Хорих анги гэхээр адал явдалт, аймшгийн кино төсөөлж, тэнд хүний ёсноос гадуур үйл явдал өдөр бүр өрнөж, байдаг мэт төсөөлж байсан уу. Энэ асуултад бүгд “тийм” гэж хариулна гэж мөрийцсөн ч бэлэн байна. Тийм ч учраас сүүлийн үед хоригдлын эрх, хүний эрх ярих үзэгдэл олширч байгаа. Манайхны туйлшралын давалгаа энэ сэдвийг тойроогүй.
Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн тухай яригдах болсноос хойш улам хүчээ авч, хорих анги бүхэлдээ аймшигт үзэгдлийн үүр уурхай мэт төсөөлөл нийгэмд тогтсон. Сэтгүүлч хүний сониуч зангаар бодит нөхцөл байдал нь ямар байдаг бол, үнэхээр бусдын ярьдаг шиг юм болов уу гэсэн бодол төсөөлөл ээрч явсаар саяхан энэ талаар сурвалжилга бэлтгэх завшаан тохиосон юм. Хоригдлуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээрээс нь сурвалжилна гээд элдвээр төсөөлж, бас битүүхэн түгшин эргэж хөрвөөсөөр өглөө болгов. Бидний хэдэн сэтгүүлч тогтсон цагтаа, товлосон газраа цуглаад 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийг зорив. Энэ эмнэлэг бол улсын хэмжээнд бүх хоригдлуудад үйлчилдэг төв эмнэлэг.
Өндөр бетон хашаа бүхий хорих ангийн эмнэлгийн шалган нэвтрүүлэх хэсгээр ороход үсээ нэгэн жигд хусуулсан хэдэн хүн эмнэлгийн хашаанд ажиллаж байгаа нь анхаарал татав. Тэд бол эмнэлгийн “Аж ахуйд”-д ажилладаг хоригдлууд бөгөөд, судалгааны үндсэнд зохих шаардлагуудыг хангасан учир ажиллаж байгаа хүмүүс гэнэ. Эдгээр хоригдлууд гал тогоо болон цэвэрлэгээ зэрэг ажил хийдэг байна.
Ингэснээрээ шагналын хоног авч, хорих ялаасаа тодорхой хоног хасуулдаг. Яагаад ч юм хоригдлын эмнэлэг гэхээр гаднах шавар нь халцарч унасан, хуучны үзэмж муутай барилга байх болов уу гэж төсөөлж очсон маань хаалгаар оруут үгүй болов. Дотогш ортол үүдний цэвэрлэгчээс эхлээд эмнэлгийн дотор ажиллаж байгаа нүцгэн толгойтой, галгүй харцтай туранхай хүмүүс гэнэт орж ирсэн гадны хүмүүсийг сонирхсон байдалтай цоо ширтэх нь тухгүй бас түгшүүртэй мэдрэмжийг төрүүлнэ. Гэвч шинэхэн эмнэлгийн тохижилт, орчин нөхцөл нь энэ мэдрэмжийг мартагнуулж байв. Эмнэлэг ашиглалтад ороод гуравхан жил болж байгаа болоод ч тэр үү бүх зүйл нь гял цал, шив шинэхэн байх аж.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, өрөө тасалгаа нь жирийн иргэдийн үйлчлүүлдэг насжилтад орсон Улсын эмнэлгүүдтэй харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай. Энгийн бидэнд олддоггүй, Улсын хэмжээнд аравхан ширхэг байдаг сүрьеэгийн оношилгооны аппарат хүртэл хоригдлуудын эмнэлэгт байгаа нь “гомдолтой” санагдсаныг нуух юун. Эмнэлгийн дарга, хурандаа Д.Тулга биднийг эмнэлгийн тасаг, кабинет болгоны үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцууллаа.
Тус эмнэлэг дөрвөн тасаг, долоон кабинет, 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, мэс засал, дотор, мэдрэл гэсэн эмчилгээний гурван тасгаас гадна оношлогооны нэг тасагтай. Харин кабинетийн хувьд зүрх судас, чих хамар хоолой, шүд, рентген, эхо зэрэг долоон кабинеттэй. Нийт 15 их эмчээс гадна сувилахуйн алба, чанарын алба зэрэг чамлахааргүй олон боловсон хүчин ажиллаж байгаа аж. Тус эмнэлгээр жилд 2-3 мянган хоригдол эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна. Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа Д.Тулга хэлэхдээ “Хийсэн хэргийнхээ төлөө эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэдий ч хоригдлууд ч гэсэн хүн гэдгийг мартаж болохгүй. Тэд эрүүл байх, амьд явах эрхтэй хүмүүс. Энэ эрхийг нь хангах нь бидний үүрэг.
Хорих анги гэхээр хүмүүс хоригдлуудыг зөвхөн хорьж, цагдаж, дарамталж байдаг газар мэт төсөөлдөг. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг засах, хүмүүжүүлэх үүргийг нь хэн ч ярьдаггүй. Бид эдгээр хүмүүсийн эрүүл байх, амьд явах эрхийг нь хангах үүрэгтэй төрийн алба хаагчдын хувьд хоригдлуудад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг тогтмол явуулах, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй эмчилгээнд хамруулах талаар онцгойлон ач холбогдол өгч ажилладаг. Хоригдол өвчний улмаас амь насаа алдлаа гэхэд хорих ангийнхан дарамталж байгаад алчихсан мэтээр ярьдаг. Гэтэл хоригдлуудын 68.7 хувь нь суурь өвчтэй байдаг. Цагдан хорих 461 дүгээр ангиас таслагдаад ирж байгаа хоригдлуудад хүлээн авах комиссын эмч нарын баг эрүүл мэндийн үзлэг хийж, өвчтэй бол эмчлэх арга хэмжээг авдаг.
Хамгийн сүүлд 2017 онд сүрьеэгийн хүндрэлээр нэг хоригдол нас барснаас хойш өнөөдрийг хүртэл амь эрсэдсэн тохиолдол гараагүй” хэмээн ярилаа. Хоригдлуудын ихэнх нь амьдралын түвшин доогуур, архи тамхи хэрэглэх зэрэг муу зуршилтай байдаг учраас ихэнх нь суурь өвчинтэй байдаг аж. Энгийн амьдралд байхдаа эмнэлэгт ханддаггүй байснаас хорих ангид өвчин нь хүндэрсэн хүмүүс багагүй ирдэг талаар 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, дэд хурандаа Я.Оюунчимэг учирлав.
Тэрбээр “Хоригдлуудын дийлэнх өвчлөл нь амны хөндийн эрүүл мэнд буюу шүдний өвчлөл их байдаг. Мөн дотор эрхтэн, ходоод, хоол боловсруулах эрхтэний өвчлөл өндөр байдаг. Цаг уурын нөхцөл байдалтай холбоотой болоод ч тэр үү бөөрний өвчлөл өвчний зонхилох хувийг эзэлдэг. Энгийн амьдралд байхдаа эмнэлэгт ханддаггүй байснаас үүдэн өөрийгөө өвчтэй гэдгийг мэдээгүй, улмаар тэр нь хүндэрсэн шатандаа хорих ангид орж ирэх тохиолдол маш их байдаг.
Хүлээн авах комиссын эрүүл мэндийн үзлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчин нь илэрч эмчлүүлдэг. Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын бүх төрлийн эмчилгээг хийдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын эмнэлгүүдэд ханддаг. Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлгээс гадна ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ зэрэг эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг” гэв. Хоригдлууд Улсын эмнэлгээр үйлчлүүлэхдээ ямар ч дугаар, дараалалгүй ногоон гэрлээр үйлчлүүлдэг нь үнэхээр хачирхалтай санагдав. Учир нь хоригдлыг дараалал дугаар хүлээлгэж, удаан хугацаагаар олон нийтийн дунд байлгах нь зохисгүй учраас ийнхүү дараалалгүй үйчлүүлдэг аж. Тийм ч учраас суллагдах нь дөхсөн зарим хоригдлууд “Гарахаасаа өмнө эмчлүүлээд авъя” хэмээн ярьдаг талаар Я.Оюунчимэг эмч ярилаа.
Хоригдол Д.Г: Сэтгэлзүйн эмчилгээ өвчнөө давж гарахад маш их нөлөөлсөн
Биднийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үед хорих ангиудын сэтгэлзүйчдийн баг тус эмнэлэгт ажиллаж байлаа. Хоригдлуудад сэтгэлзүйн зөвлөгөө чухал байдаг учраас хорих ангиуд тус бүр сэтгэлзүйчтэй байдаг аж. Тэд хорих ангиудаар явж ганцаарчилсан болон групп уулзалт хийдэг байна. Ял эдэлж байгаа иргэд өөрийн хүсэлтээр хүссэн үедээ сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой байдаг аж. Сэтгэлзүйн зөвлөгөөнөөс гадна энд бясалгалын сургалтыг зохион байгуулна.
Бясалгах нь хорих ангиудад маш үр дүнтэй сэтгэл зүйн эмчилгээ бөгөөд энэ нь олон улсад сайшаагдсан эмчилгээ гэдгийг сэтгэл зүйчид онцолж байв. Хоригдлуудын сэтгэл зүйн эмчилгээний талаар 409 дүгээр хаалттай хорих ангийн сэтгэл зүйч, ахмад Н.Болормаа хэлэхдээ “Анх орж ирж байгаа хоригдлуудын сэтгэл зүй маш тогтворгүй байдаг учраас эхний 14 хоногт сэтгэлзүйн эмчилгээнд хамруулдаг.
Ингэхдээ анхан шатны сэтгэлзүйн сорилыг авч, тухайн хүний сэтгэл зүйн байдлыг тодорхойлдог. Ингэснээр тухайн хүнд сэтгэл зүйн зургаан төрлийн үйлчилгээний аль нь тохирох вэ гэдгийг тодорхойлдог. Сэтгэл зүйн үйлчилгээнд 5-6 удаа орсны дараагаар үр дүнгээ өгч, тухайн хоригдол дасан зохицож, аливааг сөргөөр хүлээж авах хандлага нь буурдаг” хэмээн ярьсан юм. Бид энэ үед хоригдлуудын бясалгалын өрөөтэй танилцав. Өрөөнд “Тэнгэр ээж минь өршөө” дуу намуухан эгшиглэж, хоригдлууд замилан сууж, бүгд нүдээ анижээ. Ажиглавал зарим нь дуунд уярсан уу, хийсэн нүгэлдээ гэмшсэн үү ямартай ч үе үе нулимсаа шудран арчиж харагдлаа.
Дараа нь бид тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хоригдлуудтай уулзаж, биеийн байдал болоод өвчнийх нь талаар тодруулсан юм. Тухайлбал, хоригдол Д.Г хэлэхдээ “Би ял аваад орж ирэхдээ буюу 2016 онд элэгний циррозоос үүдэлтэй венийн судасны өргөсөлтэй гэж оношлогдсон. Оношлогдсон үеэс эхлээд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Хоёр удаа хагалгаанд ороод цаг алдалгүй эмчилгээнд орсны ачаар биеийн байдал дээрдсэн. Эмчилгээ хийлгэж байх үед сэтгэл зүйн дэмжлэг, туслалцааг үзүүлж байсан нь хоёр удаагийн хүнд хагалгааг давж гарахад тус болсон болов уу гэж боддог” хэмээн ярилаа. Тэрбээр, дээрмийн хэргээр 3.5 жилийн ял авсан бөгөөд одоогоор хоёр жилийг нь эдэлжээ. Хорих ангийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх өрөө бүр нь дотроо нойл, душтай байхад жирийн иргэдийн үйлчлүүлдэг Улсын төв эмнэлэгт өрөө бүрт бүү хэл нийтээр усанд орох газар ч олдохгүй байгааг иргэд шүүмжилдэг. Бид эмнэлгийн тасаг кабинетуудтай танилцсаны дараа хэвтэн эмчлүүлж буй хоригдлуудын өрөөтэй танилцсан юм. Өрөөнд ороход зарим нь нүүр буруулан цааш харан зогсох бөгөөд олонх нь гадны хүмүүсийг сонирхон нүд салгалгүй ширтэх нь эвгүйцмээр санагдав.
Ажлын хөлсөө хохирлыг барагдуулахад зарцуулдаг
Дараагийн газар бол 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг. Тус эмнэлэг нь сүрьеэтэй хоригдлуудын төрөлжсөн эмнэлэг бөгөөд 2018 онд ашиглалтад орсон аж. Жилд 40 гаруй сүрьеэтэй хоригдлууд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэнэ. Энэ талаар тус эмнэлгийн дарга хурандаа Б.Лхагважав “Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа 40 орчим хүн байна. Эдгээрээс гадна эмнэлгийн хяналтад мөн 40 гаруй хүн байгаа.
Сүрьеэгийн эмчилгээ багадаа зургаан сарын турш үргэлжилдэг бөгөөд эмчилгээ дууссаны дараа мөн хугацаанд эмнэлгийн хяналтад байх шаардлагатай. 2017 онд 100 ортой дөрвөн давхар шинэ эмнэлгийн барилгыг барьсан юм. Ингэснээр эмчилгээнд шаардлагатай иж бүрэн тоног, төхөөрөмж, хоригдлуудын гал тогоо, эмчилгээний өрөө, лаборатори, эмийн сан гээд олон асуудлыг шийдсэн. Өнөөдрийн байдлаар 22 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна” хэмээн танилцууллаа.
Хоригдлуудыг өдөрт 30 минут орчим салхинд гаргадаг бөгөөд энэ үеэр тэдний эмийг нэгдсэн журмаар уулгадаг байна. Ингэхдээ эрсдэлээс сэргийлж эмээ залгисан эсэхийг нь нэг бүрчлэн шалгах шаардлагатай байдаг гэдгийг Б.Лхагважав хурандаа учирлаж байв. Тэрбээр биднийг тус эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцууллаа. Энд мөн хоригдлууд гал тогоо, цэвэрлэгээ зэрэг аж ахуйн ажил эрхэлдэг байна. Тэдэнд ажлын хөлснөөс гадна урамшууллын хоног өгдөг гэнэ. Урамшууллын хоног гэдэг нь хоригдох хугацаанаас ажилласан байдлаас шалтгаалан хоног хасахыг хэлдэг ажээ. Хоног хасахаас гадна тэдэнд өөрийн гэсэн данс нээж, тухайн дансанд сар бүрийн цалинг нь хуримтлуулдаг байна.
Хоригдлууд цалингийнхаа 10 хувийг өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулах эрхтэй байдаг бөгөөд ар гэртээ өгөхийг зөвшөөрдөг гэнэ. Хэрэв ял авах үедээ хохирлын төлбөрийг барагдуулаагүй бол хорих ангид ажилласан цалингаасаа хохирлыг барагдуулдаг аж. Хохирогчдын хохирлыг барагдуулахын тулд хорих анги бүр өөрийн харьяаны бичил үйлдвэрлэл явуулж, хоригдлуудыг ажиллуулан, цалингаар нь хохирогчдын хохирлыг барагдуулдаг талаар Б.Лхагважав хурандаа танилцуулсан юм.
Эмнэлгийн дарга өвчтөн бүрийнхээ өвчний түүхийг танилцуулахдаа, хоригдол бүрийг нэрээр нь дуудан, “номоо уншиж дууссан уу”, “юмаа оёж байгаа юу” гэхчлэн асуух нь тэднийг уг эмнэлэгт багагүй хугацааг өнгөрүүлснийг илэрхийлэх аж. Шоронгийн эмнэлгийн дарга гэхээр яагаад ч юм ширүүн төрхтэй, захирангуй хүн байх болов уу гэж төсөөлж очсон бидний төсөөлөл үгүй болж, хоригдлуудын амьдрал, энэ салбарт ажиллах жаргал, зовлонгийн тухай аминчхан яриа өрнүүлснээр уулзалт өндөрлөсөн юм. Хорих ангийн эмнэлэгтэй танилцаж, нөхцөл байдлыг өөрийн нүдээр үзээд хоригдлууд болоод хорих ангийн талаар төсөөлөл маань хийсвэрлэл ихтэй аймшгийн киноноос бодит байдалд бууж, энгийн баримтат кино болов.