“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх гадны төлөөлөгчид манай улсад ирж ажиллажээ. Хөтөлбөрийг хэрхэн дүгнэв?
-Улсын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр 16 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагаас хамгийн далайцтай, том хөтөлбөр нь “Элэг бүтэн Монгол” юм. Хөтөлбөрийн хэрэгжилт, явцыг маш сайн байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид дүгнэлээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш элэгний вирусын илэрц огцом ихэссэн бөгөөд иргэдийн оношилгоонд орох идэвхи мэдэгдэхүйц сайжирсныг хэлэх хэрэгтэй. Энэ хөтөлбөр иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал, санаачилгад ч нөлөөлж байна гэсэн үг. Элэгний чиглэлээр ажилладаг дэлхийн лидерүүдийн тоонд орох 10 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 10 хоног ажиллаж, хөтөлбөрийн зохион байгуулалт болоод эмчилгээний үр дүнг сайн байна гэж дүгнэлээ. Гэхдээ дэлхийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд үнэлгээ өгдөг хүмүүс учраас бидэнд хэд хэдэн чиглэлээр зөвлөгөө, чиглэл өгч, илүү сайжруулах талаар анхааруулсан.
-Хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгож, сайжруулахын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж байна вэ?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахдаа зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд биш аймаг орон нутаг, сумдад хүртэл очиж ажилласан. Чиглэл бүрт зөвлөгөө өгч, улс орнуудын сайн туршлагаас хуваалцлаа. Эмч мэргэжилтнүүдэд чиглэл бүрээр тусгай сургалт явуулсан. Энэ мэт хөтөлбөрийг илүү үр дүнтэй, өргөн далайцтай байхад чиглэсэн мэргэжлийн зөвлөгөөг өглөө. Тэд хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах ёстой гэдгийг зөвлөсөн. Мөн иргэдийн бүртгэл мэдээллийг анхаарах ёстой гэж байна. Сумаас эхлээд улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр учраас бүртгэл зөрөхгүй, орхигдохгүй байх систем чухал гэдгийг онцоллоо. Бүртгэлийн хувьд бидэнд бэрхшээл байсан. Эхлээд эмч үзсэний дараа шинжилгээ өгүүлж, лабораториос хариу гарна. Хариунд үндэслэн эмч зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгнө. Ингээд хөтөлбөрт хамрагдсан тодорхой хэдэн эмийн сангаас эмээ авна. Энэ хөтөлбөрийн бүх зардлыг Засгийн газраас санхүүжүүлж байгаа. Тэгэхээр даатгалын системээр дамжуулан элэгний В, С вирусын шинжилгээ, эмчилгээг үнэгүй хийж байгаа юм. Шинжилгээ өгөөд эрүүл байгаа тохиолдолд вакцинжуулах ажлыг чанаржуулах талаар бид анхаарч байна. Гэхдээ зөвхөн В вирусын вакцин л байдаг. С вирусын вакцин гэж одоогоор байхгүй.
-Вакциныг үнэгүй хийдэг үү?
-Эрүүл иргэдийг халдвараас сэргийлж вакцинд хамрагдахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, сайн дурын үндсэнд хийдэг учраас тодорхой хэмжээний төлбөртэй. 10 мянга орчим төгрөгөөр элэгний В вирусын вакциныг хийж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрийг цогц болгох үүднээс вакцинжуулалтыг үнэгүй хийдэг болох талаар хөөцөлдөж, төлөвлөгөө гаргаад явж байгаа. Иргэдийн вакцинд хамрагдах идэвхи хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эрс сайжирсан. Эмнэлгийн зүгээс халдвар, хамгааллын талыг анхаарч, тоног төхөөрөмжийг илүү сайжруулахын төлөө ажиллаж байгаа.
-Элэгний вирус ямар замаар халдварладаг юм бэ?
-Хамгийн их халдвар тарааж байгаа зүйл нь гоо сайхны хагалгаа, хөмсөгний шивээс, биеийн шивээс зэрэг үйлчилгээнүүд. Элэгний вирус арьс салст цоорох, цус цусан бүтээгдэхүүн, бэлгийн замаар дамжин халдварладаг. Шивээс хийлгэх, чих цоолуулах гэх мэт үйлчилгээнүүдээс халдвар авдаг. Тэгэхээр халдварыг бууруулахын тулд мэргэжлийн хяналтын байгууллагаас ийм төрлийн үйлчилгээ явуулж байгаа газруудыг сайтар хянах хэрэгтэй байгаа юм. Гол нь таны эрүүл мэнд өөрийн чинь гарт байгаа учраас хувь хүн өөрөө ухамсарлах хэрэгтэй.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр эрт илрүүлэлт нэмэгдсэн гэж байна. Тэгэхээр элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас баралт тодорхой хэмжээгээр буурсан байх?
-Ер нь илрүүлэлт өмнө үеэ бодвол нэмэгдсэн. Гэхдээ хүнд шатандаа орчихсон өвчтэй хүмүүс их шүү дээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр вирусын илэрц нэмэгдсэн. Эмчилгээ ч үр дүнтэй байгаа. Хөтөлбөр хэрэгжээд гурван жил болж байна. Хэдэн жилийн дараа гэхэд эрт илрүүлэгтэй холбоотойгоор элэгний өвчлөлөөр нас барах тохиолдол буурна байх.
-Вирусын эмийг тодорхой хэдэн эмийн сангаар тараадаг гэж байна. Эдгээр эмийн сангийн тоог нэмэх боломж бий юу?
-Эмийн сангийн тоог нэмэгдүүлэхгүйгээр явж болж байгаа. Эмч, лаборатори, эмийн сан гурвын бүртгэл яв цав нийлж байх ёстой. Вирусын эм маш өндөр өртөгтэй эм шүү дээ. Эм тараах системд ямар нэг асуудал өнөөдрийг хүртэл гараагүй. Тэгэхээр одоо байгаа зөвшөөрөл бүхий хэдэн эмийн сангаараа дамжуулаад эмээ тараагаад явахад хангалттай гэж үзэж байна.