ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Харааны шилтэй бол кино үзэхийг хориглоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-28

Харааны шил зүүчихээд кино театраар яваад онигоо болоод байгаа юм биш биз. Тэгвэл нэн даруй болихыг сайхан сэтгэлийн үүднээс зөвлөе. Учир нь сүүлийн үед харааны шилтэй хүнд кино театрууд үйлчлэхээс татгалзах бодлого явуулж байгаа юм байна. Ялангуяа томоохон кино театрууд руу шилтэй бол зүглэхийн ч хэрэггүй. Тэгж “оркууд”-ын тоонд ороод дэмий. Кино театрт харааны шил зүүгээд орвол гутлынхаа гадуур оймсоо өмчихөөд харайлгаж байгаа хүн шиг л харагдах юм байх. Шилэн дээр шил зүүж суудаг хоцрогдсон арга барил том театруудын өнгө төрхөд нөлөөлөөд байгаа бололтой юм. Овоо доо ингэмээрсэн. Дэлхий нийтийн соёлын хөгжлөөс хоцорчихгүй гэсэндээ л тэр шүү дээ.

Энүүхэндээ гэхэд хоцорсноо мэдэгдүүлэхгүйн тулд баримталж байгаа төрийн бодлого юм гэнэ билээ шүү, бодоорой. Хүнд муугаа үзүүлээд яахав. Ядаж л Монголд хараа муутай хүн байдаггүй гэж хэлэгдвэл сайхан биш гэж үү. Сүрхий холыг харсан байгаа юм шүү, кино театрынхан. Нүүдэл давж сэтгэн, мэргэн бодлого хэрэгжүүлж байгаа тэднийгээ алдаршуулъя. Бид дэмжихгүй бол хэн дэмжих билээ.

Тэд ч шилтэй хүнд үйлчлэхгүй бодлогоо  маш боловсон байдлаар илэрхийлж байгаа. “Та шилтэй учраас үйлчлэхгүй” гээд хэлчихээр мэдээж бүдүүлэг сонсогдоно. Кино театрынхан үүнийг ч бас нарийн тооцоолсон нь олзуурхууштай. Шилтэй учраас үйлчлэхгүй гэхийн оронд хараа муутай хүмүүст зориулсан тусгай шил худалдаж аваад үйлчлүүлэх сонголтыг өгч байгаа юм.

Кино үзэх чин хүсэл сонирхол байгаа бол өөрийн шилээ авч, театрын өнгө төрхөд тохирсон тусгай шил худалдаж авч байж үйлчлүүлэх ёстой. Илүү мөнгө төлөх таалагдахгүй бол шилээ зүүгээд, гэртээ харь. Эцсийн эцэст кино үзэх гэж өнжин түгжирч явж ирчихээд, дөрвөн мянган төгрөг нэмж төлөхөөс татгалзаад буцах уу үгүй юу гэдэг таны сонголтын л асуудал. Овоо доо манай кино театрынхан.