Жанжин Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Монголын хүүхдийн төв номын сан хэмээх олны хөл үл тасрах өргөө рүү хэдэнтээ орж гарч эрсэн сурснаа олж, эрдэм номонд шумбаж явсан ч энэ хамт олны тухай онцгойлон сонирхож байсангүй. Эрсэн номоо олж уншаад эрхэм бүсгүйчүүдэд нь “баярлалаа” ч гэж хэдэнтээ хэлсэн билээ гэж бодогдов. Ингээд хүүхэд залуус чуулсан энэ номын сангийн нэг өдрийг сурвалжиллаа. Битүү шахам цэцэг ногоогоор хана туургаа чимж, эко орчин бүрдүүлсэн өвөрмөц шийдэл бүхий өдөр номын сан урьдын л адил хөл ихтэй байлаа. Өнөөдрийн онцлох зочид нь Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлгийн бяцхан уншигчид байх аж. Тэд Хүүхдийн төв номын сангийн зургаан танхимаар зочилж, “Их мэдэхийн танхим”-д тухалжээ. Тэднээс гадна уншлагын танхим, “Мөрөөдлийн танхим”, “Герман хэлний уншлагын танхим” ч хөл ихтэй, суудал дүүрэн шахуу харагдана. Олон зочдыг номоор, мэдээллээр хангаж уншлагын танхимаар үйлчлэхийн зэрэгцээ гэрээр ном уншуулдаг аж. Хүүхдийн номын сан өдгөө 86186 ширхэг номтой гэнэ. Мөн хотын алслагдсан хороод болох Баянхошуу, Налайх, Баянгол дүүргийн 13 дугаар хороо зэрэг газруудад зөөврийн номын сангаар 16 төвд үйлчилгээ үзүүлдэг. Алслагдсан дүүрэг, хороодын Хүүхэд хөгжил хамгааллын төвүүдийг түшиглэн тус хамт олон зөөврийн номоо өөрсдөө хүргэж өгч, захиалсан номын дагуу номоо сэлгэж үйлчилдэг аж.
Ч.Энхтуяа: Жилд 27 сая төгрөгийн санхүүжилтээр номоо бүрдүүлдэг
Номын сангийн 32 ажилтан, ажилчид уншигчдын тав тухыг хангаж үйлчилдэг. Тэдний нэг нь ном бүрдүүлэгч Ч.Энхтуяа юм. Тэрбээр, номын санд 16 жил, ерөөс энэ салбарт 38 жил ажилласан туршлагатай нэгэн. Ч.Энхтуяа ярихдаа “Манай номын сан жилд хүүхдийн болон танин мэдэхүйн номууд, бусад зохиол бүтээлүүд гээд 27 сая төгрөгийн санхүүжилтээр номоо бүрдүүлэхийн зэрэгцээ хандиваар бас бүрдүүлнэ. Худалдаагаар бүрдүүлэхдээ хувь хүмүүс болон номын дэлгүүрүүдээр явж худалдан авах замаар бүрдүүлдэг бол хандив нь мөн хувь хүн болон албан байгууллагууд манай номын санд бэлэглэж, хандивлах байдлаар бүрдүүлэлтийг хийдэг. Бүрдүүлэлтийг танхимуудаас уншигчдын хүсч буй номуудын жагсаалт болон номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй шинэ гарсан номуудын мэдээ мэдээллийг үндэслэн хийдэг. Манай номын сан хүүхдэд зориулан гарч буй бүхий л номыг архивлан авдаг онцлогтой. Нөхөн бүрдүүлэлт гэж байдаг. Салбар номын сангийн буурин дээр байгуулагдсан болохоор Төв номын санд байсан бүхий л хүүхдийн номыг татан төвлөрүүлэх замаар анх байгуулж байсан түүхтэй.
Түүнээс хойш гарсан бүхий л номыг авч бүрдүүлсэн” хэмээв. Хүүхдийн төв номын сан нь Өрнө дахины, Дорно дахины, Боловсрол хөгжил, Мөрөөдөл, Их мэдэх зэрэг зургаан уншлагын танхимтай. Түүнчлэн, ухаалаг гар утастай хүн бүрт 24 цагийн турш үйлчилдэг цахим номын сан, нийслэлийн алслагдсан дүүрэгт өөрсдөө очиж үйлчилдэг зөөврийн номын сантай. “Германы мэдээллийн номын сан”-гийн ажилтан Г.Буянцэцэцэг хариуцсан танхимынхаа тухай “Герман улсын соёлын томоохон байгууллага болох “Гетё” институт анх манай танхимыг байгуулах санал гаргасан. 1921 оноос хойш Герман улсад суралцаж төгссөн 30 гаруй мянган монголчууд байдаг. Тиймээс Монголд герман номын санг байгуулах нь зүйтэй гэж үзсэн учраас 2003 оны аравдугаар сарын 03-нд хоёр Герман дахин нэгдсэн өдөр байгуулсан сонин түүхтэй юм. “Гетё” институт шинэ ном хэвлэлээр байнга хангахаас гадна ажилтнуудыг давтан сургадаг. Герман номын сангаар жилдээ 5000 гаруй хүнд үйлчлүүлдэг. Манай уншлагын танхимд “Ханс Зайделийн сан”-гаас жил бүр ном өгдөг. Германы сонгодог уран зохиолоос Герман-Монгол хоёр хэл дээр хэвлэсэн номуудыг сүүлийн үед өгч байгаа. Герман хэлний уншлагын танхимд нийтдээ 6000 гаруй ном, хэвлэлийн бүтээгдэхүүн байдгаас 2500 гаруй нь аудио, видео материалууд юм” гэв.
“Хүүхдээ ухаалаг утаснаас хол байлгах арга бол номонд дурлуулах”
Энэхүү номын санд хөхнөөсөө ч бүрэн гараагүй шахам хоёр настнаас эхлээд буурал толгойтой 80 хол гарсан уншигч ч бий гэнэ. Тэд сонирхолтой ном сэтгүүлээ ирж уншихаас гадна өдөр тутмын сонин хэвлэлийг ч тогтмол ирж уншдаг. Хүүхдийн төв номын санг нөгөө талаар гэр бүлийн номын сан гээд хэлчихмээр санагдав. Учир нь бяцхан уншигчийг хүргэж, зөөдөг аав, ээжүүд болон эмээ өвөө нар нь өөрсдөө бас уншигчид байдаг. Тэд тав тухтай орчинд өөрсдийн бэлдсэн хоол цайг хүртэл барьж ирээд хэдэн цагаар номоо уншицгаадаг. Тэдний нэг болох З.Ганбаатар /уншигчийн аав/-тай цөөн хором хөөрөлдөв. Тэрбээр, “Сүүлийн үед хоёр хүүхдээ долоо хоногт 2-3 удаа энд авчирч ном уншуулдаг. Номын фонд сайтай, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх ном ихтэй байдаг нь таалагддаг. Дэлгэцнээс холдуулж, хүүхдээ номонд дурлуулах гэж авчирдаг болсон нь сайн үр дүн өгч байгаа. Номын сангийн үйлчилгээ нь их сайн. Энд авчирч уншуулахаас гадна 7-14 хоногоор номыг гэрээр өгч явуулж, уншуулдаг нь бүр ч их таалагдсан. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг, нэг хувь зурагтай авчирч бүртгүүлээд карт нээлгэчихдэг юм.
Тэгээд 2000 төгрөг төлөөд бүтэн жилийн турш хүссэн үедээ хүссэн номоо авч яваад уншдаг. Тиймээс хүүхэддээ ном авч өгч чадахгүй байна гэдэг аав ээжүүдэд хэлэхэд таны тэр бэрхшээлийг энэхүү номын сан арилгана гэж хэлье. Ном уншсанаар хүүхэд сууж сурч байна, хичээлээ давтахдаа түүртэхгүй байна гээд олон сайхан дадлыг эзэмшиж байгаа. Маш том боломж юм” гэлээ. Дараа нь номын сангийн үнэнч уншигчдын сэтгэгдлийг сонслоо. “Монгол Оюу” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Х.Гуасэцэн “Номын санд ирэх дуртай. Энд хичээлээ хийдэг, олон ном уншиж байгаа. Гүнжийн тухай номууд нь их сайхан. Аав маань ном авч өгдөг юм. Авч чадахгүй номоо энд ирж уншдаг” хэмээн ярилаа. Харин дунд үеийн уншигч болох МУБИС-ийн оюутан Ч.Отгонбаатар “Хичээлээ тараад жаахан юм олж идчихээд л номын сандаа ирж, орой болтол тухалдаг. Шаардлагатай ном, хэвлэлүүд хангалттай. Сүүлийн үед харин анзаарч байхад номын сан өөрийн гэсэн сайхан байртай болоосой гэж боддог юм. Анх намайг дөрвөн жилийн өмнө ирж байхад харьцангуй цөөн байсан. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчдийн тоо илт өсч байгаа харагддаг” гэсэн юм.
Өдөрт 250-300 хүн номын сангаар үйлчлүүлж байна
Хүүхдийн номын санд “Утгын оньс” хэмээх үзэсгэлэн ажиллуулж уншигч, үйлчлүүлэгчиддээ толилуулдаг аж. П.Хорлоо, Д.Гармаа, Л.Түдэв, Ж.Дашдондог, О.Сундуй, Г.Ганболд, Ч.Наранцэцэг, Б.Ганчимэг нарын үе үеийн хүүхдийн зохиолч уран бүтээлчдийн гар бичмэл, бичгийн машин, тэмдэглэлийн дэвтрүүд, тэдэнд уншигч багачуудаас илгээсэн захидал гээд ховор сайхан үзмэртэй бяцхан үзэсгэлэн ажиллаж байлаа. Энэ мэт үндсэн уншилтын ажлаас гадна олон түмнийг соён гэгээрүүлэх соёл олон нийтийн ажлыг маш их явуулдаг. “Уншигчдыг ирвэл үйлчилнэ үгүй бол...” гэсэн зарчим огт үйлчилдэггүй. Тус номын сангийн хамт олон хэд, хэдээрээ баг болон хотын дүүргүүдийн сургууль цэцэрлэгүүдээр очиж, ирээдүйн уншигчдаа бэлдэх, танин мэдүүлэх ажлыг сард 2-3 удаа хийдэг талаар ажилтан С.Тунгалаг ярилаа. Энэхүү ажлын үр дүнд уншигчдын тоо нэмэгджээ.
Соёлын ажил явагдаж буй өдөр номын сангаар 500-600 орчим хүн ирдэг бол уншигчийн тоог картаараа тооцохоор 250-300 хүн өдөрт үйлчлүүлдэг юм байна. Номын сангийн босгыг элээх нь холгүй ирдэг хүндэт зочид бол хүүхдийн зохиолчид. Тэд уншигчидтай уулзаж , шинэ уран бүтээлийн санаа сэдлээ дэлгэрүүлнэ гээд ажил мундахгүй. Өөр нэг сонирхолтой зүйл нь энд үдшийн уншлага болдог нь тун ч сонин санагдав. Анги хамт олноороо, тухайлбал, 3-4 дүгээр ангийн сурагчид номын санд ирж номоо уншаад харилцан ярилцаж, бүр тэндээ хоноод явдаг нь хүүхдүүдэд мартагдашгүй дурсамж үлдээдэг талаар номын санч Г.Дарьсүрэн хуучлав. “Их мэдэх танхим”-д бямба гараг бүр 10-12 цагт үлгэрийн цагийг зохион байгуулдаг. Тэр арга хэмжээнд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт ирж, эцэг эхчүүд нь сургалт авдаг юм билээ. Номын цагаан буян өнөөд ивээж, Монголын мянга мянган сэхээтнүүдийг бэлтгэж буй та бүхэндээ аз жаргал ерөөж, гэрэлт өдрийн гэгээхэн сурвалжилгаа төгсгөе.