ЗГХЭГ-аас олны анхаарлын төвд байгаа зарим асуудлыг прокурорт шилжүүлж байгаа талаар өчигдөр мэдээлсэн юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Хөгжлийн банкнаас зээл авсан зарим компанийн асуудлыг прокурорт шилжүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдэээлэл өгөөч?
-ЗГХЭГ-аас Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг хүргүүлсэн. Төрөөс зээл авсан асуудалд хохирол тооцох тухай ярьдаггүй. Харин хувь иргэн юмуу компани хохирвол тэр нь хохирол гэж нийгэм ойлгодог. Үүний цаана асар их нийтийн эрх ашиг, төрийн өмч хохирч байна. Энэ нь мөнгө угаах хэлбэр болж, саарал жагсаалтад хүртэл орж байсан олон тохиолдол байна. Төрд учирч байгаа хохирлыг нөхөн төлүүлэх субьект бол прокурор. Гэтэл өнөөдрийг хүртэл улсын прокуророос төрийг төлөөлж ийм байдлаар хандаж байсан удаагүй. Тиймээс Прокурорын тухай хуулийн дагуу хөгжлийн банкнаас зээл аваад, эргэн төлөөгүй нэр бүхий зургаан компанийг прокурорын байгууллагад өгч байгаа юм. Авсан зээлээ төлөхгүй байгаа нь Монгол Улсад учруулж байгаа хохирол мөн. Тиймээс “Хөтөл”, “ТОСК”, “Кью Эс Си”, “Эрэл”, “Монгол драй милк”, “Капитал” банк зэрэг аж ахуйн нэгжийг Прокурорын тхай хуулийн дагуу прокурорт шилжүүлж байгаа юм.
Мөн “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн Стандарт банкнаас 160.1 ам.долларын зээл авсан асуудал байна. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудал АТГ-т мөрдөн байцаалтын шатанд байгаа. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх дансыг битүүмжлэх нөхцөл байдал үүссэн учраас тус үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд төлсөн. Тэгэхээр төр 40 сая ам.доллароор хохирсон гэж үзэн энэ асуудлыг мөн прокурорт шилжүүлж байгаа. Цаашид нийтийн эрх ашиг хохирсон асуудлыг ЗГХЭГ-аас прокурорын байгууллагад шилжүүлнэ. Тухайлбал, Сүхбаатарын талбайг хувийн хэвшилд өгчихөөд, хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан төрийн албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлнэ. Прокурорын байгууллага Монгол төрийн өмнө хууль цаазын тэргүүн зөвлөхийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой. Прокурорын байгууллагын чиг үүрэг цаашид хэрэгждэг байх ёстой. Ер нь цаашдаа төрийн албанд хохирол учрахад түүний хойноос хөөцөлддөг байгууллага байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар энэ үүрэг прокурорын байгууллагад байгаа юм.
Ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр 400 орчим тэрбум төгрөг авсан тохиолдол ч байна. Ямар ч арилжааны банк ийм их хэмжээний мөнгийг барьцаа хөрөнгөгүйгээр олгохгүй. Энэ мэт олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн хойноос хөөцөлдөөд байхад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрхлэх тухай хуулиудын хугацаат графиктай холбоотой. Учир нь 30 хоног өмгөөлөгч гомдолт гаргана. Гомдол гаргасны дараа 30 хоног сунана. Өмгөөлөгчид дандаа 29 дэх хоногт гомдол гаргаж байгаа. Ингээд дахиад 30 хоног сунгагдана. Хөөн хэлэлцэх хугацаа таван жил. Өмгөөлөгч нь гомдол гаргаад яваад байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдаг. Энэ хуулийн заалтыг нэн яаралтай өөрчлөхгүй бол хэсэн бүлэг хүмүүс туйлын овжин ашиглаж, ял завших асуудал нэг ёсны мода боллоо. Энэ асуудлаар бид Хуульзүйн байнгын хороонд хүсэлт өгсөн. Энэ талаар мэргэшсэн шүүгчид бий болчихсон нь нууц биш. Томилсон эзэндээ үнэнчээр ажиллах хандлага шүүх байгууллагад байгаа учраас энэ асуудал газар авч байгаа юм.
-“Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хав дарлаа гэх шүүмжлэл байна. Энэ мэт шийдлээ хүлээсэн олон хэрэг байгаа шүү дээ?
-Энэ хэрэг миний хэлсэн 30 хоногтой холбоотой асуудлаар шүүх дээр 12 сар болж байгаа. Шүүхээс прокурор юмуу АТГ-т хэрэг нь буцаж ирэх ёстой. Гэтэл нэр бүхий 3-4 шүүгч тодорхойгүй шалтгаанаар 14 хоногт шалгагдаад буцах ёстой хэргийг өмгөөлөгч нь 29 дэх хоногт нь гомдол гаргах байдлаар бүтэн 12 сар гацааж байна. Шүүх албаар замхруулж байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Ямар шалтгаанаар 12 сар дарсан бэ гэдгээ шүүх тайлбарлах хэрэгтэй. Төрийн болон нийтийн эрх ашиг хохирсон хэргийн хойноос Засгийн газрын хэрэг эрхлэх газар бус прокурор гүйх ёстой юм.