ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийд сурталчилмаар Монголчлол

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-16

Төв аймгийн Баянхангай сумын нутагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас айлын байшин усаар дүүрч, хүүхэд гацсан. Онцгой байдлын аврагчид яаралтай аврах ажиллагаа явуулж, хоёр том төмөр торх кранаар өргөж, усанд хоригдсон байсан хүүхдийг аварч байна билээ. Манайхан болсон л хойно улсаа муу хэлээд, ганц ширхэг ч болов тавцантай өргөгчтэй крантай байхгүй. Дэлхийд шившиг болж байна гэх мэтээр шаагилдана билээ.

Сум, аймгийн онцгой байдлын газарт тавцантай өргөгчтэй кран авч өгч юу хийх юм. Дэлхийн хаана ч байхгүй хямд аврах хэрэгсэл буюу төмөр торх байсаар байхад. Монголчууд гүйлгээ ухаан сайтай болохоор краны дэгээнээс төмөр торхоо зүүгээд л уснаас хүн аварчихаж байна.

Ийм хямд төсөр аврах хэрэгслийг харин ч дэлхийд сурталчлах хэрэгтэй. Үнэндээ төмөр торх аюулгүй. Краны дэгээ мултраад ус руу унасан ч гэсэн хөвөөд явчихна. Живчихгүй. Ерөөс усны аюулаас хүнийг найдвартай аврах арга энэ мөн.  Тиймдээ ч дэлхий нийтээс ичиж зовох биш зөвөөр ойлгуулаад, хямд төсөр аргаа сурталчилсан нь зөв. Их мөнгө үрж, элдэв техник авдаг улсуудын онцгой байдлын албаныхан нь сурч аваг.  

Тэгээд ч байнга бороо ороод, үргэлж үеэр болоод, байшин далд орохоор нуур тогтоод, тэнд нь хүүхэд гацаад байх биш. Тавцантай өргөгчтэй кранаар хөдөө юу хийх вэ дээ. Түүний оронд шар хашаа аваад, замын голд тавьсан дээр шүү дээ. Ядаж хэдэн дарга нар минь баяжиг.