90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа атлаа ганц аятайхан байшингүй, иргэд нь ажилгүй, төрийн болоод эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь “хог” болсон сум Монголоор дүүрэн байгаа. Тэгсэн ч ой тэмдэглэж, баахан наадамлаж, ууж иднэ. Муухан хошин шогоос дээр шүү.
Хүн эмнэлэг нь орчин үеийн шаардлага хангасан түргэний машингүй, фургоноор салганаж байхад сумаас төрсөн, улсын начин цол хүртсэн бөхдөө байр авч өгөх жишээтэй. Жаахан дориун, мөнгөтэй сумынхан нь “Ланд-200” авч өгдөг. Нутгийн зөвлөлийнхөн нь бүр хэд, хэдэн өрөө байр ч авч өгөх нь энүүхэнд.
Буруутгах аргагүй. Яаж ч бодсон түргэний машин сумын нэрийг улс даяар сурталчлахгүй. Сайхан байшин савтай, хөгжиж цэцэглэсэн ч тэр байшин нь Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж дэвэхгүй. Харин муу ч гэсэн улсын начин цолтой бөх байвал унасан ч, давсан ч сумын нэрийг цэнгэлдэх даяар дуудуулна. Жилдээ Бөхийн өргөө, заал, танхимын барилдаанд хэд барилдчихвал давах, унах болгондоо сумын нэрийг зарлуулна. Нэг заалны барилдаанд түрүүлчихвэл бүр 6-7 удаа сумын нэр гарна гээд бод доо.
Тэгэхээр сумандаа түргэний машин авч өгөх үү, улсын начин цолтой бөхдөө Ланд-200 бэлэглэх үү гэдэг сонголтоос алийг сонгох нь ойлгомжтой байгаа биз. Сумын хэдэн хүн яахав, фургонд сэгсчүүлэхэд зовох юу байна. Тэртээ тэргүй сурчихсан юм чинь. Харин улсын цолтой бөх жийп унахгүй явбал сум орон нутгийн нэр, цаашдын хөгжилд муу. Бөх байхад түргэний машинаар яах вэ дээ.