Одоогоос хэдэн жилийн өмнө Монгол Улсад байшингийн насжилтаар мэргэшсэн гадны шилдэг мэргэжилтнүүд ирж, бидний санаанд оромгүй дүгнэлтийг хийгээд буцсан гэдэг. Тэд УДЭТ, ДБЭТ зэрэг хэд хэдэн барилгад дүгнэлт хийсэн бөгөөд “Хэрэв танайх энэ барилгуудыг чийг болон насжилттай холбоотойгоор буулгах гэж байгаа бол Австри улсын Вена хотын бүх барилгыг нураах хэрэгтэй болно” хэмээн хэлжээ. Бидэнд зөвхөн энэ дүгнэлт хангалттай. ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангаас Монголын Улсын түүх соёл, дурсгалын хэв шинж тэр чигээрээ үнэртдэг. Барилгын хийц, загвар өнгө үзэмж нь өөрөө түүх. Гадны олон мянган жуулчдын нүдийг хужирлах цөөхөн газрын тоонд ч зүй ёсоор багтдаг.
Тиймээс эдгээр барилга, байгууламжийг нураах гэхээс илүүтэй шинэ суурьшлын бүсэд өөрсдийн хүссэн хэмжээ загвараар шинэчилж барихад болохгүй зүйл үгүй. Харин хуучны хэдэн барилга энэ хэвээр засварлачихаад, музей хэлбэрээр ашиглах бүрэн дүүрэн бололцоо монголчуудад бий. Одоо байгаа туурин дээр энэ хэвээр нь барилгыг шинэчилж барих ямар ч бололцоогүй. Эдгээр нь барилгуудыг үл хөдлөх соёлын өв гэсэн ангилалаар “Соёлын өв”-д бүртгэж, Соёлын өвийн тухай хуулиар улсын хамгаалтад авсан байдаг. Хэрэв нураавал бид түүх, дурсгалын томоохон байгууламжаа үгүй хийгээд зогсохгүй, соёлын өвөө устгаснаас өөрцгүй. Тиймээс хөрөнгө мөнгө хангалттай, санхүүжилт нь шийдэгдсэн бол Улаанбаатар хотын аль ч бүсэд хүссэн загвар хэмжээгээр, хэдэн зуун мянган хүний суудалтай ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын санг барьчихаж болно. Монголчуудад газар нутаг хангалттай бий. Түүнээс хэв загварыг нь хадгалсан 1000 байгууламж барилаа гэхэд түүх дурсгалын үнэт өвийн хажууд юу ч биш, дэндүү жулдана. Монгол Улсын оршин тогтнох хамгийн гол шалтгаан бол түүх, дурсгал, соёлын өв. Энэ нь бидний амьд байгаагийн баталгаа. Дурсах түүхгүй, харуулах соёлгүй, үлдээх өвгүй бол бидний тусгаар байдал ганхана. Тиймээс түүхээ нураахыг урьдалгүй болголгүй олон орны хүмүүсийн хөлд дарагдсан дэлхийн жишигт нийцсэн, хийц загвараараа гайхагдсан 21 дүгээр зууны монголчуудын сэтгэлгээг шингээсэн цоо ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын санг байгуулъя.
Ингээд дээрх барилга, байгууламжтай холбоотой тал талын байр суурийг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.
УДЭТ-ийн Ерөнхий зураач Т.Ганхуяг:
-УДЭТ нь 1960 онд ашиглалтад орсон. Барилгын дээврийг 2015 онд засварласан. 2018 онд барилгын хананд тогтоосон байсан зурагнууд хөдөлж, суурийн хэсэгт цууралт үүссэн. Бид Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, цууралт өгсөн суурийн хэсэгт шинжилгээ хийлгэхэд газар хөдлөлтийн дөрвөн баллд шууд нурна. Барилгын 60 хувь галд өртөмтгий байна гэх мэдээллийг өгсөн. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, хөшиг тогтоох болоход тааз дийлэхгүй болчихдог. Барилга анхнаасаа Залуучуудын соёлын төвийн зориулалтаар баригдсан учраас үзэгчдийн суудлын зохион байгуулалт хурлын танхим шиг шийдэлтэй.
ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс:
-1950 онд ашиглалтад орсон манай театрын хувьд хана нь цуурсан. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз нь дийлдэггүй. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна. Барилгыг буулгаад дахин шинээр барих уу, хүчитгэн засварлах боломжтой юу гэдгийг зураг төсөл боловсруулж байгаа мэргэжлийн хүмүүс хэлэх байх.
УДЭТ-ыг барилцаж явсан ахмад инженер У.Дархижав:
-УДЭТ-ыг “Монголын залуучуудын ордон” нэрээр ард түмний хуримтлалын хөрөнгөөр 1950-иад оны сүүлчээр бариулж, 1961 оны зургадугаар сард ашиглалтад оруулсан. Тухайн үед барилгын материалыг гадаадын зах зээлээс авах боломжгүй зөвхөн тоосго, шохой, мод гээд өөрийн орондоо үйлдвэрлэдэг материалыг ашиглаж барилгыг барьсан. Монголчууд анх удаа өөрсдөө барьсан барилга. Театрын гадна дөрвөн талд байх дөрвөлжин болон бөөрөнхий багануудын толгойг манай архитекторууд үндэсний шинэ хэлбэр болгон чихээ хулмайлгасан азарганы толгойн дүрслэлд оруулсан. Манайхаас өөр оронд ийм хийцлэл байхгүй. Бүх баганын толгойд морины толгойн дүрсийг урнаар урлаж, дотор тааз, лоожны, тайзны нүүрний хүрээ, жаазны бүх хээ угалзны баримлуудыг талбайд тусгайлсан загвар хийж, гипсээр цутган бэхжүүлсэн. Барилга нь үндэсний өвөрмөц архитектурын хэв шинжийг тусгаж чадсан. Монголын барилгачдын бахархал болсон түүх.
Гэр хорооллын төслүүдийг санхүүжүүлдэг төрийн бус байгууллагын дарга Т.Алдарсайхан:
-Манай хот их сонирхолтой. Социалист маягаар барьсан Азийн хотуудын нэг. Дээхнэ үед сонгодог дизайнтэй музей, байшингууд ихээхэн баригдсан. Тухайлбал манай УДЭТ, ДБЭТ Азидаа дээгүүрт ордог. Бид өөрсдөө сайн мэддэггүй, сайн сурталчилдаггүй. АНУ зэрэг гадны орнууд соёл урлагийн барилга, үзмэрүүдээ нэг дор нь төвлөрүүлж уялдаатай ажиллуулдаг. Түүнийгээ аялал жуулчлалдаа сайн ашигладаг. Манайд соёл урлагын байшингуудаа хооронд нь уялдуулах байтугай хамгаалж, засах талаараа хангалтгүй ажилладаг.
Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба:
-Эдгээр барилгууд Монголын хамгийн үнэтэй соёлын өв. Бид түүхийнхээ нэг хэсэг үнэтэй өвийг устгах гэж байна. Монгол Улсын нүүр царай болсон барилгууд юм. Тэднийг дуурайлгаж барих ямар ч бололцоо байхгүй. Нурж унана гэж хэзээ ч байхгүй. Барилгын шийдэл нь Грек, Ромын загвараас тусгасан байдаг. Харин ч шинэчилж, засварлаад ашиглаад явах бололцоотой. Соёлын тухай хуульд ч заасан байгаа.
Архитектуруудийн ярьж байна.
Э.Хүрэлбаатар: УДЭТ бол дэлхийд цор ганц, архитекторын шилээвэр бүтээл
/Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч/
Монгол Улс өөрсдийн барьж байгуулсан түүх дурсгалаа үргэлж устгаж байсан түүхтэй болох нь. 1937 онд үндэсний өв соёлыг хадгалсан бүх барилга байгууламж, сүм хийдийг буулгаж, шатаасан байдаг. Сая нэг барилгын салбар хөгжиж, 93 жилийн турш өнөөдрийн хотын өнгө төрхийг босгоод байгаа юм. Барилга байгууламж гэдэг бол түүх. Тэд түүхийг цаашид хэрхэн хамгаалж хадгалах талаар мэргэжлийнхэн тасралтгүй ажилласаар байна. Түүхэн байгууламжийг устгах бодлого улс төрчдөд л байна. Тийм учраас бид эдгээр барилгуудыг нураахыг эсэргүүцэж байгаа. Нураана гэж яриад байгаа Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/ бол архетикторын шилээвэр бүтээл. Монгол хүний оюун ухаан, монголчуудын хандив, хүч хөдөлмөрөөр боссон жинхэнэ монгол бүтээл. Архитекторын авторын эрх гэж маш нарийн зүйл бий. УДЭТ бол Монголын ууган архитектурын нэг Б.Чимэд гуайн бүтээл. Энэ барилга дэлхийд цор ганц бүтээл. Яагаад гэвэл архитекторын гол багана, баганын толгой буюу ордер зэрэг нь дэлхийд ганц юм. Европт олон янзын ордер хэрэглэдэг ч энэ барилгын баганын толгойд азарга буюу монгол морины толгой оруулсан. Үүгээрээ энэ бол дэлхийд цор ганц гэж хэлж болох бүтээл. Тиймээс “Монголын архитекторуудын эвлэл” энэ барилгыг 2011 онд Азийн архитекторын өвд бүртгүүлсэн. Хэрэв үүнийг буулгах асуудал яривал Юнеско, Азийн архитекторуудын бүсийн зөвлөл устгуулж болохгүй гэж манайд хандана. 2011 онд Азийн архитекторын өвд Монголын нэлээд олон барилгыг бүртгэж авсан. УДЭТ, ДБЭТ, Үндэсний төв номын сан, Гадаад харилцааны яамны барилга, сүм хийдүүд, Хүүхдийн урлан тэргүүтэй маш олон барилгыг тус өвд бүртгүүлсэн. Обьект нь жижигдээд байгаа юм бол шинэ театраа өөр газар барих хэрэгтэй шүү дээ. Гэтэл соёлын өв болсон эдгээр барилгуудыг устгах гээд байгаа юм. Үүнийг устгавал Монгол улсынхаа нэгэн үеийн түүхийг устгаж байна гэсэн үг. УДЭТ-ыг 1956 онд барьсан залуу барилга шүү дээ. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд энэ бол ашиглах боломжгүй болчихсон барилга биш. Хамгийн гол нь архитектурын хувьд цор ганц шийдэл гэдгээрээ маш чухал соёлын өв юм. Тийм учраас л бид үүнийг хадгалж, хамгаалж үлдэх ёстой.
ДБЭТ-ын мөн буулгана гэж байгаа. Энэ бол олон улсын архитекторуудын хамтын бүтээл. Гадны архитектортай манай ууган архитекторууд хамтарч хийсэн байдаг. Азийн архитекторын өвд бүртгэгдсэн барилга. Үл хөдлөх соёлын өв гэсэн ангиллаар Соёлын өвийн тухай хуулиар хамгаалалтад авчихсан барилгууд юм. Гэтэл үүнийг салбарын яамныхан нь мэддэггүй бололтой. Монголын ахмад архитеторууд аравдугаар сарын 1 буюу ахмадын баяраар түүхэн дурсгалт барилга байгууламжаа хамгаалъя сэдэвт зөвлөгөөнийг хийх гэж байгаа юм. Энэ үеэр уриалга гаргаж, төр засагт шаардлага хүргүүлэхээр бэлтгээд байна. Бид 2017 онд яг энэ асуудлаар УИХ-д зөвлөмж хүргүүлсэн хэдий ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэнгүй. Харин ч буулгаж, устгах талаар ярьж эхэллээ. Түүхэн дурсгалт барилгуудыг нурааж, буцаагаад энэ байдлаар нь барина гэж яриад байгаа. Хэзээ ч архитекторын шийдлийг давтах боломжгүй. Нураагаад буцаагаад барина гэдэг түүх болохгүй шүү дээ. Балгас болсон ч бид түүхэн дурсгал болгон хадгалж хамгаалж, үзмэр болгон хөгжүүлэх ёстой. “Монголын архитекторуудын эвлэл” түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг хамгаалж үлдэхийн тулд бүхий л хэлбэрээр тэмцэнэ. Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт хамгаалалтыг сайжруулъя, олон улсын конвенцийн дагуу сэргээн засварлаж, хамгаалъя гэсэн агуулгатай мэдэгдэл хүргүүлэхээр бэлтгээд байна.
-Түүхэн дурсгалт барилгуудыг хадгалах стандарт гэж байдаг уу?
-Байлгүй яах вэ. Түүхэн байгууламжуудыг хадгалах талаар НҮБ-ын Юнескогоос гаргасан том баримт бичиг бий. Монгол Улс НҮБ-ын конвенцид нэгдсэний ийм зүйл хийж болохгүй. Түүхэн байгууламжуудаа устгадаг улс орон манайхаас өөр хаана ч байхгүй. Архитекторын гол ансамблийг устгаад оронд нь шилэн барилга барьчихаар ямар түүх байх юм бэ. Ямар ч түүх үлдэхгүй. Хэрвээ буулгахдаа хүрвэл олон нийтийн эсэргүүцлийн том давалгаа үүснэ.
Архитектор Б.Баттөмөр: Барилгыг нураана гэдэг сэргээн засварлалтын төрөл бус өмнөх түүхийг устгаж байгаа хэлбэр
Нийгэмд түүх соёлын ул мөр үлдээсэн барилгуудыг хамгаалж үлдэх ёстой. Ер нь барилгыг буулгаад дахин барина гэдэг сэргээн засварлалтын төрөл биш. Энэ бол өмнөх түүхийг устгаад, өөр барилга барьж байна гэсэн үзг шүү дээ. Барилгыг сэргээн засварлах олон арга бий. Тухайн барилгыг барьсан материалаар гэмтсэн хэсгийг бэхжүүлэх байдлаар засварлаж болно. Улаанбаатар хотыг нэг төвтэй биш олон төвтэй хот болгоё гэж зорьж байгаагийн хувьд дэд төвүүдэд шинэ барилгуудаа барьж болно шүү дээ. Тухайлбал яармагт дэд төв байгуулж байгаа. Тэр төвөө тойруулаад шинэ театр, номын сангаа барьж болно.
-Хүүхдийн урлан бүтээх төвийн багш н.Энхбаяр:
-Миний хувьд буруу гэж бодож байгаа. Дээр үеийн архитектуртай барилга манай улсад ховорхон үлдээд байгаа шүү дээ. Барууны орнуудад хэдэн зуун жил болсон барилгуудыг хадгалаад байж л байдаг. Хүчлэлт гэж байдаг. Тийм зүйлийг нь хийгээд энэ чигээр нь ашиглаж болдоггүй юм уу. Манайхаас бусад орнууд бүгд л ийм арга хэрэглэж олон арван жил болсон барилгаа хадгалдаг. Шинэ барилга барилаа гэж бодоход, төсөв санхүү их орно. Миний хувьд Хүүхдийн урлан бүтээх төвд багшилдаг. Манай төвийн барилгыг ч буулгана гээд байгаа. Буулгахгүй, энэ чигээр нь байлгах гэж бид хөөцөлдөж байна. Мэдээж улс оронд сайхан барилга байх ёстой гэхдээ, тэрний хирээр хөрөнгө мөнгө их орно шүү дээ.
-Гавьяат багш В.Сүрэнхүү:
-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаад баяртай байгаа. Гэхдээ олон улсын түвшнээс хоцрогдсон, багтаамжгүй болсон, нөхцөл бололцоо, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд байрлуулах боломжгүй болсон учраас шинэ барилгад шилжих хэрэгтэй байх гэж бодож байна. Харин хуучин соёлын өвийн барилгыг тэнд нь үлдээж том театрын хэмжээнд биш ч гэсэн бусад хэлбэрээр ашиглаж болох байх. Мэргэжлийн хүмүүс сайтар судалж байж, ул сууртай хандах хэрэгтэй.
-Иргэн Г.Загд
-Ингэх ямар хэрэг байгаа юм ер бэ. Сайхан л барилгууд харагддаг. Тэр их хөрөнгө мөнгө хаана байгаа юм. Цалин тэтгэвэр дорвитой нэмсэн зүйл алга. Ядаж тэр мөнгөөрөө сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй шүү дээ.
-Иргэн н.Дорж
-Буруу гэж бодож байна. Хүний боловсрох эрхийг хааж байна гэж харж байгаа. Шинээр барьж байгуулсан ч их л удна даа. Түүх соёлоо устгана.
-Иргэн А.Алтантуяа
-Зөв шийдвэр биш дээ. Иргэдийн амьдрал тааруухан байна. Зураг төслийг нь гаргахад 1.2 тэрбум төгрөг зарцуулна гэж хэвлэлээр мэдээлж байсан. Энэ мөнгөөр нэг цэцэрлэг, нэг сургууль бариачээ. Тал бүрийг судалгааг үндэслэж байж шийдээсэй гэж хүсэж байна.
Б.Пүрэвжав
Д.Оюун-Эрдэнэ
Х.Болор