ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баярлалаа, Монгол - Баярлалаа, Венесуэл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-06

Филиппиний үндэсний өдөр тутмын “Манила Таймс” сонины сэтгүүлч Марлен Ронкуилло “Баярлалаа, Монгол Улсад” гэх сэдэв бүхий нийтлэл бичиж, хэвлүүлжээ. Уг сэдвийн хүрээнд тэрбээр IMD-ээс гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтад улс нь доогуурт эрэмбэлэгдэх болсон шалтгаан,  хэрэв Монгол Улс байгаагүй бол Филиппин сүүл мушгиж ч мэдэх байсныг хөндөн бичсэн байв. Уг нийтлэлийн хэсгээс уншигчиддаа орчуулан хүргэж байна. 

Гүүглээс Монголын тухай хайвал:

-БНХАУ, ОХУ-ын дунд орших далайд гарцгүй орон /далайд гарцгүй гээд төсөөлөөрэй/
-Гурван сая хүн амтай, дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшсан улс
-Газар нутгийн ихэнх хэсэг нь тал хээр, багахан хувийг тариалангийн талбай эзэлнэ 
-Хүн амынх нь 30 хувь нь одоо ч нүүдэлчин бөгөөд морь уналга, эдэлгээний соёлынх нь нэг хэсэг хэвээр 
-Эрс тэс, хүйтэн уур амьсгалтай

...Энэ мэтээр наад захын мэдээллүүд гарч ирнэ. Би нийтлэлийнхээ өмнө чухам яагаад Монголын талаар дурьдах болов. Эрс тэс уур амьсгалтай, адуучин үндэстэн бидэнд ямар хамаатай гэж. Бид Монголд талархах учиртай. Хэрэв энэ улс Ази, Номхон далайн бүсээс өөр хаа нэгтээ байсан бол Филиппин улс өнөөдөр өрсөлдөх чадвараар доогуур бус, бүр сүүл мушгиж ч мэдэхээр байлаа. 1960-аад оны үед Филиппин Ази, Номхон далайн орнуудаас өрсөлдөх чадвараараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв. Тэр үед бидний хойно байсан улс орнууд одоо хаана явна вэ. Тэд бүгд өрсөлдөх чадвараараа бидний өмнө гишгэжээ. Зарим нь зүгээр ч нэг тэргүүлэх биш, аль хэдийнэ тэртээ хол тасарч одсон мэт. Өрсөлдөх чадварын жагсаалтад ганц нэг байр урагшилснаа төрийн эрх мэдэлтнүүд иш татан сагсуурах нь бий. Гэвч, бодит байдлыг авч үзвэл, бид 63 орноос 46-д жагссан нь туйлын ичгүүртэй. Нэгэн цагт Ази, номхон далайн бүс нутагтаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан Филиппин эдүгээ сүүл мушгиж явна. Энэ маш ичгүүртэй үзүүлэлт. Бид ердөө нэг  нүүдэлчин улсын л өмнө алхаж явна. Анхааралдаа авна уу. Ази, номхон далайн бүс нутагтаа бид доогуур жагсаж буй нь бодит үнэн. Харин шилдгүүдийг Сингапур тэргүүлж явна. IMD төвөөс 230 жишиг үзүүлэлтийг хэрхэн хангаж буйгаар нь 63 оныг жагсаасан аж. Харин эдийн засгийн хуваарилалт, засгийн газрын бүтээмж /Үндсэн хуулийн хэрэгжилт, бизнесийн бүтээмж зэрэг багтсан/, хүрээлэн буй орчны хөгжил, боловсрол гэсэн үндсэн дөрвөн шалгууртай. Эдгээр үзүүлэлтээр бид зарим шалгуурт өмнөхөөсөө сайжирчээ. Гэсэн, Ази, Номхон далайн бүс нутагтаа жижиг, том орнуудын өмнө бичигдэж чадсангүй. IMD өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа эдийн засгийн шалгуурт онцгой ач холбогдол өгдөг.  “Үндсэн хуулийн хэрэгжилт” гэх шалгуур үзүүлэлтүүдийн бас нэг хэсэг нь шударга бизнес, бизнес хийх боломж гэх мэт зүйлс дээр анхаарал хандуулдаг. Харин хүний эрх, хүний суурь эрх чөлөөний асуудлыг төдийлөн анхаардаггүй. Хэрэв эдгээр сэдвийг шалгуур үзүүлэлт болгодог байсан бол бид Монголын ард бичигдэх байв. Харин авлигын түвшнийг бизнесийн болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэр зэрэг чөдөрлөн удаашруулдагтай хамааруулж хэмждэг гэж болно. “Авлига” гэдэг IMD-н өндөр түвшинд авч үздэг зүйлсийн нэг. Тиймээс, бид  энэ байр суурин дээрээ итгэл үнэмшилтэйгээр зогсох хэрэгтэй. Монгол Улсад баярлалаа. 

Тэгвэл энэхүү нийтлэлийн хариу болгож, Венесуэл улсад бид талархах болж байна. Яагаад гэвэл, өрсөлдөх чадвараараа тус улс ганцхан манай ард орсон. Тийн учраас яг энэ нийтлэл ёсоор бид Венесуэл улсад талархах болж байна. Тэгээгүй бол бид хамгийн адагт орох байжээ.

Гүүглээс Венесуэлийн тухай хайлт хийхэд:

-Өмнөд Америкийн умард хэсэгт Колумб, Гайана, Бразилтай хиллэн оршдог улс 
-31 сая хүн амтай, 916 мянган км.кв газар нутагтай. /Манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай, 10 дахин их хүн амтай гээд төсөөлөөрэй/
-Хүн амын 93 хувь нь хот суурин газар амьдардаг. Гэвч, 2014 оноос 2.4 сая иргэн нь гадны улс руу дүрвэсэн
-Авлига, хээл хахуульд идэгдсэн. Эдийн засаг нь сүйрсэн 
-Эрчим хүчний хомсдолын улмаас цахилгаан хязгаарлаж, бараа бүтээгдэхүүн, хүнсний хомсдол орон даяар нүүрлэсэн. Хүүхэд хөгшидгүй дээрэм тонуул хийж байна
-Хүн амын 90 хувь нь ядуу, 60 хувь нь идэх хоолгүй. 
-Инфляци нь 2.7 сая хүрэв 
-Бослого үймээний улмаас 50 хүн нас барлаа.

...Энэ мэтээр наад захын мэдээллүүд захаасаа хөвөрнө. Би чухам яагаад Венесуэлийг эхэнд дурьдах болов. Хаа байсан Өмнөд Америкийн эдийн засаг нь сүйрч, ард иргэд нь өлсгөлөн ядууралд нэрвэгдэж, инфляци нь хэдийнэ хэдэн саяыг давсан улс бидэнд  ямар хамаатай гэж. Бид Венесуэлд талархах ёстой юм. Хэрэв энэ улс дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээ байгаагүй бол Монгол Улс өнөөдөр өрсөлдөх чадвараараа сүүлээсээ хоёрт бус, адагт нь бичигдэх байлаа. 2014 онд Монгол дэлхийд өрсөлдөх чадвараараа 57-д эрэмбэлэгдэж байлаа. Тэр үед бидний хойно байсан Грек, Аргентин, Хорват одоо хаана явна вэ. Тэд бүгд өрсөлдөх чадвараараа бидний өмнө гишгэжээ. Зарим нь зүгээр ч нэг тэргүүлэх биш, тэртээ хол тасарч одсон. Эдийн засгийн цөөн хувийн өсөлтөө төрийн түшээд сайрхан ярьж, салбарын сайдыгаа шилдгээр нэрлэж шагнах нь бий. Гэвч, бодит байдлыг авч үзвэл бид 63 орноос 62-т жагссан нь туйлын ичгүүртэй. Таван жилийн өмнө бас ч  үгүй ардаа дөрвөн улсыг орхидог байсан Монгол Улс эдүгээ Зүүн хойд Азийн бүс нутаг байтугай, тивдээ сүүл мушгиж явна. Яасан ичгүүртэй үзүүлэлт вэ.  Бид өөрсдөөсөө 10 дахин хүн амтай, бага газар нутагтай, эдийн засаг нь сүйрч, ард иргэд нь өлсгөлөн ядууралд нэрвэгдэж, картын бараанд дугаарлаж, найман настай балчраас 80 настай буурал нь хүртэл дээрэм тонуул хийж, мөнгөн тэмдэгтийнх нь хамгийн дээд нэгж нь ч таваг хоолны энд хүрэхгүй болж, дампуурлаа зарлахад хүрсэн улсын өмнө алхаж явна. Венесуэл 2014 онд л өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байсан, одоо ч адагт л яваа. Дэлхийд бид ганц улсын өмнө гурван жил дараалан бичигдэж байгаа ч, бүс нутаг, тивдээ “шал арчиж” буй нь бодит үнэн. Харин топуудыг Сингапур тэргүүлжээ. IMD төвөөс 230 жишиг үзүүлэлтийг хэрхэн хангаж буйгаар нь 63 оныг жагсаасан аж. Харин эдийн засгийн хуваарилалт, засгийн газрын бүтээмж /Үндсэн хуулийн хэрэгжилт, бизнесийн бүтээмж зэрэг багтсан/, хүрээлэн буй орчны хөгжил, боловсрол гэсэн үндсэн дөрвөн шалгууртай. Гэсэн ч,  Ази, Номхон далайн бүс нутагтаа жижиг, том орнуудын өмнө бичигдэж чадсангүй. IMD өрсөлдөх чадварын индексийг гаргахдаа эдийн засгийн шалгуурт онцгой ач холбогдол өгдөг. “Үндсэн хуулийн хэрэгжилт” гэх шалгуур үзүүлэлтүүдэд шударга бизнес, бизнес хийх боломж гэх мэт зүйлс дээр анхаарал хандуулдаг. Харин хүний эрх, хүний суурь эрх чөлөөний асуудлыг анхаардаггүй. Хэрэв эдгээр сэдвийг шалгуур үзүүлэлт болгодог байсан бол Венесуэлийн тоосонд даруулах байсан. Тиймээс Венесуэлд баярлалаа. Венесуэлийг дампууруулах эх үндсийг тавьж, популист амлалт, “Чавист” гадаад бодлого, социалист хөтөлбөрөөрөө дэлхий дахинаа алдаршсан Уго Чавес агсанд бас баярлалаа.