ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багш дор мөргөе

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-04

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдөрm зориулж , сэтгэлийн зул, эрдмийн далай болсон багш нараа өчүүхэн төдий дурсаж, мэхийв.

Эртний Энэтхэг хэлээр намо гүрүвэ, намо буддхаяа, намо дхармаяа, намо сангахаяа буюу Төвд хэлээр ламала жавсүчи, санжала жавсүчи, чойло жавсүчи, гэндүнла жавсүчи хэмээн бурханы шашны ном судрууд эхэлдэг юм. Энэ нь харин монгол хэлээр багш дор мөргөе, бурхан дор мөргөе, ном дор мөргөе, хувраг дор мөргөе хэмээсэн мөргөлийн үг л дээ. Өөрөөр хэлбэл,  чухаг дээд гурав буюу гэм бүхнээ дарсан, эрдэм бүхнийг дэлгэрүүлсэн, хамгийг айлдагч бурхан. Түүний эндүүрэлгүй айлдсан ном. Тэр ариун номын дагуу яваа хувраг гуравт аврал одуулж буй хэлбэр юм. Гэсэн атал дээрх чухаг дээд гурвыг дурдахын өмнө заавал багш дор мөргөе хэмээн тусгайлан өгүүлдэг нь юуны учир вэ. Миний сонссоноор багшид бурханы ариун таалал бий, багшид гэм үгүй номын зарлиг бий, багшид хуврагийн гэгээн лагшин бий учир тийнхүү бүхний түрүүнд хүндэлдэг, аврал одуулдаг гэнэм. Ийнхүү гурван мянганы түүхтэй, дэлхийн гурван их шашны нэг, гурван аймаг савын номыг багтаасан, монголчууд бидний уламжлалт бурханы шашинд багш хэмээхийг хамгийн дээдээр энхрийлэн үзэж, ийнхүү өгүүлэхийн түрүүнд дурддаг аж.

 

Тэвэрдэг багш

Үүнийг эс өгүүлэн өгүүлэхэд багш гэдэг хүнийг би төрөлх сумынхаа хоёр давхар цагаан цэцэрлэгээс олж авч билээ. Намайг ээж, ааваас минь салгаад тэврээд орсон тэр бүсгүй бол миний анхны багш хэмээн авгайлах хүн байлаа. Багшийг маань хүмүүс “орос” Нараа хэмээн хочилно. Нэг талаараа орос бүсгүйчүүд шиг өндөр, туранхай биетэй, шар царайтай, шонхор хамартай болохоор нь тэгж хочилсон байж мэднэ. Нөгөө талаараа магадгүй тэр үед орос хүмүүсийг хамгийн сайн гэж үздэг байсан тул тэр хүний дотоод мөн чанарыг таньсан хүмүүс тийн хочилсон ч байж магад. Бид эдүгээ зарим сайн хүнийг “мужик” гэдэг шиг л юм уу даа. Орос Нараа багш өглөө бүр ээжийн минь гараас салган, анги руугаа тэврээд ордогсон. Ганц намайг биш л дээ. Тэр ангид байх бүхий л хүүхдүүдийг заавал ч үгүй тэврэн анги руугаа оруулна.

Хэдийгээр би хараагүй ч миний өмнө нь ч тэр хүний шавь байсан хүүхдүүдийг, мөн миний хойно ч багшийн маань шавь байсан бүх хүүхдүүдийг ч багш маань тэвэрч оруулдаг байсан гэдэгт харин огт эргэлзэхгүй байна. Өнөө 30-аад жилийн дараа бодож байхад, балчир бага насанд минь тэвэрч байсан тэр л багш сэтгэл санааны минь мухарт, ой ухааны минь орон зайд тодоос тод үлджээ. Тэр ч утгаараа тэврэлт гэдэг бол цалин, цавуу, мөнгө төгрөг харахгүйгээр бие биедээ өгч болдог энэ хорвоогийн хамгийн сайхан зүйлсийн нэг ажээ. Эхэндээ бидний хэдэн “нусгай”-нуудыг тэврэхэд эрлэгийн элч авч одож буй аятай бархирдаг байсан хүүхдүүд, сүүлдээ Нараа багш дээрээ эцэг, эхийн гараас салаад ээждээ очиж буй аятай тэврүүлээд анги руугаа ордог болсон юмдаг. Харин ч багшаараа тэврүүлэн орох нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн маань нэг болон эдүгээ дурсамжид минь үлджээ.

Одоо хаяа бодоход, тэр үед багш нарт бүх хүүхдүүдээ тэвэр гэдэг байсан уу, үгүй бол Нараа багш л ганцхан тэгж тэвэрдэг байсан уу, хэлж мэдэхгүй юм. Мөн одоо тийм их хайраар хайрладаг багш байдаг болов уу хэмээн боддог юм. Хүүхдүүдийнхээ багшийг хараад, Нараа багш шиг маань тэвэрч байна уу, үгүй юу хэмээн бас хаяа даа жишдэг билээ. Зарим үед сэтгэлд хүрэхгүй байх нь ч элбэг. Гэхдээ хүний олон дотор байдаг л байлгүй дээ, хэмээн бодох үе ч бий. Нэгэн удаа би, цэцэрлэгийн ахлах бүлэгт байхдаа гэдэс эвгүйрхээд жорлон орж чадалгүй өмдөндөө “туучихсан” юм. Тэр үед хэрэндээ ухаан сууж байсан үе байсан тул ангийнхнаасаа ичээд таг нуучихаж билээ. Гэтэл үнэр танар гэж авах юм байхгүй, яаж олигтой юм болоо аж. Ангиар л нэг юм болсон санагдана. Миний ч ичих мэдрэмж ажиллаж, ичсэн хүн бусдыг алахаас ч наахнуур юм болсон хэрэг. Харин Нараа багш мэдчихээд яг л ээж шиг минь шоолсон бүх л хүүхдүүдээс өмгөөлж, өөрийн гараар цэвэрлэж, угааж арчиж өгч билээ.

Мэдээж надад ганц бус бүхий л хүүхдэд тийнхүү ханддаг байсан юм. Яаж ч сахилгагүйтсэн уучилж, яаж ч дэггүйтсэн өмгөөлж, яаж ч заваарсан цэвэрлэж өгдөгсөн. Мөн намайг цэцэрлэгт байхад аав, ээж хоёр минь ажил ихтэй бараг л авдаггүй байлаа. Харанхуй, бүрэнхий болсон хойно хүртэл цэцэрлэгийн хэдэн тоглоомоор тоглоод хамгийн сүүлд үлддэг нь би байв. Нэг нүднийхээ булангаар аав, ээжээ даган яваа хүүхдүүдийг хараад атаархаж, нөгөө нүднийхээ булангаар багшийгаа хараад явчих вий хэмээн хардан суудаг байж билээ. Заримдаа багшдаа эрхэлж, уйлж унжиж байгаад тэврүүлээд мөрөн дээр нь унтаад өгнө. Ийм л өөрт оногдсон ажлаа чинь сэтгэлээсээ хийдэг, тэвэрдэг багшийн гар дээр өссөн болохоор багш нарын талаар дандаа сайхнаар бодож явдаг хүн билээ, би.

 

Царайлаг багш

Удалгүй өдөр унтахаас залхаж, цүнх үүрч сургуульд орохын хүслэн болсон насандаа нэгдүгээр ангид орсон юм. Харин тэвэрдэг багшаас минь өртөөлж авсан багш бол Рэнцэнханд хэмээх намхавтар биетэй, түүндээ таарсан мах, шөлтэй, жигтэйхэн царайлаг багш байлаа. Тэр үедээ үг хэл хурц, тухайн үедээ нэлээд ч ширүүн багш байсан шиг санагддаг. Гэтэл харин ширүүндээ биш, бидний хэдэн хөвгүүд ширүүн байсандаа тэгдэг байсан хэрэг. Одоо хожим хойно бидний хэдэн ширүүн нөхдийг зөөллөх гэж ширүүлдэг байсан санагддаг. Мөн өнөөх л тэврүүлээд сурчихсан хүүхэд түүнийгээ үгүйлээд байсан хэрэг биз. Ямар сайндаа л эцэг, эхийн хурал дээр “энэ нөхөр хашаа дамжиж явсан тул пионер болгохгүй” гэж хэлээд түүнээс нь болж нэг оройжингоо би уйлсан юмдаг. Гэтэл харин ээж минь “Багш нь, битгий хэлээрэй гэсэн юм.

Пионер болгоно гэсэн” хэмээн нууцыг задалж байж дуугүй болж байлаа. Рэнцэнханд багшийн ангид орсон хүүхдүүд онц голдуу сурна. Ангиараа сургуульдаа манлайлна. Урлагийн үзлэг, олимпиадад байнга дээгүүр байр эзэлнэ. Хожим манай суманд математикийн гүнзгийрүүлсэн анги бий болж, хоёр сургуулийн өчнөөн бүлгээс шалгалтаар хүүхдүүд авахад манай ангийнхан гол цөмийг нь бүрдүүлсэн юм. Өнөөх анги нь сүүлд гүнзгийрүүлсэн сургууль болж өргөжиж, эдүгээ ч улсын сургуулиудаас эхний 10 байрнаас буудаггүй  сайн сургууль болсон.

Харин тэр сургуулийн анхны төгсөлтийнхөн манай ангийнхан болсон билээ. Мөн бүхий л хүүхдүүд нь улсын олимпиадуудад манлайлдаг байлаа. Тийм л хүүхдүүдийг Рэнцэнханд багш бэлддэг байсан хэрэг. Намхан биендээ баймгүй, чанга зарчимтай зантай хэр нь охидод зөөлөн, хөвгүүдэд хатуу хандана. Ангийн хөвгүүдийн ганц айдаг, эмээдэг хүн нь багш. Тэгсэн хэрнээ бахархдаг, үлгэр дуурайлал авдаг хүн тэр жаахан бүсгүй байлаа. Би хүртэл шилжилтийн насандаа яг багш шигээ бүсгүйтэй сууна гэж төсөөллийнхөө орон зайд мөрөөдсөн нь олон. Тийм л царайлаг багш байсан юм.

 

Лам багш

Ангидаа сайн сурдаг хүүхдүүдийн тоонд ордог байсан хэдий ч би ангийнхаа хүүхдүүдийн адил гүнзгийрүүлсэн ангид орж чадаагүй юм. Учир нь манай ангийнхан гүнзгийрүүлсэн ангид ордгийн урьд жил миний бие сүмд шавилан суусан хэрэг л дээ. Ингээд миний хувьд багш гэдэг ойлголт эрс өөр болов. Анх шавь орсон өвгөн ламаас эхлээд төвд үсэг заалгасан багш, орчуулга, чого чаглэн, дүйра, дүмта, зэрэг элдэв зүйл бурханы ном заалгасан язгуурын болон үндэсний олон олон багш нартай болсон билээ. Анхлан сүмд шавилан суухад дандаа хөвгүүдтэй хамт суралцана. Мөн нэг насныхан биш ондоо, ондоо насны хөвгүүдтэй нөхөрлөнө. Ангийн гэхээсээ илүүтэй, нэг жил лам болсноороо нэг зиндаанд хамаарна. Дандаа хөвгүүд, тэгээд ч насны зөрүүтэй учраас ах нарын чанга гарын дор хүмүүжнэ.

Дээрээс нь шилжилтийн насны хөвгүүд нийлээд  нэлээд дүрсгүйтэх тул багш нарын хулсан үзэг, бэрээний амтнаас мөн мултрахгүй. Магадгүй ерөнхий боловсролын сургуульд ийм хүмүүжлийн арга ноёлсон бол шүүх, цагдаа болох байсан биз. Харин шашны сүм, хийдүүдийн сургалтад энэ бол энгийн л үзэгдэл байдаг байлаа. Гэхдээ би энд муу талаас нь ярьж байгаа юм биш шүү. Харин ч хайр нь дотроо хал нь гаднаа багш нараас жавтий хүртэж өссөн учраас номыг нь сураагүй ч номхоныг нь бага ч атугай сурсан хэмээн өнөөдөр сүслэн боддог билээ. Манай хийдийн хамба багш (донжэй ладү цана модэ) Б.Намхайжамц гэхэд бидний хэдэн ламхай нарыг номын говотой болгох гэж хэрдээ хичээнэ.

Гэвч хүүхэд л болсон хойно даалгавраа хийхгүй, номоо цээжлэхгүй ирэхийг алийг тэр гэх вэ. Түүнээсээ болж их, бага шийтгүүлсэн нь олон. Хаа ч очиж хэн нь ч тэр биеийн хувьд муудсангүй, ухааны хувьд доройтсонгүй өдийг хүрчээ. Лам нар наанаа хэдийгээр шавь хүүхдүүдэд ширүүлэх боловч цаанаа харин хайраар, амьдралын ухаанаар дүүрэн өсгөнө. Ийнхүү ардчилалтай золгоход хийд оронг нээсэн өвгөн лам нарын хайр, тэдний хойч болсон залуу лам нарын халамж, өөрийн үеийн хурц ухаант хуврагуудын өрсөлдөөн, дүү ламхай нарын өхөөрдөм байдлын дунд хүн болсон билээ. Далай мэт эрдэмтэй олон номын багш их эрдмээс өөрийн оюуны жаахан алгаараа, хумсны толион төдийг хутгаж авсан нь харамсалтай. Гэхдээ үүнийгээ их хувь тавилан, урд хийсэн сайн үйлийн үр хэмээн бас дотроо баясдаг даа.

 

Эрдэмтэн багш

Ламын номыг гавьтай суралгүй их сургуулийн босго алхсан билээ. Хөдөөгийн нэгэн хийдийн горломоос гарч үзээгүй хүүгийн хувьд Монгол Улсын Их сургууль хэмээн босго өндөр, тотго нам сургуульд орж, эрдмийн оргил болсон эрдэмтэн, дээдсээс лекц сонсоно гэдэг бас л их хувь. Монголдоо бүү хэл дэлхийд нэр алдараа дуурсгасан Монгол Улсын гавьяат багш, академич С.Норовсамбуу, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэн  шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор Г.Лхагвасүрэн, Шинжлэх ухааны доктор, профессор Н.Хавх, доктор, профессор Л.Хүрэлбаатар, доктор, профессор М.Гантуяа, доктор, дэд профессор Т.Булган, багш доктор, профессор С.Цэдэндамба, доктор, профессор О.Чимэг, Д.Энхтөр тэдний залгамж болсон доктор, профессор С.Янжинсүрэн, Х.Бираасүрэн гээд тэнхимийнхээ багш нарыг тоочоод байвал бахархмаар сайхан.

Та бүхний эрдмийн зэргийг биш нэрийг чинь дуурсахад хүртэл сүрдмээр аж. Харамсалтай нь энэ олон мэргэдийн их эрдмийн сангаас нь хүртэж авсан нь өчүүхэн билээ. Ийнхүү тэвэрдэг багшаас эхлээд, эрдэмтэн багш нарынхаа хайранд хүн болж, эрдмийн гэгээнд нь боловсорч, өсөж өндийсөн билээ. Хайр энэрлийн гуусан болсон багш нарынхаа өлмийн лянхад мөргөе. Та бүхний минь бие эрүүл, ухаан саруул, сэтгэл тунгалаг, хэл яруу өнөд орших болтугай.