ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Эрдэнэсувд: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-16

Цахим хэрэглээ сүүлийн жилүүдэд ихсэж хүн бүр ашиглах боллоо. Тэгвэл цахим орчинд цацагдаж буй мэдээлэл иргэдийн  сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмч Л.Эрдэнэсувдтай ярилцлаа.

-Цахим орчин, тэр дундаа фэйсбүүк хуудсаар зарим хэрэглэгчид нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлэхүйц мэдээлэл нийтлээд байдаг шүү дээ. Энэ асуудалд СЭМҮТ хэрхэн анхаардаг вэ?

-Сүүлийн үед  интернэт цахим хэрэглээ өргөн бол­сон. Үүнтэй холбоотойгоор хүн бүр  чөлөөтэй, хүссэн мэдээллээ оруулж байна. Зарим тохиолдолд нийгэмд хандах хандлага, тухайн хүний боловсролын  түвшнээс хамааран, мэдээлэлд хэр шүүлтүүртэй хандаж байгаа нь ялгаатай байдаг. Тэгэхээр зарим хүмүүс үнэн худлыг нь нягтлахгүйгээр бүх  мэдээлэлд итгэдэг,  хэтэрхий туйлширдаг явдал түгээмэл байна.  Ялангуяа сөрөг мэдээллийг илүү хурдан  хүлээн авч, цааш нь түгээж хар масс гээч зүйлийг бий болгодог шүү дээ.  Хүссэн хүн бүр өөрийнхөө зоргоор мэдээлэл оруулж байдаг. Хүмүүс өөрсдөө үнэн зөвийг нягтлахгүй түгээж,  бусдад хуваалцаж байгаа нь сөрөг тал ихтэй. Нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй, буруу тийш нь чиглүүлэх хандлага их бий. 

-Фэйсбүүк хуудасныхаа нэрийг элдвээр нэрлэж, түүгээрээ өөрийгөө дөвийл­гөдөг хүмүүс олон боллоо. Эрүүл ухаантай хүн мөн үү гэмээр санагддаг. Таагүй хүлээж авах нь байхад, тэднийг өөгшүүлэх хэсэг ч байна.  Хандлагыг нь өөрчлөх арга хэмжээ авч болдоггүй юм уу. Эрүүл нийгмийн  төлөө дуугарах ёстой байх?

-Тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг манай эмнэлэг шууд хөндлөнгөөс тийм  ийм байна гэж үнэлэх эрх байхгүй л дээ.  Хэрвээ тухайн хүн ямар нэгэн зорилгоор өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлуулъя гэвэл нээлттэй. Зарим тохиолдолд хуулийн байгуул­лагын тавьсан шаардлагын дагуу сэтгэцийн байдлыг тодорхойлно. Үнэхээр эрүүл  хүн  байна уу,  ямар хүн байна вэ,  өөрийнхөө хийж буй үйлдлийн зөв бурууг  хүлээн зөвшөөрч чадаж байна уу гэдгийг хянадаг. Ингэхдээ  албан ёсны бичиг баримт  ирвэл манай эмнэлгээс тухайн хүний сэтгэцийн  байдлыг тодорхойлох шинжилгээ хийдэг байгаа. Тэрнээс бол шууд тодорхойлвол хувь хүний эрх чөлөө,  нэр хүндэд хандсан асуудал болно л доо. Тиймээс эрүүл эсвэл,  өвчтэй хүн гэж тодорхойлж болохгүй шүү дээ. 

-Өөрийгөө шалгуулаад, сэтгэцээ тодорхойлуулдаг хүмүүсийн ихэнхи нь ямар шалтгаанаар танай эмнэлгийг зорьдог вэ?

-Олон хүн ирдэг. Сүүлийн үед ажилд орох, ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой­гоор  тухайн хүний сэтгэцийн байдлыг тодорхойлдог болсон. Мөн гадагш явах,  донор болох  үед  манайд ханддаг. Тухайн хүний хувьд сэтгэцийн тулгамдсан асуудал,  стресс  байна уу гэдгийг шалгуулах гэж өөрөө ирдэг. Хуулийн байгууллагын заалтаар ч хүмүүс ирдэг. 

-Хуулийн байгууллагын заалтаар гэхээр цагдаагийн байгууллагаас явуулдаг гэсэн үг үү? 

-Цагдаагийн тодорхойлолт байна. Мөн өргөдөл гомдол  гаргахад тухай хүний гомдол бодитой юу, өөрийнхөө бичиж байгаа зүйлээ хариуцах чадвартай юу гэдгийг тодор­хойлох зорилгоор цагдаа юм уу, шүүх байгууллагаас бичиг,  албан тоотууд ирдэг. 

-Энэ хүмүүсийн үйлд­лийг хууль хяналтын  байгууллагатай хамтран албадан сэтгэцийг нь шалгаж болохгүй юу? 

-Манай байгууллагаас энэ хүний сэтгэцийн байдлыг  тодорхойлмоор байна гэх боломжгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагаар тэр хүний сэтгэцийн байд­лыг тодорхойлуулъя гээд бичиг ирүүлвэл манайхаас шинжилдэг юм. 

-Сэтгэцийн  байдлыг шалгах шаардлага байгаа учраас ингэж асуугаад  байгаа юм л даа. Олон нийт,  өсвөр үеийнхэн буруу хандлага авч байна шүү дээ. Иргэд ч гэсэн тоглоом шоглоомоор сэтгэцээ шал­гуул гэж доог тохуу хийдэг?

-Тухайн хүний сэтгэцийн байдлыг тодорхойллоо ч гэсэн бид энэ хүн  өвчтэй хүн шүү гэж зарлах эрх байхгүй л дээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар бичлэг хийгээд тавилаа гэхэд, түүний эсрэг энэ хүн өвчтэй учир та нар битгий дагаарай гэх  боломжгүй. Тиймээс ямар нэг асуудал гарвал тодорхой арга хэмжээг хууль хяналтын байгууллага авна. Интернэт орчныг хэрэглэж байгаа хүн  бүрийг  барьж авч тодорхойлох боломж ч байхгүй.  Тэгэхээр  мэдээлэлдээ иргэд маань шүүлтүүртэй хандах  ёстойг  л  зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Цахим орчинд байгаа тэдгээр хар, буруу мэдээллээс иргэд өөрсдөө хэрхэн хол байх вэ. Энэ талаар манай уншигчдад зөвлөгөө өгөөч. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж байдаг уу?

-Өмнө нь интернэт болон гар утасны хэрэглээг хэтрүүлэн хэрэглэлээ гэж үнэлэх нь ховор байсан. Сүүлийн үед  ДЭМБ-аас үүнийг тодорхойлох болсон. Тэдний зөвлөснөөр, “Тодорхой цаг хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол  интернэтэд донтох  магадлалтай болсон”  гэдгийг тодорхойлж өгсөн. Дийлэнхи хүмүүс хэрэгтэй зүйлдээ бус, ихэнхи хугацаандаа цахим орчинд нэвтэрч байна. Тухайн хүн өөрийнхөө сэтгэцийн эрүүл  мэндийг хамгаалахын тулд, цацагдаж буй мэдээ мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй.  Сөрөг мэдээллийг  өглөө ажил эхлэхээс өмнө харлаа,  үзлээ гэхэд  сэтгэл санаа хямардаг. Тэгэхээр түүнийгээ зөв гаргаж чадахгүй бол тухайн өдөртөө хийх ажил, өдрийн явдалдаа сөрөг хандлага гаргадаг ч юм уу, дараа дараагийн муу үр дагаврууд гарна шүү дээ. Тиймээс өөрөө тухайн  мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах шаардлагатай. Таагүй,  сэтгэл санаа хямраадаг фэйсбүүк бүлэг хуудаснаас гарах,  муу муухайг турхирдаг хүнийг найзаасаа хасах,  тэднийг дагахгүй байх гэх мэтчилэн үйлдлүүдийг  өөрсдөө хийж болно. Цахим орчноос ямар мэдээлэл хүлээж авах вэ гэдгийг өөрсдөө хариуцахгүй бол зах хязгааргүй мэдээлэл дунд төөрөгдөл маш их үүсч байна. 

-Нийгэмд бухим­дал их байна уу, эсвэл үнэхээр сэтгэцэд нь юм байна уу гэдгийг танай эмнэлгээс тандаж үзсэн үү? 

-Ер нь ажиглаад үзэхэд нийгмийн бухимдал их байгаа. Үүнтэй холбоотойгоор хүн бүр сэтгэл санаа тавгүйтэх, бухимдах нь их байна. Гол нь түүнийгээ яаж илэхийлэх вэ гэдгээ зөв сураагүй хүмүүс мэдээ мэдээллийг ялгалгүй олон нийтийн сүлжээнд хамаагүй цацдаг. Олон нийтэд шууд хүрч байгаа учир тэдний хэрэгцээ,  эрхийг хүндлэх ёстой л доо. Яг  өөрийнхөө стресс,  бухимдлыг зөв аргаар тайлж сураагүй, бүрэн төлөвшөөгүй хүмүүс ихэвчлэн замбараагүй пост оруулах,  мэдээлэл тараах нь элбэг байдаг.  Зарим хүмүүс харчихаад  гүйлгээд өнгөрөөдөг,  үнэн худлыг нь ялгадаг. Харамсалтай нь дийлэнхи тохиолдолд хүмүүс ялгах чадвар нь муу байгаа юм. Ямар нэгэн мэдээлэл гарсан тохиолдолд бүгд түүнд итгэх, туйлширч мэдээлэлд  автах нь их байгаад л гол асуудал бий. 

-Тэр хэрээрээ нийгмийн сэтгэл зүй буруу тийшээ яваад байх шиг?

-Энгийн үгээр дүгнээд хэлвэл, сэтгэцийн эрүүл  мэндийн боловсрол хангалт­гүй байгаагийн илрэл. Хамгийн энгийн арга болох стресс гэдэг зүйлийг зөв тайлж чадахгүй байна. Нөгөө талаас өөрийнхөө сэтгэцийн  эрүүл  мэндийг яаж хамгаалах вэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас энэ бүх  мэдээлэлд автаж байна шүү дээ. Тухайн хүн  өөрийгөө  хохироож байгаагаа л  ойлгох хэрэгтэй. Тиймээс сэтгэцийн эрүүл  мэндийн боловсролыг сайжруулахад  анхаарч, хүн бүр хичээвэл  болно шүү дээ. 

-Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах асуудалд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ. СЭМҮТ гэдэг утгаараа танай эмнэлгээс тухайн байгууллагад сургалт, сурталчилгаа хийдэг үү?

-Манайхаас байгууллагууд­тай хамтарч ажилладаг,  нийгэм рүү  чиглэсэн олон үйл ажиллагааг хийдэг. Гэхдээ энэ нь яг хүссэн үр дүнд хүртэл хангалттай биш. Ялангуяа эрүүл мэндийн тухай мэдээллийг хүмүүс төдийлөн авахыг хүсдэггүй. Яг л өөртөө тулгарсан асуудлаараа  л  мэдээлэл авах сонирхолтой байдагт  асуудал байгаа юм. Тэгсэн хэрнээ эрүүл мэндтэй холбоотой,  хэрхэн эрүүл ,  зөв аж төрөх вэ гэдэг мэдээлэлд ач холбогдол өгдөг нь цөөхөн дөө. Зүгээр л гүйлгээд өнгөрдөг. Сүүлийн үед үүнийг анхаарч ЕБС-иас эхлэн сэтгэцийн эрүүл  мэндийн тухай ойлголтыг өгөх,  хэрхэн хамгаалах вэ гэдгийг сурах бичигт, бусад хөтөлбөрт оруулж өгсөн. Багаасаа ойлголттой болвол  хэсэг хугацааны дараа өөрчлөгдөнө гэж харж байгаа. 

-Стрессийг  зөв тайлж чадахгүй байна гэж та түрүүн хэллээ. Иргэд стрестэхгүй байх ямар энгийн аргыг хэрэглэж болох вэ? 

-Мэдээж стресст өртөхгүй хүн гэж байхгүй. Үүнийг зөв тайлж чадаж байна уу,  яаж өөрийгөө хамгаалж байна вэ гэдгээсээ л  ялгарч байгаа. Нийгэм болохгүй байна,  амьдрал хэцүү байх бүрт бухимдаж, өөрийнхөө эрүүл мэндийг хохироохын оронд энгийн аргуудыг  хэрэглэж болно. Тухайн мэдээлэлд шалгууртай хандах,  идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх нь чухал стресс тайлах арга болдог. Монголчуудын хувьд дийлэнхи нь суугаа ажилтай, долоо хоногийн нэг өдөр  идэвхтэй зааланд тоглодог хүн харьцангуй цөөн байгаа. Нэг үеэ бодоход үүнийг ойлгож байгаа боловч хүн бүрд хэвшиж чадаагүй байна. Хэрэв та урлаг уран сайханд дуртай бол түүнийгээ үзэж сонирхож болно. Гэр бүлтэйгээ агаарт  гарч болно. Өөрөөр хэлбэл,  өөртөө хэрэгтэй сайн зүйлүүдээ авч хэрэгжүүлбэл, цаашид эрүүл урт удаан наслахад хэрэгтэй. 

-Ажиглаад  байхад  монголчууд нийтээрээ биш  нийгмийн доод,  дунд давхаргынхан илүү бухимдалд өртөөд байх шиг санагддаг?

-Ихэвчлэн амьдралын түвшин боломжгүй байна гэдэг нь сурч боловсрох,  оюун ухааны мэдлэг сул,  эсвэл үнэхээр тэр хүн  яаж стресстэхгүй байх вэ, өртсөн бол яаж тайлах вэ гэдгээ бүрэн эзэмшээгүй хүн байж болно. Энэ нь нийгмийн ихэнхи массыг  эзэлж байгаа шүү дээ. Ийм учраас  мэдээллийг түгээх тараах нь их байгаа. Хүн бүр үүнийг харилцан адилгүй хүлээж авч,  түүнд өртдөг. Мэдээж тухайн хүний онцлог, боловсрол, ажил  мэргэжил гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.