ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Болорчулуун: Хүнсний ногоо тариалах газар байна, харин ажиллах хүч алга

Б.ГАНЗОРИГ
2019-09-04

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулууныг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. 

-Улсын онцгой комиссын хуралд Ерөнхий сайд оролцохдоо намар хүйтэрнэ, тариа, ногоогоо хураахад анхаараарай гэж байсан. Намрын цаг агаарын төлөв байдлын мэдээллийг авч байгаа байлгүй. Ургац хураалтад нөлөөлөхөөр цаг агаарын огцом өөрчлөлт гарахаар байна уу?

-Бид наймдугаар сарын 25-ны өдөр ургацын урдчилсан блансыг гаргасан. Мөн  цаг агаарын нөхцөл байдалд уялдуулаад хураалтын үеийн технологийн зөвлөмжийг ХХААХҮЯ, Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч боловсрууллаа. Дээрээс нь цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан мэдээллийг авсан. Ийм үндсэн гурван мэдээллийн дагуу Улсын ургацын комиссын хуралдааныг зохион байгуулсан. ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан, бүх яамны төлөөлөл багтсан Улсын ургацын комисс гэж байдаг шүү дээ. Тэр хурлын үеэр асуудлуудаа ярилаа. Холбогдох яамдуудтай хамтарч ажиллах талаар ч ярилцаж, зарим үүрэг, чиглэлийг өгсөн. Есдүгээр сарын дундуур нойтон цас. Мөн энэ сарын сүүлчээр ч хүйтрэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг Цаг уур, орчны шин­жилгээний газраас өгч байсан. Аравдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын мэдээлэл хараахан гараагүй. Олон жилийн дунджын орчим гэсэн тойм мэдээллийг өгсөн. Ургац хураалт зарим газар эхэлж байна. Энэ сарын 5-наас хураагаад эхэлнэ. Наймдугаар сард тариалан бүс нутаг төдийгүй орон даяар хур бороо элбэгтэй байсан учраас тарианы болц бага зэрэг оройтох төлөвтэй байгаа. Гэхдээ есдүгээр сард цаг агаар тогтуун байвал төлөвлөсний дагуу блансаар тогтоосон ургацаа авчих байх. 

-Хэчнээн тонн үр тариа, төмс, хүнсний ногоо хурааж авах урьдчилсан төлөв гарсан бэ?

-Хавар бид 367 мянган га талбайд үр тариа тариалсан. 340 мянган га талбайд улаан буудай  тариалсан. Энэ зун мөндөр орсны улмаас 2500 га талбайн ургац цохигдсон. 10 гаруй мянган га талбайн тариа тэжээл болох нь. Тиймээс бид 327 мянган га талбайгаас улаан буудай хураана гэж тооцоолж байна. Үндсэндээ 420 орчим мянган тонн буудай хурааж авна гэсэн тооцоог гаргасан. Төмсний хувьд 12.4 мянган га талбайд тариалсан. Энэ талбайгаасаа ургац хураана. Нийтдээ 167 мянган тонн орчим төмс хурааж авна. Хүнсний ногоог 8000 га талбайд тариалсан. Нийтдээ 92 мянга орчим тонн хүнсний ногоо хурааж авах тооцоотой байна. 

-Дотоодын хэрэгцээг хангах хувь нь хэд байх бол?

-Улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь хангана. Хүнсний ногооны хэрэгцээг угаасаа л 50 гаруй хувьтай хангадаг. Тэр хэмжээндээ л байгаа. 

-Өнгөрсөн жил 420 гаруй мянган тонн улаан буудай хурааж авч байсан. Энэ жил ч гэсэн тэр хэмжээний улаан буудай хурааж авах юм байна. Сүүлийн жилүүдэд тариалангийн зориулалттай газрын хэмжээг нэмэх бодлого барьж байгаа санагдах юм. Тариалангийн газрын хэмжээг нэмсэн үү. Ургацын хэмжээ яагаад өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэнгүй вэ?

-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг 2015 онд баталсан. 10 жилийн хугацаатай, 2025 он хүртэл хэрэгжих бодлого. Бодлогын хүрээнд тариалангийн талбайг  сая 50 мянган га-д хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр бид 850 орчим мянган га эргэлтийн талбайтай л байна. Нэмж газар хагалаагүй. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал Монголд маш хүчтэй мэдрэгдэж байгаа. Энэ жил гэхэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн зэрэг тариалангийн гол бүс болсон сумдаар бараг 60 хоног бороо орсонгүй. Хаврын тариалалтын дараа шүү дээ. Одоо ч тариаланчид бэлтгэлтэй болсон. Тавдугаар сард тариагаа тарина, зургадугаар сард бороо орохгүй гэж тооцоолдог. Тиймээс зургадугаар сарын ганг давах технологийн ажиллагааг зохион байгуулж байгаа. Тариа тарих талбай нэмэгдээгүй ч гэсэн одоо байгаа газраасаа авах га-гийн ургацыг нэмэгдүүлж чадвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох боломж ойрхон байна. Цаг агаараас хамааралтай учраас тавьж буй зорилтдоо хараахан хүрч чадахгүй байгаа. Бидэнд улаан буудай экспортлох боломж бол бий. Энэ жил бороо хур багатай учраас ургацын хэмжээ буурчих жишээний. Засгийн газраас тариалангийн бүс нутгийг зарласан. Тариалангийн талбайгаа хашаажуулах ажлыг хувийн хэвшил болон төрийн оролцоотой хийж байна. Хашаа барих тендерээ зарлаад, ажил нь эхэлчихсэн. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байгаа. Тодорхой ахиц гарсан. 

-Манай эрдэмтэд ганд тэсвэртэй үр гаргаж авах чиглэлээр хэр ажиллаж байгаа вэ. Үр дүнд хүрсэн ажил байна уу?

-Төмс, хүнсний ногооны үрийн асуудлыг бид боломжийн шийдсэн. “Монгол төмс” гэдэг хөтөлбөрийг 2004-2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Дотооддоо төмсний үрийг үйлдвэрлэх боломж бүрдсэн. Цаашлаад “Монгол төмс” хөтөлбар “Монгол ногоо” болж өргөжиж, хүнсний ногооны чиглэлд анхаарч ажиллаж байна. Үр, тариа, тэр дундаа улаан буудайн үрийн шинэ сортыг гаргахаар Дарханы ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байгаа. Гэхдээ нэг тарималын үрийг гаргаж авах ажлыг ганц, хоёрхон жилийн дотор хийчихгүй. Дор хаяж 10-15 жил ажиллаж байж гаргаж авна. Гэхдээ Дарханы эрдэмтэд Дархан 144, 131, 181 гэх мэт сортуудыг гаргаж аваад, үйлдвэрлэлд нэвтрүүлээд, амжилттай ажиллаж байна. Тухайлбал, Дархан 144, 131 сорт Монголын нөхцөлд тохирсон, ганд тэсвэртэй, арвин ургац өгдөг. Одоо нийт тариалж байгаа үрийн тодорхой хувийг Дарханы сортууд эзэлж байгаа. Энэ мэт ажлыг хийхгүй биш хийж байна. Цаашид бааз суурийг нь нэмээд өгвөл бид дотооддоо өөр олон үр үйлдвэрлэх боломж бий. Өнөөдөр Дарханы хүрээлэн жилдээ 500 орчим тонн элит үр үйлдвэрлэж байна. Анхдагч үрийг нь үйлдвэрлэж байна гэсэн үг. Цаашид жилдээ 3000 тонн үр үйлдвэрлэчихвэл дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Энэ чиглэлээр хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаа. Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхэд нь тодорхой хувь нэмэр оруулж байна. Хөрөнгө, санхүүгээр тусална. Гэхдээ арвин ургац авах нь зөвхөн үрээс шалтгаалахгүй. Цогцоор нь шийдэж байж л ургацын хэмжээгээ нэмнэ. Техник, тоног төхөөрөмж сайн байх хэрэгтэй. Хөрсөө сайн боловсруулж, ямар эрдэс бордоо дутагдаж байгааг нь тогтоож, хийх ёстой. Ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Энэ бүгдийг цогцоор нь хийж байж арвин ургац авна. Мөн тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах ёстой. Бид сүүлийн 2, 3 жил “Давхар даатгал” гэдэг компанитай хамтарч ажиллаж, зарим аж ахуйн нэгжээ даатгуулсан. Нөхөн төлбөр гээд чамгүй хэдэн төгрөг авч байна. Энэ мэтээр цогцоор нь асуудлыг шийдэж байж тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлнэ. 

-Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар бас яриад байгаа. Та өнгөрсөн жил 80 мянга орчим га талбайг усалгаатай болгох зорилготой гэж ярьж байсан. Тэр зорилтдоо хүрсэн үү?

-Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 50 орчим мянган га газар усалгаатай болсон. Төмс, хүнсний ногоо тариалж байгаа 20 гаруй мянган га талбай 100 хувь усалгаатай. Үр тариа тариалж байгаа тариаланчид талбайгаа усалгаатай болгож эхэлсэн. Гэхдээ усалгаа гэдэг өртөг өндөртэй. Дээрээс нь боловсон хүчний хомсдол  байна. Мэдээж  тариалангийн эрсдэлийг бууруулах хамгийн гол хүчинй зүйл нь усалгаатай талбай. Бид томоохон голын ай савын газар судалгаа хийсэн. 400 мянган га талбайг усалгаатай болгох боломж бий. Харин бид дор хаяж 80 мянгад хүргэе гэсэн зорилт тавьсан. Өнгөрсөн жил БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бид 9000 мянга га талбайг услах хүчин чадалтай бороожуулагчийг оруулж ирсэн. Тоног төхөөрөмж нь ирчихсэн. Энэ хавар аж ахуйн нэгжүүдтэйгээ тойрч танилцсан. Хүн болгон усалгааны тоног төхөөрөмжийг аваад, ажиллуулах боломжгүй. Ашиглаж байгаа талбайг нь услахад хэчнээн шоо метр ус хэрэгтэй юм. Усан сангаа яаж бий болгох вэ гээд асуудалтай. Зүгээр нэг голоос ус татаад усалчихдаг юм биш шүү дээ. Голоос татаж усална гэвэл сүүлийн жилүүдийн урсац нь тогтмол байгаа юу. Үер ус болбол яах билээ. Усан сан байгуулбал хэдий хэмжээний багтаамжтайг барих вэ гэх мэт нарийн судалгаатай. Цахилгаанаа хүртэл шийдэх ёстой. Дэд бүтцээ цогцоор нь шийдэж байж усалгааны тоног төхөөрөмжөө өгөхгүй бол хүссэн хүн бүрт худалдах боломжгүй. Хэрвээ ус, тогоо шийдэж чадахгүй бол авсан тоног төхөөрөмж нь зэврээд, аж ахуйн нэгжүүд алдагдалд орно. Бид хавар явж үзээд, 3000 орчим га талбайг услах бороожуулагчийг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулаад, олгочихсон. Бүгд суурилуулаад, энэ намар үр шимийг нь үзсэн. Цаашид авах хүсэлтэй хүмүүс ч их байна. Дэд бүтцийнхээ асуудлыг шийдчихвэл чөлөөтэй олгоё л гэж байгаа. Гэх мэтчилэн ажиллаж байна. 9000 га газрыг усалгаатай болгоно гэдэг том ажил шүү. 

-Тариа, хүнсний ногоо тарих газрын хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа юм байна. Чухам ямар шалтгааны улмаас нэмэгдүүлэхгүй байгаа юм бэ. Усны нөөц багатайгаас болж байна уу?

-Дэлхийн дулааралтай холбоотой Монгол Улсын газар нутаг багагүй цөлжиж байна. Дархан, Төв аймгийн урд талын сумдаар цөлжилт эрчимжсэн. Социализмын үед тариа тарьж байсан газрууд хүртэл цөлжиж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж болох 1.2 сая га талбай байгаа. Бид тооцож үзээд, 2025 он гэхэд нэг сая 50 мянган га талбайг ашиглая л гэж байгаа юм. Түүнээс дээш гарах боломж ч байхгүй. Усны нөөцтэй ч холбоотой. Тариа, ногоо ургадаггүй газар ч бий.  Тиймээс одоохондоо тариалангийн газрын хэмжээг нэмэхгүй. Га-гаас авах ургацынхаа хэмжээг л нэмэх нь чухал байна. 

-Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх боломж байна уу. Сонгино, сармис, өргөст хэмх гээд нарийн ногоог жилдээ хэдэн сая ам.доллараар гаднаас импортолж байна. Дотооддоо тариалалтыг нь нэмэгдүүлбэл гадагшаа урсч байгаа валютын хэмжээ буурах сайн талтай шүү дээ?

-Нэмэгдүүлэх боломж байгаа. Орон нутгаас судалгаа авч үзсэн. Улаанбаатар амьдарч байгаа ажилгүй иргэдийг хөдөө гаргая.  Орон нутаг руу яваад ажлын байр буюу хүнсний ногоо тариалах хангалттай хэмжээний газар байна. Орон нутаг гаргаж өгч чадаж байгаа. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх тал дээр орон нутаг хүртэл анхаарч эхэлсэн. Гэвч ажиллах хүч алга. Хүнсний ногоо гэхээр, манжин, луувангаар дотоодын хэрэгцээг хангаж байгаа. Харин сонгино, сармисаар хангаж чаддаггүй. Одоо л манай тариаланчид сонгино, сармис тарьдаг болж. Завханы улаан сармисыг Сэлэнгэд авчирч тарьж байна. Сармисны хэрэглээ ч их нэмэгдсэн. Дагаад тариалалт тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Манай зарим томоохон аж ахуйн нэгжүүд Голландаас сонгины  үр авчраад, тарьж, борлуулж байна. Сонгино, сармис, байцаа гээд нарийн ногоог хадгална гэдэг нарийн. Хадгалах агуулах, зоориноос шалтгаалаад тариалалтын хэмжээ нь нэмэгдэхгүй байгаа тал бий. Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар орчмын зоорь, агуулахуудыг үзлээ. Тариаланчид болон зоорь, агуулахтай хүмүүсээ холбоод, уяад өгвөл боломжтой л харагдсан. Гэх мэт асуудалд анхаарахгүй биш анхаарч л байна. Лооль, өргөст хэмх, амтат чинжүү, навчит байцаа зэрэг хүлэмжинд тариалдаг ногоо бий. Манай тариаланчид 6000 орчим тонныг үйлдвэрлэж чадаж байна. Гэвч дахиад 15 мянган тонныг импортоор авч байгаа юм. 

-Энэ импортын хэмжээг ч гэсэн багасгах л хэрэгтэй байна?

-Багасгах боломж байна, бидэнд. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Гол нь зуны хүлэмжид л голдуу ногоо тарьдаг. Өвлийн хүлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадна, дотны төслүүдийг хэрэгжүүлэхээр яриа, хэлэлцээр хийж л байна. Өвлийн хүлэмж өртөг өндөртэй. Хүссэн хүн өвлийн хүлэмжийг аваад, ногоо тариад байж чаддаггүй. Нөгөө талдаа манайхан өвлийн хүлэмжид ногоо тарих туршлага багатай. Энэ хавар БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан бодит 10 ажил гэдэг дотор Тянжины компани Монголд хүлэмжийн загвар аж ахуйг барьж өгөхөөр ирсэн. Гэвч улстөржөөд, хүмүүс эсэргүүцээд бүтсэнгүй. 50 га газар хүссэн. Таван га-д нь сургалтын загвар өвлийн хүлэмж барьж өгөхийг хүссэн юм. Тэнд нь хүмүүс очоод, туршлага судалдаг, зөвлөгөө авдаг байх боломжтой  байсан. Ийм л байдлаар ажлаа эхлэхийг хүссэн. Мушгисаар байгаад энэ ажил явсангүй. Уг нь ийм сургалтын цогц төв бидэнд хэрэгтэй л байсан. Хүлэмжийн тариалалтаар Голланд, Хятадууд мундаг байна. Бид болохоор юу ч мэдэхгүй. Тоног төхөөрөмж, хүлэмжээ хийж чадахгүй байж орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг үргээгээд баймааргүй л байна. 

-Улаан буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэхээр гурилын хэрэгцээг ч давхар хангана биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гурил, гурилан бүтээгдэхүүний өдрийн норм, түүнд жишсэн хүн амын тоо байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан норм гэж бий. Нэг хүн өдөрт хэдэн грамм гурил, гурилан бүтээгдэхүүн идэх вэ гэдгийг тооцсон гэсэн үг. Үүгээр бодохоор манайх гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг 100 хувь хангана. 

-Манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар гадаадаас 24 сая ам.долларын гурил, гурилан бүтээгдэхүүн импортолсон байсан. Гурилынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангаж байгаа мөртлөө яагаад гадаадаас ийм их хэмжээний мөнгөөр бүтээгдэхүүн авч байгаа юм бол?

-Гурилан бүтээгдэхүүн гэхээр жигнэмэг, янз бүрийн амтлаг зүйлс орж байгаа байх. Ийм бүтээгдэхүүний импортод бид хязгаар тогтоох боломжгүй. Манайх гурилаар талх, гоймон, нарийн боов зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ бүхнийг нэг хүний өдрийн нормоор тооцоод гаргахад, дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Өнгөрсөн жил бид импортоор нэг ч тонн буудай аваагүй. Гэхдээ манайх дэлхийн худалдааны байгууллагын гишүүн учраас бүх зүйлийг хааж болдоггүй. Тиймээс өнгөрсөн жил гэхэд нийт хэрэгцээнийхээ хоёр хувь буюу 11 мянган тонн гурил импортлох зөвшөөрөл өгсөн. Сая би мэдээ авахад 5.5 мянган тонн гурил л импортолсон байна билээ.