ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Р.Дагваренчин: Барилгын салбарт 50 гаруй жилийг зарцуулахдаа хөдөлмөр, аюулгүй байдлын ганц ч зөрчил гаргаж байгаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-14

-Надаас хойш олон залуус гавьяат хүртсэн ч одоохондоо  гавьяатын  дайны хүндлэл төрөөс хүртээгүй явна даа-  

Завхан аймгийн Техник туслалцааны барилга трэстийн бригадын дарга Р.Дагваренчин гуайг “Эгэл амьдрал” буландаа онцолж байна. Завхан аймагт сүндэрлэсэн, орон нутгийн өнгө үзэмжийг тодорхойлж яваа барилга байгууламж бүрийн нэрийн хуудас болсон энгийн нэгэн.  Түүний  барьсан барилга байгууламж, барилгын салбарт оруулсан хувь нэмрийг тоочоод баршгүй билээ. Өөрөөр хэлбэл, “Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь барилгачид бүтээсэн” гэдэг гайхалтай үгний утгад багтаж амьдарч яваа эгэл хүмүүн бол Р.Дагваренчин гуай. Тэрбээр олон залуусыг ажил амьдралтай нь залгуулж яваа буянтай буурал. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

-Таныг  завханчууд андахгүй. Гэхдээ ярилцлагаа таны хэн бэ гэдгээс эхлэх үү?

-Тэгье. Намайг Ренчингийн Дагваренчин гэдэг. Энэ жил 78 настайгаа золгож байна. Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. Барилгын инженер  мэргэжилтэй.

-Таны ажил амьдралын гараа хэрхэн эхэлж байв. Тэр түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би их сонин түүхтэй. Одоогийн залууст их сонин содон байж мэднэ. Би насаараа ганцхан байгууллагад ажилласан түүхтэй. Барилгын салбарт насаараа зүтгэж яваа хүн дээ. Барилгын мэргэжилтэн, инженер, удирдах ажилтан гээд тоочоод байвал өчнөөн.  Барилгын салбарт 52 жил ажиллаж байна.

-Завхан аймгийн Улиастай сумын бүх  барилгын ихэнх нь таны загвар, ур ухаанаар баригдсан шүү дээ. Барилгын салбарт бол ховор хувь тохиол биз дээ?

-Тийм ээ. Улиастай сумын бүх барилгын гуравны нэгийг барьсан гэвэл томорсон болохгүй байх. Миний  туулж өнгөрүүлсэн ажил амьдралын үнэн бол энэ шүү дээ. Бие дааж, улсын  комиссод хүлээлгэж, ашиглалт оруулсан 30 гаруй барилга, байгууламж бий. Барилга бол хүний нүдэнд үзэгдэж, гарт баригддаг зүйл. Түүнээс гадна миний барьж ашиглалтад оруулсан орон сууцанд өнөөдөр гал голомтоо бадраагаад сайхан амьдарч яваа олон залуу гэр бүл бий. Түүнчлэн хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэндийн  салбарт хүртэл зориулж барьсан барилга олон. Тухайлбал, Завхан аймгийн олон суманд очиж барилга барьсан. Өөрөөр хэлбэл, Тэс, Яруу, Алдархаан зэргээр нэрлээд байвал олон бий.

-Барилгын салбарт таны  баримталдаг зарчим юу вэ?

-Би нэгдүгээрт чанарт, загварт нь анхаардаг. Мөн материал хийцэд анхаардаг юм. Өнөөдөр миний барьж, ашиглалтад оруулсан нэг ч барилга нураагүй. Ийм тохиолдол гараагүй 50 гаруй жил болж байна. Барилгын салбарт баримталдаг  зарчмаасаа 50 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа хазайж байгаагүй. Өөрийн сонгосон сонголт, сэтгэлээ өгсөн мэргэжил хоёроосоо урваагүй, нүүр буруулаагүй зүтгэж ирсэн. Энэ л миний амьдралын зарчим юм даа.

-Та хийж бүтээсэн ажлаасаа дурдахгүй юу. Хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй үнэн бол тэр шүү дээ?

-Тийм ээ. Оргил худалдааны төвийн дэлгүүр, 24 айлын хоёр  орон сууц, эх үрсийн ордон буюу хүүхэд залуучуудын төв,  аймгийн нэгдсэн намын хороо, дадлага сургалтын байр гэх мэтээр нэрлээд байвал олон. Хийсэн бүтээсэн минь хүний нүдэнд ил байдаг болохоор харахад бахархах сэтгэл төрдөг. Хийсэн бүтээсэндээ нүүр бардам байдаг болохоор минийх хэмээн өмчлөхөөс хүртэл ичдэггүй. Энэхүү зарчим маань өнөөдөр намайг ийм их хайр хүндлэл дунд умбаж яваа байх. Сайхан мэргэжлийн минь өгөөж, сэтгэлээ өгсний минь үр дүн шүү дээ.

-Барилгын салбарт нэн тэргүүнд тавигддаг зүйл бол аюулгүй байдал. Энэ талаар танайх ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Барилгын салбарт 50 гаруй жилийг зарцуулахдаа манай ажилтан, ажилчдаас хөдөлмөр, аюулгүй байдлын ганц ч зөрчил гаргаж байгаагүй. Ямар ч  алдаа, дутагдал гаргаж байсангүй.  Харин хугацаа хойшилсон зүйл бол бий. Би нэн тэргүүнд  хөдөлмөр, аюулгүй байдлыг чандлан сахидаг. Үүнийгээ ч хойч үедээ үлдээхийн төлөө зүтгэж яваа. Манайх барилга угсралт, засварын зургаан ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тэдэндээ хүртэл захидаг, сануулдаг. Мөн олон хүнийг шавиа болгож, барилгын салбарт бэлдсэн. Шавь нартаа хүртэл өөрийн мэддэг, чаддаг бүхнийг өвлүүлж, үлдээхийн төлөө тэмүүлж явна даа.

-Завхан аймаг дахин төлөвлөлт болоод дэд бүтэц талаар хэрхэн анхаарч байна вэ. Мэргэжлийн хүний санаа бодлыг сонсож болох уу?

-Байгаа. Манай аймагт 50 гаруй болж байгаа халуун усны барилга гэж бий. Тиймээс нэг удаа 150 хүнд үйлчлэх боломжтой төвлөрсөн халуун усны барилга хэрэгтэй байна. Түүнчлэн Завхан аймагт үйлчилгээний салбар буюу зочид буудлын чиглэлээр бусдаас хоцрогдолтой байдаг. Энэ чиглэлийн барилга байгууламж цөөхөн. Цаашид иж бүрэн төлөвлөлт, зохион байгуулалт, тохижуулалт   шаардлагатай газрууд байгаа.

-Хувийн буюу барилгын салбарт орон нутгийн зүгээс хэр дэмжих вэ. Санхүү мөнгөний дэмжлэг байна уу?

-Дэмжлэг байхгүй. Төсөв мөнгө, тендер шалгаруулалт бүгд танил талаараа явдаг болсон. Ур чадвар, чанарт шалгуур нь хүрэхгүй. Зөвхөн танил талын шугамаар ажил өрнөдөг болоод удаж байна.

-Төрөөс таны хийж бүтээсэн гавьяа шагналыг хэрхэн үнэлсэн бэ. Завханчууд таныг барилгын салбарын  гавьяат хэмээн үнэлдэг, дууддаг, хүндэлдэг?

-Монголын төр барилгачдыг хардаг, дэмждэг юм. Олон жил ажилласан ахмадуудаа сайн харж үздэг. Би төрийнхөө хайр хишгийг харамгүй хүртэж яваа нэгэн. Би Алтангадас болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой. Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн. Харин хараахан барилгын салбарт гавьяат болоогүй. Манай завханчууд л тэгж дуудаж, хүндэлдэг. Ард түмний гавьяат гэдэг шиг зүйл шүү дээ. Надаас хойш олон залуус гавьяат хүртсэн ч одоохондоо  гавьяатын  дайны хүндлэл төрөөс хүртээгүй явна даа.