Үргэлжлэл. Түрүүч нь "Монголын мэдээ" сонины 146/5234 дугаарт.
-Нэг бүр нь 86 мянган төгрөгийн үнэтэй холхивчийг 295 мянгаар авчээ-
Манай сонины энэ сарын 19-ний пүрэв гарагийн дугаартаа УБТЗ ХНН-ийн Дотоод аудитынхны Аж ахуйн хэлтэстээ хийсэн аудитын тайлангаас хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа Дотоод аудитынхны Зорчигчийн вагон депогийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөрчлүүдээс танилцуулж байна.
УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн худалдан авалтыг шалгахад гол нэр төрлийн барааг гэрээгүйгээр шууд худалдан авалт хийсэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, 2018 оны зургаадугаар сар хүртэлх хувь хүн болон байгууллагаас худалдан авсан сэлбэг, бараа материалын нэхэмжлэх дээр Худалдан авалт борлуулалтын албаны инженерээр гарын үсэг зуруулж, үнийн зөвшөөрөл авсан байжээ.
Хүснэгт 1
№ | Байгууллага, Хувь хүн | Худалдан авалтын утга | Нийт үнэ | Гэрээ байгуулсан эсэх |
1 | Балир Хангай ХХК | Зэхэлтийн материалын үнэ | 224,793,194.00 | Депогийн даргын гэрээтэй. |
2 | Эгчийн сэтгэл ХХК | Будаг, материалын үнэ | 57,515,000.00 | Гэрээгүй |
3 | Баярс менежемент консалтинг ХХК | Резин бээлий | 19,080,000.00 | Гэрээгүй |
4 | Нью волл ХХК | Материалын үнэ | 47,461,099.31 | 2018.12.01 Гэрээ байгуулсан |
5 | Тэнүүн Өлзий ХХК | Төмөр, листний үнэ | 80,948,427.00 | Гэрээгүй |
6 | Жэй энд Би Эн ХХК | Фанерны үнэ | 16,688,500.00 | Гэрээгүй |
7 | Ондилт ХХК | Хурган хүчлийн үнэ | 9,600,000.00 | Гэрээгүй |
8 | Хос бэрс ХХК | Труба, лист төмөр, материалын үнэ | 49,307,200.42 | Гэрээгүй |
9 | Хос бэрс экологи ХХК | Лист төмөр, цагаан төмөр, труба | 11,091,571.00 | Гэрээгүй |
10 | Даймонд лайтинг ХХК | Вагоны сэлбэг, материалын үнэ | 47,998,450.00 | 2018.11.25 Гэрээ байгуулсан |
11 | Дашдэндэв БАТСАЙХАН | Сэлбэг, материалын үнэ | 14,720,875.00 | Гэрээгүй |
12 | Дрийм алианс ХХК | Принтерийн хорны үнэ | 15,862,000.00 | Гэрээтэй |
13 | Өнгөт тусгал ХХК | Будаг, материалын үнэ | 101,436,500.00 | Гэрээгүй |
14 | Скорпион сервис ХХК | Материалын үнэ | 28,599,400.00 | Гэрээгүй |
15 | Баянбор тохой ХХК | Материалын үнэ | 26,454,500.79 | Гэрээгүй |
16 | Бааваа-Од ХХК | Материалын үнэ | 43,681,800.00 | 2018.11.20 Гэрээ байгуулсан |
17 | Сайн байшинт ХХК | Материалын үнэ | 40,054,700.00 | Гэрээгүй |
18 | Перфект смайл ХХк | Материалын үнэ | 41,528,840.00 | 2018.06.18 Цэвэр ус гэрээ байгуулсан |
19 | Монрейл ХХК | Материалын үнэ | 41,556,625.06 | Гэрээгүй |
20 | Түмэн төмөрт | Ф круг, материалын үнэ | 9,931,400.00 | Гэрээгүй |
21 | Огторгүйн худаг | Материалын үнэ | 78,430,217.93 | 2018.12.01 Гэрээ байгуулсан |
22 | Урт хулс | Холхивч, материлын үнэ | 23,514,850.00 | Гэрээгүй |
23 | ДДЛ ХХК | Лист, нержний үнэ | 21,637,000.00 | Гэрээгүй |
24 | Батбаян дэлгэрэх инвест ХХК | Материалын үнэ | 69,647,820.00 | 2018.11.25 Гэрээ байгуулсан |
25 | Дондов СҮРЭНХОРОЛ | Хөвөнтэй бээлийний үнэ | 19,338,480.00 | Гэрээтэй |
26 | Бэрхэт толгой ХХК | Орны аравч, хивсний гол | 37,077,404.00 | Гэрээгүй |
Дүн | 1,177,955,854.51 |
Хүснэгт 1-д байгаа бараа худалдан авалт хийсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс харахад ихэнх нь гэрээгүй, шууд худалдан авсан нь илэрхий байна. Тухайлбал,”Хос бэрс”, “Хос бэрс экологи” нэртэй компаниас ямар ч гэрээгүйгээр 60 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий труба, лист төмөр, цагаан төмөр” худалдан авсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар таван саяас дээш үнийн дүнтэй, бараа ажил үйлчилгээ худалдан авах тохиолдолд нээлттэй тендер зарлана хэмээн заасан байдаг. Энэ хуулийг зөрчсөн нь илт. Түүнчлэн УБТЗ-ын даргын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А/486 тоот тушаалын “журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалын 6.9.1-д “50 сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй бараа материал, сэлбэг хэрэгсэл, ажил үйлчилгээ худалдан авахад Замын даргаас олгосон итгэмжлэл, салбар нэгжийн болон Худалдан авалт борлуулалтын алба, Замын үнийн комиссын шийдвэрийг үндэслэн алба хэлтэс төв салбар нэгжийн дарга нар”, 50-200 сая төгрөгийн үнийн дүнтэй бол Замын даргын орлогч нар гэрээ байгуулна” гэсэн байх бөгөөд гэрээ байгуулалгүйгээр доорх бараа материалуудыг авсан байх нь. Ингэхээр “Хос бэрс”, “Хос бэрс экологи” нэртэй компаниас нэгэн төрлийн бараа материалыг авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.6-д заасан “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил үйлчилгээг зориулалт нэр төрөл, газарзүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно” гэсэн заалтыг зөрчсөн болж таарлаа.
Энэ мэтчилэн Монгол Улсын хууль журмыг зөрчсөн их, бага зөрчлүүд аудитын дүгнэлтэд олон байна.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн гаргасан дээрх тушаалд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр гаргасан А-220 тоот тушаалд “УБТЗ-ын салбар нэгжүүд нь өөрсдийн өдөр тутмын аж ахуйн шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай тухайн жилийн худалдан авалтын нийт үнийн дүн таван сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний бараа, материал худалдан авахаар өөрийн салбар нэгжийн үнийн комиссын шийдвэр, Замын даргын итгэмжлэлийн үндсэн дээр гүйцэтгэнэ”, 6.5-д “УБТЗ-ын салбар нэгжүүд нь өөрсдийн өдөр тутмын аж ахуйн шуурхай үйл ажиллагаанд шаардлагатай тухайн жилийн нийт худалдан авалтын үнийн дүн 10 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний сэлбэг, материал худалдан авахаар Худалдан авалт борлуулалтын албаны үнийн комиссын шийдвэр, Замын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулна” гэж заасан байсан бөгөөд дээрх тушаал шийдвэрүүдийг аль алиныг нь биелүүлж ажиллаагүй, журам зөрчсөн үйлдэл илэрчээ.
Хүснэгт 1-ийн жагсаалтад байх “Балир хангай” ХХК-иас 2018 онд зэхэлтийн материалыг нийт 224,793.2 мянган төгрөгөөр худалдан авч гэрээг Зорчигч вагон депогийн дарга нь харилцагч байгууллагатай шууд гэрээ байгуулсан байна. Худалдан авах ажиллагааны журмын дагуу босго үнэ 50 сая төгрөгөөс их бол хуульд заасны дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулж гэрээ байгуулна гэж заасныг зөрчсөн байжээ. Түүнчлэн “Урт хулс” гэдэг компаниас л гэхэд өнгөрөгч онд 41 сая гаруй төгрөгийн худалдан авалтыг хийсэн байх бөгөөд энэ компани нь УБТЗ-ын Хангамжийн инженерийн гэр бүлийн хүн нэр дээрх компани байсан байна.
Хүснэгт 2
Огноо | Баримт No. | Гүйлгээний утга | Дүн /төгрөг/ | Худалдан авалт хийсэн байгууллага |
2018-08-27 | 461 | Алчуур | 2,500,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-08-15 | 284 | 8 нэр төрлийн материал | 3,280,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-08-15 | 284 | 8 нэр төрлийн материал | 90,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-11-05 | 707 | 21 нэр төрлийн материал | 4,871,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-12-03 | 782 | Вакум контакторын үнэ | 4,900,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-12-14 | 825 | Чанга яригч, потенцометр | 4,900,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-09-04 | 274 | 14 нэр төрлийн материалын үнэ | 4,920,300.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-05-03 | 149 | Раундан хор | 2,200,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-01-25 | 27 | Холхивч 32311-10ш, Холхивч 6309-30ш | 4,900,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-06-07 | 162 | Холхивч 32311 | 4,986,000.00 | УРТ ХУЛС ХХК |
2018-07-31 | 215 | 18 нэр төрлийн материалын үнэ | 4,102,500.00 | УРТ ХУЛС ХХК |
Дүн | 41,649,800.00 |
Зорчигч вагон депогийн албанаас худалдан авалт борлуулалтын албанаас нийлүүлж байсан сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт зогссоноос “НХА”, “Урт хулс” компаниудаас шууд худалдан авалт хийсэн байх бөгөөд хоёр компанийн үнийн санал үед хувийн аж ахуй нэгжээс худалдан авалт хийсэн бөгөөд нэг бүр нь 18 мянган төгрөгийн эд зүйлийг “Урт хулс” компаниас 65 мянган төгрөгөөр, 86 мянган төгрөгийн эдийг 295 мянган төгрөгөөр бодож худалдан авалт хийсэн байх жишээтэй.
Үүнээс гадна зорчигчийн 16 ш вагоны засвар хийхээр Замын даргын тушаал гарч вагонуудыг БНХАУ-д засварлуулах шийдвэрлэж комисс томилсон ч анхны гэмтлийн акт үйлдээгүй, мөн хүлээн авахдаа ч акт үйлдээгүй байна. 2007 онд дээрх вагонуудыг 15,5 тэрбум төгрөгөөр худалдан авч 25 жилийн хугацаанд ашиглахаар элэгдэл байгуулж байсан бөгөөд 2011 онд хөрөнгийн дахин үнэлгээ хийгдэж уг вагонуудын анхны өртгийг 6,9 тэрбум төгрөг болгон бууруулж үнэлсэн бөгөөд элэгдэл байгуулах ашиглалтын хугацааг 22 жил болгон өөрчилсөн байна. Дараа нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар дээрх вагонуудын үлдэх өртөг 4,4 тэрбум болсон байна. КР-1 засварыг 25.2 тэрбум төгрөгөөр хийлгэж их засварын зардлаар тооцсон нь төлөвлөсөн засвараа хяналтын төсөвгүйгээр хэтэрхий өндөр үнээр хийлгэсэн гэж Дотоод аудитын дүгнэлтэд бичсэн байна. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07-020/50 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” албан бичиг ирүүлсний дагуу 25G 16 вагонд техникийн байдлыг судлаж дүгнэлт гаргахаар ирүүлсэн байсан ч албан тоотыг бүртгэж албажуулаагүй, гар утаснаас татсан хувийг хавсаргасан байжээ.
УБТЗ хэмээх хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгийг Монголын талын эрх мэдэлтэн, албан тушаалтнууд нь өөрсдийн үзэмжээр гарын салаагаар урсгадгийн богинохон жишээ энэ. Энэ бол наад захын жишээ. Ажилчдын цалин хөлсний олголт, шагнал урамшууллын систем гээд санхүүгийн үйл ажиллагаа нь бүхэлдээ “но”-той байдаг тухай жирийн ажилчид, төмөр замчид өвөр зуураа ярилцдаг нь худал биш ажээ. Сахилгын шийтгэлтэй хүн сүүлийн гурван жил дараалан байгууллагын болон яамны салбарын шагнал авсан нь байхад насаараа вагоны үйлчлэгч хийгээд “Хүндэт төмөр замчин” ч болж чадалгүй тэтгэвэртээ гарагсад олон тухай тэд ярьж байна. Өнгөрсөн онд л гэхэд УБТЗ-аас 100 гаруй хүн ажлаас чөлөөлөгдөж, 130 гаруй хүн шинээр ажилд орсон нь нэгийг хэлэх биз ээ.