ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лакшми: Томсгосон мажоритар тогтолцоо эмэгтэйчүүдэд хамгийн халтай

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-20

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. 

-Томсгосон мажоритар тогтолцоогоор Монгол Улс хоёр ч сонгууль зохион байгуулж байсан. Ирэх 2020 оны сонгуулийн мөн энэ тогтолцоогоор явуулахаар болж байна. Томсгосон мажоритар тогтолцоог та дэмжих үү? 

-Томсгосон мажоритар бол эмэгтэйчүүдэд маш халтай тогтолцоо. Сонгуулийн тогтолцоо­ноос хамаараад эмэгтэйчүүдийн квотод нөлөөлдөг. Харамсалтай нь 2020 оны сонгуулийг томсго­сон мажоритар тогтолцоогоор явуулахаар шийдвэрлэлээ. Хэрэв энэ тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулах гэж байгаа бол эмэгтэйчүүдийн квотыг ядаж 30 хувьд хүргэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Хэрэв удирдах түвшинд эмэгтэй хүн байхгүй бол компанийн ашиг 7.1 хувьтай байдаг гэсэн судалгаа бий. Энэ үүднээс авч үзвэл парламент дахь эмэгтэйчүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай юм. 

-Сонгуулийн томсгосон мажоритар хувилбарыг эмэгтэй­чүүдэд халтай хувилбар гэж байна. Яагаад. Тэгвэл хамгийн ээлтэй хувилбар нь юу юм бэ?

-Хамгийн ээлтэй хувилбар нь холимог тогтолцоо. Томсгосон мажоритар тогтолцоо яагаад халтай гэж байна гэхээр, тойрог томсоод явчихаж байгаа учраас эмэгтэй хүн сонгогдох боломж нь төдий чинээ бага болно. Томсгосон мажоритар тогтолцоогоор нийгэмд сайнаар ч , муугаар ч танигдсан хүмүүс л сонгогдох магадлал өндөртэй болдог. Хамгийн гол нь нийгмээрээ эрэгтэй хүнийг эмэгтэйчүүдээс дээгүүрт авч үздэг нийтлэг хандлага байна. Нэг тойргийн сонгогчдын хүрээ томссоноор эрэгтэй хүнийг сонгох уу эмэгтэй хүний сонгох уу гэсэн сонголтоос нийт масс эрэгтэй хүнийг сонгох магадлал өндөр. Харин холимог тогтолцоо бол намынхаа квотоор эмэгтэйчүүддээ боломж олгоод оруулчихаж байгаа юм. Зарим орнууд Үндсэн хуульдаа хүртэл эмэгтэйчүүдийн квотыг зааж өгсөн байдаг. Энэтхэг, Бангладеш зэрэг орнуудад улс төрийн тодорхой тооны суудлыг эмэгтэйчүүдэд хадгалдаг.  

-Өмнөх үеэ бодвол сүүлийн жилүүдэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо олширсон. Эмэгтэй гишүүд нэмэгдсэнээр гарч байгаа бодит өөрчлөлт, ахиц дэвшил  юу байна вэ?

-Тогтвортой хөгжлийн зорилтод уг нь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь гэж тусгасан байдаг. Гэтэл манай Улс олон улсын жишгээс нэлээд доогуур явж байна. Эмэгтэйчүүд хууль тогтоох байгууллагад орсноор маш олон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэдэг. 2012-2016 онд Тамхины тухай хууль, сүүлийн үед өргөн барьсан Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хууль гэх мэт нийгэмд чиглэсэн маш хэрэгтэй хуулиудыг эмэгтэйчүүд санаачлан батлуулж байна. 2016 оноос хойш авч үзэхэд иргэдийн хамгийн их тулгамдсан асуудал болох цэцэрлэг, сургуулийн асуудлууд шийдэгдэж байна. Эмэгтэй хүн гэдэг ар гэрийн амьдрал, үр хүүхэд гээд бүхий л нарийн ширийн асуудалд анхаарал хандуулдаг, түүнд ойр байдаг учраас асуудлыг өөр өнцгөөс хардаг. Олон улсын жишгээр авч үзэхэд удирдах зөвлөл, компанийн удирдлагын түвшинд эмэгтэйчүүд байхад тухайн компанийн ашиг нь 10.1 хувьтай байдаг гэсэн судалгаа байдаг. Харин эрэгтэй хүн удирдаж байгаа компанийн ашиг дунджаар 7.1 хувьтай байдаг юм билээ. 

-Олон Улсын түвшинд авч үзвэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо манай улсад ямар байдаг юм бэ? 

-Шийдвэр гаргах түвшинд гэвэл УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо 20 хувь л байна шүү дээ. Цаашилбал, Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн квотыг тогтоох ёстой. Яг бодит байдалд аваад үзэхэд УИХ-д орсон цөөхөн тооны эмэгтэйчүүдийг эс тооцвол орон нутаг, нийслэлийн удирдлагад эмэгтэй хүн бараг байхгүй. Үүнээс үзэхэд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль нь хэрэгжихгүй байна шүү дээ. Хэрэгжих хөшүүрэг нь байхгүй байна. Олон улсын түвшинд ямар бодлого баримталж байна вэ гэхээр төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн 30 хувь нь эмэгтэйчүүдийн квот байх ёстой гэж байгаа. Манай Улсын хувьд “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг төрийн өмчийн компаниудын ТУЗ-д нэг ч эмэгтэй хүн байхгүй. Эмэгтэйчүүдийг энэ албан тушаалд томилж болохгүй юм бол ядаж л хараат бус гишүүнээрээ томилох ёстой. 

-Эмэгтэйчүүдийн оролцоо минийхээр нэлээд нэмэгдсэн юм шиг санагддаг. Оффис ажил хийж байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд л байдаг шүү дээ?

-Бидний ярьж байгаа гол асуудал бол удирдах албан тушаал. Шийдвэр гаргах “топ” түвшинд эмэгтэйчүүд маш цөөхөн байна. Харин дунд менежмент буюу гүйцэтгэх түвшинд бол маш их бий. Тэгэхээр эмэгтэйчүүдийг дээд түвшинд орох боломжийг хязгаарлаад байна гэдгийг л бид хөндөөд байгаа юм. Улс орны хөгжлийн бодлогыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү байдлаар удирдаж байж улс орон хөгжинө. Айл гэр ч гэсэн эхнэр, нөхөр хоёулаа байж л элэг бүтэн байна шүү дээ. 

-Улс төрд эмэгтэйчүүд байснаар ямар давуу талтай юм бэ?

-Олон Улсын судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд авлигад хамгийн бага өртдөг. Хоёрдугаарт, эмэгтэй захиралтай компаниуд чанаргүй зээлд бараг ордоггүй. Илүү хариуцлагатай байдаг гэсэн үг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөг их судалдаг болсон. Орлогоо үр хүүхэд, эцэг эх гээд ар гэрийнхэндээ зарцуулах байдал нь эрчүүдээс хоёр дахин илүү гэсэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл илүү юм. 

-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд, өөрсдөө яах ёстой юм бэ?

-Нэгдүгээрт квотыг нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд бие биенээ дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Шийдвэр гаргах түвшинд гарч ирж, амжилттай яваа эмэгтэйчүүдийг хэн нэгэн нөлөө бүхий хүний нууц амраг гэх мэтээр хэн нэгэнд хамаатуулж, амжилтыг нь хөндлөнгийн хэн нэгэнтэй холбож хардаг. Бид хамгийн түрүүнд нийгмийн энэ сэтгэлгээг өөрчлөх ёстой. 

-Боловсрол эзэмшиж байгаа үзүүлэлтээрээ эмэгтэйчүүд эрчүүдээс хавьгүй илүү байдаг шүү дээ?

-Их сургуульд суралцаж, диплом өвөртөлж байгаа байдлаас үзэхэд боловсрол эзэмшиж байгаа хувь нь хавьгүй өндөр. Монголчууд эрэгтэй хүүхдээсээ илүү эмэгтэй хүүхдээ боловсрол эзэмшиг гэдэг. Эр хүн хаана ч юу ч хийгээд амьдарч болно гэсэн нийтлэг ойлголттой л холбоотой. 

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн өндөр ямар орнууд байна вэ. Тэд эмэгтэйчүүдийн оролцоог яаж нэмэгдүүлсэн байдаг юм бол?

-Эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх хандлага 1980-аад оноос хүчтэй өрнөсөн байдаг. Хөгжиж байгаа орнуудын ихэнх нь эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л шатандаа квотоор оруулсан байдаг. Тухайлбал, ОУВС-г эмэгтэй хүн удирдаж байна. Саяхан л гэхэд 34-хөн настай эмэгтэй Финландын Ерөнхий сайд боллоо. Эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн сайн орнууд бол Швед, Дани, Финланд зэрэг Скандинавиягийн орнууд юм. Эдгээр орнуудын боловсролын чанар зэрэг бүхий л үзүүлэлтүүдээр дэлхийд тэргүүлдэг.