ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Боомилогдсон эрх чөлөөнийхөө талаар сэтгүүлчид юу хэлэв

O.Admin
2024-05-03

Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө"-ний өдрийг тохиолдуулан “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” сэдэвт жагсаал цуглааныг зохион байгуулав. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө сүүлийн жилүүдэд улам бүр хумигдаж, дэлхий дахинд эрх чөлөөгөөрөө 109 дүгээрт буюу 21 байраар ухарчээ.

Мөн Зөрчлийн хуулиар шийдэгдэж байсан сэтгүүлчтэй холбоотой гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр заалтаар яллах болсноор арав гаруй сэтгүүлч өнөөдөр яллах дүгнэлт шүүхээс аваад байгаа юм.

Тэгвэл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар энэхүү акцыг нээж үг хэлэхдээ “Сэтгүүлчид мэргэжлээрээ ажиллахад үнэхээр хүнд болжээ. Шоронгийн хаалга татахад бэлэн болсон байна. Гэрийн хорионд хийдэг боллоо. Ажил үүргээ хийх боломжгүй боллоо. Энэ өдрийг угтаад би өчигдөр хэлэлцүүлэгт орлоо. Тэнд оюутнууд ирээд хэлж байна.

Бидний мэргэжлийн үнэ цэнэ улам бүр унаж байна. Хүүхдүүд сэтгүүлч болохоос айдаг болжээ. Сэтгүүлчийг гэрт нь хорьдог, ажил мэргэжлээр нь ажиллуулахгүй гэж цагдаж байгаа учраас төгсөж буй олон хүүхэд мэргэжлээсээ татгалзаж байна. Төрийн байгууллагаас танай сэтгүүлчид давраад байна. Арга хэмжээ тооц, үгүй бол хариуцлага хүлээ гэдэг албан бичиг ирж байна шүү дээ. Төрийн бус байгууллагад төрийн байгууллагаас ийм мэдэгдэл ирлээ. Төр хэрээс хэтэрч байна. Биднийг үнэхээр доромжилж чадаж байна” хэмээлээ. Энэ өдрийн арга хэмжээнд ирсэн зарим сэтгүүлчдийн байр суурийг уншигч танд хүргэе.

МСНЭ-ийн Телевиз хариуцсан Дэд Ерөнхийлөгч Ч.Бат-Оргил:

-Сэтгүүлчдэд эрх гэж байхгүй болсон. Арав гаруй хуулийн арван хэдэн заалтаас гадна Эрүүгийн хуулийн заалтаар 10 гаруй сэтгүүлчид шалгуулж байна. Нөхцөл байдал хэцүү байна. Төр хүчирхийллийн зарчмаар явж байна шүү дээ. Редакцитай, үйл ажиллагаа явуулах гэж зүтгэж байгаа хэвлэлийн үйл ажиллагааг хаадаг. Намайг муулахгүй бай, намайг зөвхөн магт гэдэг нийгэм рүү бид явчихлаа. Буцаад социализмаа бий болгох юм уу, эсвэл.

Тиймээс МСНЭ-ээс энэ өвлөөс эхлэн Олон улсын сэтгүүлчдийн холбоо руу хэд, хэдэн удаа албан бичиг илгээлээ. Олон улсад Монгол Улсад сэтгүүлзүйн эрх чөлөө хумигджээ, нөхцөл байдал хүндэрснийг сайн мэдэж байгаа учраас анхаарлаа хандуулж эхэлсэн. Албан бичиг шаардлага ч чамгүй ирүүллээ. Бид дотоододоо хэвлэлийн эрх чөлөө гэж дуугараад байгаа ч ахиц ер алга. Олон улсын байгууллагын гишүүн сэтгүүлчийн хувиар бид аль нэг байгууллага руу орж мэдээлэл авах эрхтэй. Гэсэн ч энэ эрх маань хүртэл байхгүй болчихлоо.

МУБИС-ийн НХУС-ийн Профессор, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Амартүвшин: 

-Тавдугаар сарын 3 буюу “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэдэг нь тусгай утга учиртай. Өнөө жил байгаль орчны хямралын эсрэг сэтгүүлзүйн нийгмийн үүрэг хариуцлагыг анхаарч байна. Харин Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өөрийн өнцгөөс, өөрийн байр сууринаас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа.

Өмнө нь хурал цуглаан хийдэг байсан бол өнөө жил шүүмжлэлт сэдвээр, акц өрнүүлж, гарын үсэг цуглуулж, төрийн анхааралд оруулах гэж байна. Хэвлэлийн эрх чөлөө Монголд байгаа гэж үздэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаа ч сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө яллах сөрөг зүйл заалтууд ихээр нэмэгдлээ. Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр заалтаар сэтгүүлчийг дуудаж дарамталдаг, эрүүгийн хэрэг үүсгэдэг болчихлоо. Үүнээс гадна хэд, хэдэн заалтууд ч сэтгүүлчийн ажлаа хийх эрхэнд халдаж байна.

Zarig.mn сайтын Ерөнхий редактор Ш.Адъяамаа:

-Сэтгүүлчид бусдын асуудлыг шийдэхийн төлөө өдөр тутам завгүй амьдардаг бол өнөөдөр өөрсдийнхөө төлөө дуугарахаар ирсэнд баяртай байна. хамгийн гол нь бид тууштай байж, өнөөдөр хөндөж буй энэ асуудлаар үр дүн гаргана гэж найдъя. Олон улсын сэтгүүлчдийн байгууллага ч гэсэн анхаарлаа хандуулж буйгаа илэрхийлсэн байна лээ.

Зөрчлийн хуулиар сэтгүүлчийн асуудлыг хөндөж байгаад эргээд Эрүүгийн хуульд оруулж ирсэн нь сэтгүүлчийг яллах, ажлаа хийснийх нь төлөө дарамтлах, амыг нь хамхих гэсэн оролдлого гэж харж байгаа. Сэтгүүлчийг айлгах гэсэн хүсэлдээ эрх баригчид хүрлээ. Өнгөрсөн хугацаанд манай zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон.

Одоо хүртэл гэрийн хорионд, мэргэжлийн ажлаа хийх боломжгүй болгож шүүхээс шийдлээ. Эрхлэгч маань эзгүй энэ хугацаанд бид ажлаа хэвийн явуулах боломжгүй, сэтгэл санаа маш хэцүү байдалтай байгаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, zarig.mn сайтаар дамжуулаад цаашдаа Монголын сэтгүүлзүйд аюул нүүрлэж байгаа гэж бодож байна. Бусад сэтгүүлчдэд ч энэ үйлдлээрээ хуулийнхан сануулга өглөө.  

Сэтгүүлч Ж.Баттуул:

-Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”. Мэргэжил нэгт нөхдөдөө баярын мэнд хүргэмээр байвч Монголд хэвлэлийн эрх чөлөө үгүй болжээ. Тиймээс баярын гэхээс илүү өнөөдөр бид эрхийнхээ төлөө зогсох цаг болжээ. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө хаашаа гажуудав гэдгийг бодож тунгаах цаг нь болчихож. Дарга нар биднийг магт, бидний хэвлэлийн алба шиг ажилла, биднийг хүссэн үед ирж бидний хэлсэн үгийг дамжуул гэж байна.

Төрийн ордонд байгаа авлигач, хулгайч, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн баримтыг гаргаж тавьсныхаа төлөө сэтгүүлчид мэдүүлэг өгөхгүйгээр яллагдагчаар татагддаг цаг үе иржээ. Хэвлэлийн эрх чөлөөний ард иргэдийн мэдэх эрх үгүй болдог. Иргэдийн төлсөн татвар хэний халаас руу орж байгааг та бүхэн мэдэх боломжгүй болдог.

Хэн гэдэг албан тушаалтан бидний татварын мөнгөөр хүүхдээ гадагшаа сургуульд явуулж буй нь хаалттай болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн авах ёстой мөнгө улстөрчдийн халаасны компани руу явж буйг мэдээлэх боломжгүй болно. Хэвлэлийн эрх чөлөө гэж асар үнэ цэнэтэй зүйл алга болчихвол Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх, эрх чөлөө маань үгүй болох юм.