрэм журмынхаа дагуу 20 мянгаар биш 10 мянган төгрөгөөр торгосон ч бэлнээр аваагүй, банкинд тушаах болохоор тайвширлаа. Тэгэхдээ л торгуулчихсан. Хэрэв Хятадын замын цагдаагийнхан шиг өөрийгөө соошлоор буруутай үйлдэл хийснээ зарлаж, муугаа үзүүл гэвэл би лав чадахгүй гэнэ. Сэтгэгдлүүдийг нь бодоод айна. Үхвэл таарна, онхолдоосой гэх биз. Магадгүй 10 лайк биш 100 лайк авчихаж магад. Тэгэхээр энэ журам хаан заяатай монгол хүнд биш хятадуудад л яг тохирох шийтгэл гэж мунхаглая.