ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүх, шүүгч хоёроос айх хэрэггүй

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-05-09

Шүүхийн ерөнхий зөвлө­лөөс “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн”-ийг өчигдөр зо­хион байгууллаа. Зөвлө­гөөнд 2018 онд Дархан-Уул, Орхон, Төв аймаг болон нийслэлийн шүүх хуралдаанд оролцсон 120 гаруй иргэдийн төлөөлөгч оролцож шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийн итгэл хүлээсэн, шударга ёсны баталгаа болсон шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд шүүн таслах ажиллагаанд иргэд оролцох аргыг ашиглаж байна” хэмээсэн юм. Өдөрлөгийн үеэр түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

Т.Мэндсайхан: Шударга ёсны тухай ойлголт хүн бүрт байдаг

-Шүүхийниргэдийн тө­лөөлөгчөөр сонгогдох ир­гэнд тавигдах шаард­лагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь ял шийтгүүлж байгаагүй, эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Тухайн шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэн сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх ёстой юм.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож байгаа иргэд хууль эрх зүйн ямар төвшний мэдлэгтэй байх ёстой вэ?
-Иргэдийн төлөөлөгч нь заавал хууль мэдэх шаардлагагүй. судлахад их цаг зарцуулдаг учир төгс сайн мэдэх албагүй. Суурь мэдлэгтэй байхад хангалттай. Хамгийн гол нь иргэн амьдралын туршлага, шударга ёсны талаар баримтлах мэдлэгтэй байж, юу зөв юу бурууг ялгаж мэддэг байх ёстой. Шударга ёсны тухай ойлголт бүх хүнд байдаг.

-Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа сүүлийн үеийн ажлуудаас товч дурьдвал?
-Гурван зүйлийг нэрлэнэ. Нэгдүгээрт иргэдийн төлөө­лөгчийг шүүх хуралдаанд оруулах үйл ажиллагаа илүү сайжирч санамсаргүй түүврийн аргаар сонгодог болсон. Иргэдийн санал дүгнэлтийг шүүх бүрэл­дэхүүн хүлээж авдаг соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлтийг жишиг байдлаар урьдчилан гаргах бөгөөд маргаж байгаа талууд дүгнэлтийг нээлттэй байдлаар ашиглах нөхцлийг анхаарч ажиллаж байна. Гуравдугаарт шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэл хангалтгүй байна. Бидний хийсэн судалгаагаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт 50 хувьд хүрэхгүй байна. Цаашид шүүхийн шийдвэр хэрэгжихэд дөхөмтэй байх шийдвэрийг бичих талаар анхаарч ажиллаж байна. Шүүхээр шийдүүлж дууссан хэрэг дээр хэргийн хөдөлгөөний удирдлага хөтөлж байгаа нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд хэрэгжиж байгаа.

Шүүх байгууллагад итгэх иргэдийн тоо гурав дахин өссөн

“Шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцоо, тулгамдаж буй асуудал”-ын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Иргэдийн төлөөлөгч хариуцсан ахлах шинжээч Б.Мөнхзаяа мэдээлэл хийхдээ “2008-2010 онуудад Монгол Улсын шүүхийн байгууллага, шүүгчид итгэх итгэлийн талаар судалгаа авах үед нийт иргэдийн 20 хүрэхгүй хувь нь шүүхэд итгэдэг гэж хариулжээ. 2016-2017 онд авсан судалгаагаар 60 гаруй хувь нь шүүх байгууллага болон шүүгчид итгэдэг гэсэн дүн гарсан.

Энэ нь шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэд сонгогдон ажилласан үр дүн хэмээн дүгнэж байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгч эрүүгийн хэрэгт гэм буруугийн талаар, захиргааны хэрэгт захиргааны талаар дүгнэлтээ гаргадаг. Тиймээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт чухал. Программаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч үүргээ биелүүлэх шаардлагатай, ийм боломжоор ажил олгогч хангах учиртай” хэмээв.

Иргэдийн оролцоотой шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлнэ

“Би бодохдоо шүүгч гэдэг хүнийг ууртай ширүүн харцтай, хөндий хүйтэн харилцаатай, харахад сүрдмээр, хүрэхэд хол гэж санагддаг байлаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр санам­саргүй байдлаар сон­гогдон шүүх хуралд анх удаа оролцож үзэхэд төсөөлснөөс өөр байлаа” хэмээн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажил­ласан иргэд ярьж байсан юм.
Зөвлөгөөнд оролцогч 21 иргэн нээлттэй хэлэлцүүлэгт саналаа хэллээ. Баянгол дүүргийн иргэн н.Дэлгэр “Анх утсанд дуудлага ирээд шүүхээс ярьж байна гэхэд хэсэгхэн зуур шоконд ордог юм билээ. Юу билээ яасан болохоор шүүхээс дуудлага ирдэг билээ гэж жийрхсэн. Эрх үүрэгтэйгээ танилцсаны дараа тайвширч иргэний үүргээ биелүүлсэн. Шүүхийн итгэмжлэгдсэн төлөө­­лөг­чөөр сонгогдсон ир­гэнд өг­дөг урамшуулал инээдтэй бай­сан. Урамшууллын хөлсөө нэмэгдүүлж ажиллахыг хүсч байна” хэмээв.

“Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн”-ий төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үг хэлэхдээ “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн таслах эрхийг хассан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улсын шүүхэд шударга ёс оруулж ирэхийг түдгэлзүүлсэн харамсалтай шийдвэр болсон. Шударга ёсны талаархи үйл ажиллагаанд том саад бэрхшээл учирсан. Гэхдээ бидэнд том хүч байна. Шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч та бүхний адил 12000 шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгчийг шүүх ажиллагаа явуулах үед, хөндлөнгөөс хурц хараагаар хянаж, санаа бодлоо хэлнэ гэдэг нь том хүч юм. Иргэдийн төлөөлөгч та бүхэн Монголын шүүхийн шинэчлэлд шударга ёсыг нэвтрүүлэх шүүгч нарын шүүн таслах үйл ажиллагаа явуулах, үйл ажиллагаанд Монгол Улсын иргэдийн зүгээс тавьж байгаа хамгийн том хяналт” хэмээв. Тэрбээр мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шийдвэр гаргах эрхгүйгээр санал дүгнэлтээ танилцуулах хэмжээнд билэгдэл төдий байр суурьтай шүүх хуралд оролцож байгааг эрхзүйн хувьд чадамжтай болгохоор УИХ-ын хууль санаачлагчийн төвшинд уриалга хүргүүлэхээ ч мэдэгдэв.