ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эвлүүлэг гэж гүрийж сур

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-02

Гадныхан болон манай улсын Их хурлын гишүүд, сайд, дарга нарын эрх ашгийн тухай ойлголт тэс өөр юм. Тодруулбал, хэдхэн өдрийн өмнө Австри улсын дэд канцлер албан тушаалаа ашиглаж, танилдаа тендер авч өгөх тухай ярьсан бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагджээ. Гэтэл нөгөөдөх нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч бүр албан тушаалаасаа огцрох мэдэгдэл хийжээ. Яаж ийм тэнэг байж чаддаг байна аа.

Хятад, Япон, Солонгос зэрэг улсуудад ч ийм жишиг тогтчихсон юм билээ. Хэрвээ манай УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, дарга нарын хэн нэгэн нь авлига авч, албан тушаалаа ашиглан хэн нэгэнд тендер авч өгөхөөр зуучилсан бол эвлүүлэг гэж гүрийгээд л өнгөрөх байсан юм. Зарим нь бүр тойргийн иргэддээ туслаад буруудчихлаа гэж мэдэгдэл гаргана. Тэгээд ч уучлалт гуйсан аав, ээжээсээ гуйна уу гэхээс ард түмнээс гуйхгүй. Нам нь хариуцлага тооцно гэвэл өргөдлөө барьж айлгаж гүйгээд л ажилтайгаа, албан тушаалтайгаа үлдчихэж байгаа юм.

Ерөөс манай улсын улстөрчдийн давуу тал нь энэ юм шүү дээ. Бүр бичлэг нь цацагдчихаад байхад, 20 сая төгрөгөөр тохирчих уу гэж гуйж байсан атлаа л “Би биш. Эвлүүлэг байна. Нэр хүндэд халдсан учраас Зөрчлийн хуулиар торгууль тавиулна” гэж гүрийгээд л болоо. Ийм амархан зүйлийг суралцаж чадахгүй ажлаа өгөхөө мэдэгдэж л байдаг. Миний нэр төрд халдлаа.

Энэ бол эвлүүлэг гэж хэлж чадах туршлагыг манайд ирж суралцвал таарна. Манай гишүүд бол төрөл бүрээр нь заагаад өгчихнө. Тэр ч байтугай дотоожоо тайлсан зургаа явуулсан, дотно харилцаанд орсон байлаа ч өндөр дээд сүлдэт Төрийн ордондоо тийм муухай зүйл ярихгүй гэж хэлээд л болоо шүү дээ. Чаддаг юм бол хууль хяналтын байгууллагад шалгуул гээд л бардам хэлчихэж сурсан нь дээр шүү. Хууль хяналт, хүчний байгууллагынхан халаасанд нь  байдаг болохоор ингэж бардам дуугардаг юм, манайхан. Баригдлаа гэхэд гүрийж сур. Болохгүй бол хүрээд ир. Бид заагаад өгье.